Мөнх-Оргил.Ц 2018.06.15 | Vip76.mn

Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

Өнөөдөр /2018.06.15/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн ХЗБХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил танилцуулав.

Ажлын хэсэг хуралдаад төслийг дараах байдлаар анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн байна. Улсын бүртгэлийн байгууллагатай гэрээ байгуулсны үндсэн дээр улсын бүртгэлийн мэдээллийн сангаас мэдээлэл авах, нийлүүлэх эрх бүхий этгээдэийн жагсаалтаас банк болон үл хөдлөх эд хөрөнгийн зуучлалын үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдийн хасаж, нотриатчдыг үлдээх, үүнтэй холбогдуулан төслийн нэр томъёо, холбогдох зохицуулалтыг өөрчлөхөөр тусгасан байна.

Мөн төслийн зохицуулалтыг Иргэний хуульд нийцүүлэх үүднээс үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх, улсын бүртгэлд бүртгэснээр үүсэхээр өөрчилж, улсын бүртгэлийн байгууллагаас өмчлөх эрхийг бүртгэснийг нотлох гэрчилгээг өмчлөгчид олгох, мөн гэрчилгээг дахин олгохтой холбоотой зохицуулалтыг нэмэх нь зүйтэй хэмээн үзжээ.

Газар эзэмших, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэх асуудлыг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн төсөлд заасан дундын мэдээллийн санг ашиглан, иргэнд аль болох хүнд суртал, чиргэдэл үүсгэхгүй байх үүднээс төслийн 28 дугаар зүйлийг өөрчлөн найруулсан байна. Эрхийн улсын бүртгэлд холбогдох өөрчлөлтийг улсын бүртгэлийн байгууллагын даргын шийдвэрээр оруулахаар тусгасан байсныг улсын байцаагчийн шийдвэрээр өөрчлөх нь зүйтэй хэмээн үзсэн гэв. Төсөлд туссан зарим нэр томъёо ижил утгыг агуулж байгаа хэдий ч өөр өөрөөр бичигдсэнийг агуулгад нь тохируулж жигдлэх, хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль дахь зохицуулалтыг давхардуулан тусгасныг хасах, эрхийн улсын бүртгэлд тусгах үнийн талаарх зохицуулалтыг нарийвчилж, тодорхой болгох, хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлагын заалтыг нэмэх зэрэг асуудлыг тусган зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудыг нэгтгэн танилцуулж байгааг ажлын хэсгийн ахлагч танилцуулав. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн М.Билэгт, Ж.Ганбаатар нар үг хэлсний дараа зарчмын зөрүүтэй саналын томъёолол тус бүрээр санал хураалт явуулж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр ХЗБХ руу шилжүүллээ.