Ж.Мөнхбат 2018.06.15 | Vip76.mn

Ж.Мөнхбат: "Гуя дагаж хүзүү" гэдэг шиг хууль болчих гээд байна

Өчигдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар ААН-ын орлогын албан татварын тухай шинэчлэсэн найруулгын төслийг хэлэлцлээ. Тус хууль нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн Татварын багц хуулийн шинэчлэлийг дагаж оруулж ирж байгаа нэг хууль юм. 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын нилээдгүй гишүүдээс энэ хууль гадны тэр дундаа Оюутолгойд зориулсан хуулийн төсөл байна хэмээн шүүмжлэлтэй хандаж байгаа юм. 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар бусдын өмнөөс кноп дараад нэг саналаар дэмжүүлчихлээ шүү дээ. Гишүүдийн бухимдаад байгаа аргагүй, энэ чинь Дубай2 -той тэнцэхээр хэмжээний асуудал. Гуя дагаж хүзүү гэдгийн адил Ч.Хүрэлбаатар гишүүн жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжинэ гэсэн нэрийдлээр үндэстэн дамнасан компаниудын эрх ашгийг хөндсөн юм хийгээд байна.

Энэ хуульд сайн зүйлүүд байгаа, бүгд муу биш. Гэхдээ 2,3 хэцүү, хүндрэлтэй заалт байна. Миний түрүүн хэлсэнчлэн Эзэнт Монгол гүрний Чингис, Өгөөдэй, Мөнх, Хубилай, Бат хаадын үед төрийн бодлогын хамгийн чухал хэсэг нь татвар, цэрэг армийн бодлого байсан.  Гэтэл татварын тухай хуулийг хар, ердөө нэг хүний саналаар л хэрэгжиж байна. Ч.Хүрэлбаатар гишүүн хүмүүсийн өмнөөс гүйж байж саналыг  босгож авч байна.

Ийм чухал асуудал дээр гишүүдийнхээ саналыг сонсоод, асууж байгаа асуултыг нь анхаарч сонсох хэрэгтэй байна. Асуулт асуухаар нь өөдөөс нь “Ийм тийм” гээд загначих юм. Яг үнэндээ бол энэ чинь тухайн салбарын сайдых нь хувь хүнийх нь харилцаатай холбоотой байгаа юм. Энэ Их хурал чинь тоглоом биш. Нэг нь горимын санал гаргалаа, дарлаа, ахиад горимын санал гаргалаа, дарлаа гэсээр байгаад одоо 4 дэхь удаагаа горимын санал гарч байна. Ганц хүний саналаар л нааш цаашаа болоод.

Ч.Хүрэлбаатар сайд та 3,4 удаа парламентын хуралд суусан 3 удаа сайдаар ажиллаж байгаа туршлагатай хүн.  Цаашдаа ийм асуудал гаргахаа болих хэрэгтэй.

Тэгээд үнэнийг нь хэлсэн журмын нөхдүүд нь ад болдог, хэвлэлээр янз бүрээр гөвүүлдэг. Ийм л байдал сүүлийн хэдэн сар үргэлжилж байна. Энэ бол үнэхээр төвөгтэй асуудал. Үүнийг цаашдаа сангийн яамныхан анхаарах хэрэгтэй. Татварын хууль хэлэлцэж байгаа мөртлөө татварын даргыг нь оруулж ирдэггүй. Тэгсэн мөртлөө дэд дарга нь орж ирээд суугаад байдаг. Ийм л сонин байдал үүсчихээд байна. Энэ чинь ямар хувийн байгууллага юм уу? Төрийн яам юмуу? Цаашдаа бодох хэрэгтэй.