Гантулга.Д 2018.06.15 | Монголын үнэн

Д.Гантулга: Залуу үеийг эсэргүүцдэг бүлэглэл байдаг юм байна

Д.Гантулга: Залуу үеийг эсэргүүцдэг бүлэглэл байдаг юм байна

УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Д.Гантулгыг чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцлээ. Түүний хувьд өнгөрсөн даваа гарагт гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад өргөн барьснаар өчигдөр

/уржигдар/ Төрийн байгуулалтын байнгын хорооноос хүсэлтийг нь дэмжсэн шийдвэр гаргасан юм. Ингэснээр өчигдрийн чуулганы хуралдаанаар эцэслэлээ.

Энэ тухай тэмдэглэлийг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан танилцуулснаар нууц санал хураалт явуулсан бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувийн саналаар Д.Гантулгыг УИХ-ын гишүүнээс чөлөөллөө. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан хоёр гишүүн асуултдаа хариулт авсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Д.Гантулга гэх залуугаар далимдуулж эрх баригч нам залуучуудын улс төрийн оролцоог хумиж, хүний эрхийг зөрчих гэж байна. Энэ залуу алдсан байж болно.

Д.Гантулгын алдаанд дөрөөлж Үндсэн хуульд “30-аас дээш насны хүн УИХ-д сонгогдоно” гэсэн өөрчлөлт оруулах гэж буйг эсэргүүцэж байна. Залуусын улс төр дэх оролцоог битгий боогдуул” гэхэд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Олон нийтийн хэлэлцүүлгээр УИХ-д сонгогдох гишүүний насыг 30-аас дээш болгох ёстой” гэсэн санал гарсан. Энэ саналд УИХ-аас дүн, шинжилгээ хийж байна.

Нийт иргэдээс гарч буй саналын давтамж өндөр байсан. Тэр бүү хэл 35, 40 настай байх ёстой гэсэн зүйлийг ч ярьсан. “Биеэ засаад гэрээ зас гэрээ засаад төрөө зас” гэдэг зарчмыг олон нийт хэлж, түүнийг нь ажлын хэсэг дээр ярьсан. Залуусынхаа улс төр дэх эрхийг хааж, боосон зүйлгүй. Энэ асуудлыг бүхий л шатандаа ярьж байж шийднэ. Бид гадаад, дотоодын харьцуулсан судалгаа болон нийгмийн амьдрал дахь нөхцөл байдлыг судлах болно. Гэхдээ заавал 30 настай байна гэж эцэслэн шийдээгүй.

Ажлын хэсгийн төвшинд судалж байна" гэсэн юм. Үүний дараагаар санал хураалт явуулсан бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн 83.3 хувь нь түүнийг чөлөөлөхийг дэмжсэнээр тэрбээр ийнхүү жирийн иргэн боллоо. Санал хураалт дууссаны дараа тэрбээр төрийн далбаанд мэхийн ёсолж, УИХ-ын дарга М.Энхболдтой гар барьснаар чуулганы танхимын орхин гарсан юм. Ингээд түүнийг Төрийн ордноос гарах үед нь зарим асуултад хариулт авлаа.
-УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдлөө.Танд энэ тухайд ярих зүйл байгаа болов уу?

-Миний бие Төрийн ордонд мэдээлэл өгөх эрхгүй болсон гэдгийг та бүхэн мэдэж байгаа байх. Бүрэн эрх маань албан ёсоор өөрийн хүсэлтээр цуцлагдаж байна. Тиймээс УИХ-ын нөхөн сонгуулийн процесс эхэлж таарна. Би өөрийгөө Монголын улс төрд нийгмийн шинэ захиалга байсан гэж боддог. Залуу хүнийг, шинэчлэл өөрчлөлтийг хүссэн сонголтын нэг илэрхийлэл нь Д.Гантулга 2016 оны сонгуульд 28 настай УИХ-ын гишүүн болсон явдал.

Энэ бол Монголын улс төрийн шинэ амьдрал, шинэ дүр зураг болсон. Монголын парламентад энэ сонгуулийн дүнд 41 шинэ хүнээр бүл нэмсэн. Харамсалтай нь үүнийг эсэргүүцдэг, олон жил бугшсан, нийгмийн бүхэл бүтэн давхарга, зохион байгуулалттай бүлэг, бүлэглэл байдаг юм байна. Үүний эсрэг идэвхтэй ажилласан залуучуудын нэг нь байхыг хувьдаа их хичээсэн гэдгийг хэлье.

Мэдээж энэ хугацаанд гарсан хэл амтай холбоотойгоор УИХ-ын гишүүнээс түдгэлзэх юмуу чөлөөлөгдөх хүсэлт гаргах сонголт надад байсан. Би хувьдаа түдгэлзэхийн эсрэг байсан. Хэрвээ ингэвэл намайг сонгосон төлөөлөгчдөөс илүүтэй парламентын төлөөллийн зарчим алдагдана. Шүүх, хуулийн байгууллагын цаг хугацаа ч маш их орно. Энэ хооронд ямар нэгэн нөхөн сонгуульгүйгээр, төлөөлөлгүйгээр УИХ үйл ажиллагааг явуулж болохгүй гэж үзсэн.

