2018.06.14

Ж.Мөнхбат: ЖДҮ-ийг дэмжиж байгаа гэсэн нэрийн дор гадны хөрөнгө оруулалттай компаниудыг татварын бодлогоор дэмжиж байгаа хууль байна

Өнөөдөр /2018.06.14/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Хувь хүний орлогын албан татварын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат асуулт асуулаа.

Ж.Мөнхбат: Татварын ерөнхий хууль дээр хоёр дахь санал хураахад та босч хүмүүсийн кнопын дарсны хүчинд ганцхан хүний саналаар санал дэмжигдсэн.

Энэ бол Засгийн газрын санал гэхээсээ илүү Сангийн яамнаас оруулж ирж байгаа төсөл.

Гишүүдэд энэ хэмжээний шаардлага тавих нь зөв гэдгийг та хэр их ухамсарлаж байна?

Цаашдаа эдгээр хуулиуд дээр шаардлага, стандарт, хэм хэмжээг сайжруулж оруулж ирж чадах уу? Үндсэн хуультай зөрчилдсөн 10 гаруй заалтуудаа засах арга хэмжээг ажлын хэсгийн зүгээс санаачилга гаргаж батлуулах боломж байгаа юу?

ЖДҮ-ийг дэмжиж байгаа гэсэн нэрийн дор гадны хөрөнгө оруулалттай компаниудыг татварын бодлогоор дэмжиж байгаа хууль. Үүнийгээ засч чадах уу?

Татварын хууль хэлэлцэж байхад гадаа Татварын ерөнхий газрын дарга явж харагдсан. Яагаад энэ хуралд суухгүй байгаа юм бэ? Дэд дарга нь суугаад байх юм.

Ч.Хүрэлбаатар: Үндсэн хууль зөрчсөн гэдэг асуудал байхгүй. Хуулийг өргөн барихдаа хуулийн үзэл баримтлалыг батлахдаа хуульд нийцсэн эсэхийг Засгийн газар дотроо холбогдох яамдууд үзэж байгаад оруулдаг. Татварын хуулиудыг Хууль зүйн яаман дээр олон талаас нь нухацтай харсан. 

Энэ бүх хууль дээр улс орон даяар хэлэлцүүлэг хийсэн. Ард түмэн, хувийн аж ахуйн нэгжүүд, бизнес эрхлэгчид дэмжиж байгаа. Дэмжлэгийг авч байгаа учраас оруулж ирж байна. УИХ татварын реформыг дэмжиж, 3, 4 жил хүнд явсан аж ахуйн хэгж, бизнес эрхлэгч нарыг дэмжинэ гэдэгт итгэж байна. Бид бүгд сонгуульд оролцсон.Амлалтанд дурдсан бүх зүйлсийг энэ хуулинд тусгасан. Амлалтаасаа буцах шаардлагагүй гэж бодож байна.