Хүрэлбаатар.Ч 2018.06.14 | Vip76.mn

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Өнөөдөр /2018.06.14/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Хувь хүний орлогын албан татварын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцэж байна. 

Хуулийн төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа.

Уг хуулийн төсөлд татварын хялбаршуулсан тогтолцоог нэвтрүүлэхээр тусгажээ. Одоогийн мөрдөж буй хуулиар аж ахуйн бүх төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг хувь хүн албан татвараа нэг тайлангийн маягтаар, ижил хугацаанд тайлагнаж, төлдөг байна. Иймд хувиараа бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг хувь хүнийг дэмжих, тэдний татвар төлөхтэй холбоотой зардлыг бууруулах, тайлагнах ажиллагааг хялбарчлах зорилгоор хялбаршуулсан татварын тайлагнал, төлөлтийн заалтуудыг төсөлд тусгажээ.

Үүний дагуу 50 сая төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой хувь хүн өөрөө хүсвэл нийт татвар ногдох орлогын 1 хувьтай тэнцэх татварыг төлж, жилд нэг удаа тайлагнаж болохоор зааж буй юм байна.

Мөн бичил худалдаа, ажил, үйлчилгээний орлого олж байгаа хувь хүний татварын харилцааг энгийн ойлгомжтой болгож, гадаад улсад төлсөн татварыг төлбөл зохих татвараас хасч тооцох зарчмыг тусгажээ.

Түүнчлэн байнгын оршин суугч албан татвар төлөгчийн тодорхойлолтыг боловсронгуй болгож, татварын хувь хэмжээ хоорондоо уялдаагүй байсныг уялдуулж, хуулийн хэрэгжилтийг үр ашигтай болгох зохицуулалтуудыг тусгасан байна.

Хуулийн төслийг ТБХ-гоор хэлэлцсэн санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн О.Батнасан танилцууллаа.

Тус байнгын хороо 2018 оны 06 сарын 12-нд хуралдаж, хуулийн төслийг хэлэлцээд, 81.8 хувь нь хэлэлцэхийг дэмжсэн учир Байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсон байна.