Ийм учраас чөлөөлөгдөх хүсэлтээ удаа дараа өгч байсан. Харамсалтай нь хүсэлтийг маань хангах боломжтой эсэх тухайд гацсаар багагүй цаг хугацаа алдсан. Ингээд аргагүйн эрхэнд түдгэлзэх саналаа өнгерсөн дөрөвдүгээр сарын 5-нд буюу хаврын чуулган эхлэхэд танилцуулсан ч хүсэлтийг маань хэлэлцэх хууль эрх зүйн орчин байгаагүй. Тиймээс өнгөрсөн сарын 5-нд шинэ хууль эрх зүйн орчин бүрдсэн. Ингээд өнгөрсөн долоо хоногт парламентын бүлэг шийдвэрээ гаргасан.

-МАН-ын бүлэг таныг авч үлдэх шийдвэр гаргасныг зохион байгуулалттай, хайрцагласан шийдвэр байсан гэж олон нийт харсан л даа?

-Энэ шийдвэрийг би хувьдаа ямар нэг гишүүдийн тэр дундаа Ардын намын бүлэг, фракцын шийдвэр гэж харахгүй байгаа. УИХ-ын гишүүдийн болон парламентын дархлаа гэж ойлгосон. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүний бүрэн эрхээс илүүтэй гэм буруутай эсэхийг хууль шүүхийн байгууллагаас тогтоогоогүй байхад асуудлыг ярих нь зохисгүй юм гэсэн хувь хүмүүсийн итгэл үнэмшил байсан гэж бодож байгаа.

Ийм шийдвэр гарсны дараа буюу шинэ долоо хоног эхлэхэд асуудал дахиад үргэлжилсэн. Энэ байдал цаашдаа үргэлжлэхийг би үнэхээр хүсээгүй учраас чөлөөлөгдөх хүсэлтээ өгснөөр УИХ хүсэлтийг маань хангалаа. Одоо жирийн иргэний хувьд асуудлаа шийдүүлнэ. Сонгогдчоосоо хүлцэл өчиж байна.

-Хууль хяналтын байгууллагаас таны асуудлыг эцэслээд нэг шийдвэр гаргаж таарна.Түүний дараагаар ямар алхам хийх вэ. Улс төрд эргэж ирэх үү?

-Улс төрөөс явах, эргэж ирэх эсэх тухай асуудлыг зөвхөн УИХ-ын гишүүн байхаар хэмжигдэж, дуусдаг гэж ойлгодоггүй. Тийм учраас нийгэмд байгаа, бодож санаж хийж бүтээхийг зорьж байсан зүйлсээ үргэлжлүүлэх болно.

-УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлт гаргахад ямар нэг дарамт шахалт байв уу?

-Энэ бол миний хувь хүний итгэл үнэмшлээр гаргасан шийдвэр байсан.

-УИХ-ын гишүүнээр ажиллах хугацаандаа хэр их ажил амжуулсан бэ. Зорьсон ажлуудаа хийж чадсан уу?

-Анх УИХ-ын гишүүн болохдоо 2-3 зүйлийг бодож байсан. Үүний нэг нь УИХ-ын гишүүн гэдэг парламентад зөвхөн тойрог төлөөлдөг, тойргийн иргэдийн үзэл бодлыг ярьж явах нь хангалтгүй юм гэдэгт хатуу байр суурьтай ханддаг. Нөхцөл байдал харамсалтай нь яг ийм зарчмаар өрнөдөг учраас өнөөдөр парламент дээр улс орны хэмжээний том бодлогууд гацдаг.

Гэсэн атлаа тойргийн хэмжээний жижиг төслүүдийг ихэвчлэн шийдэж байна. Үүний тулд гишүүд нь бүлэг, фракцаар хуваагддаг байдал байсаар байна.Тийм учраас зөвхөн тойргийн биш парламентын гишүүний хувиар асуудлыг том зургаар нь хардаг байхыг хичээдэг. Үүнийхээ дагуу өнгөрсөн жил 21 аймгаа тойрч ажилласан. Төрийн албаны хууль болон залуучуудын хөгжлийн зэрэг олон зүйлд гар, бие оролцож ажиллалаа.

Эдгээрээс онцолбол, Монгол Улс 26 жилийн дараа залуучуудын төрийн агентлагтай болсон. Үүнд миний санал санаачилга байсан. Засгийн газраас дэмжсэнд хувиасаа талархаж явдаг. Үүний улбаа нь залуучууд хуультай болох талаар ярьж эхэлсэн. Энэ бол залуу гишүүний хувьд хийсэн хамгийн гол алхмын нэг байлаа. Бусад нь хамтын шийдвэр байсан.

М.Өнөржаргал