2018.06.15

Н.Амарзаяа: Тавантолгой 1072 хувьцааг амилуулах талд ямар ажил хийх вэ?

Өнөөдөр /2018.06.15/ УИХ-ын нэгдсэн чуулганаар “Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Амарзаяа энэ хувьчлалуудыг яагаад заавал хийх хэрэгтэй байгааг тодруулсан юм.

Төрийн өмчийг хувьчлах үндсэн чиглэлийг бодлогын хэмжээнд батлах нь зүйтэй. Аливаа зүйлд бодлого байх хэрэгтэй. Үндсэн чиглэлийнхээ асуудлыг баталчхаад дараагаар нь байгууллагуудынхаа бодлого, хэрхэн яаж хувьчлах вэ гэдэг асуудлаа систем системээр авч хэлэлцэх гэсэн гишүүдийн саналтай санал нэг байна.

Энэ объектууд дотор би нэг байгууллага дээр төвлөрч ярихыг хүслээ.

Арилжааны төлбөр тооцоо үнэт цаасны компани хувьд өнгөрсөн хугацаанд үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв гэж байсан. Энэ төвлөрсөн хадгаламжийн төвийн үйл ажиллагаагаар дамжуулаад анх өмч хувьчилж байх үед иргэдийн гар дээр байсан хувьцааг луйвардаж авах, брокерын пүүсээр далимдуулаад иргэний зөвшөөрөлгүйгээр авдаг ийм маргаан асар их байгаа, одоо ч иргэдийн дунд байгаа. Хөрөнгийн хувьчлалын асуудалтай холбоотой иргэдийн дунд бий болсон өнгөрсөн хугацааны гашуун туршлага дээр тулгуурлаад гишүүд саналаа хэлж байна гэдгийг бүгдээрээ анхаарч ойлгоорой.  

Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв нь 2016 оны 4 сард 2 хэсэгт хуваагдсан. Нэг нь 100 хувь төрийн өмчийн эзэмшилд байгаа. Уг тохиолдолд нэмэлтээр хийх зүйлс бий. Үүнд төлбөр тооцооны системийн шинэчлэлийн асуудал, програм хангамжийн асуудал, мэдээллийн аюулгүй байдлын асуудал, эрсдэлийн удирдлагын механизм гэх мэт.  Эдгээр зүйлсээ хийсэн үү? Хийсэн бол ямар үр дүнд хүрсэн бэ? Гэдэг асуултыг асууя.

Хоёрдугаарт: Одоо бид Эрдэнэс таван толгой 1072 хувьцааны асуудлыг ярьж байгаа. Хөрөнгийн биржээр дамжуулаад иргэдийг хувьцаагаа бүртгүүлээрэй гэсэн мэдээллүүд явж байгаа, энэ асуудал Монгол улсын 3 сая иргэнд тэгш хүртээмжтэй хүрч чадаж байна уу?  Тэгээд энэ асуудлаас болоод арилжааны төлбөр тооцоо үнэт цаасны компанийг өмчилсөнтэй холбоотой, төрийн мэдлээс хамааралгүй болгосонтой холбоотойгоор аливаа нэг маргаан эрсдэл дагуулах юм биш байгаа?

Гуравдугаарт Эрдэнэс таван толгой 1072 хувьцааг амилуулах асуудлаар төрийн өмчийн хувьчлалтай холбоотой бодлого чиглэл ямар хэмжээнд тусаж, хэрэгжих төвшинд явж байгаа вэ? гэдэг асуултуудыг асууя.

Ажлын хэсгийн хариулт

Н.Амарзаяа гишүүний асуултад хариулъя. Арилжааны төлбөр тооцооны төв, үнэт цаас хадгаламжийн төв, хөрөнгийн бирж гурвыг 2015, 2016 онуудад гурав салгасан байдаг.

Арилжааны төлбөр тооцооны төв, хөрөнгийн бирж хоёрыг бол урьдаар хувьчлах ёстой. Мэргэжлийн хүмүүс нь ярихдаа арилжааны төлбөр тооцооны төвийг бол хувьчлах ёстой улмаар хөрөнгө оруулалт хийгээд явах ёстой. Хөндлөнгийн хяналт тавих ёстой байгууллага нь хөрөнгийн бирж-ийн удирдлагад байж болохгүй гэсэн тайлбарыг хийж байгаа юм. Ийм учраас салгасан байгаа.

Сангийн яамны зүгээс хөрөнгийн бирж,  арилжааны төлбөр тооцоо үнэт цаасны компанийг нэгтгэсний үндсэн дээр хувьчилъя гэсэн санал өгсөн байгаа. Тэгэхээр арилжааны төлбөр тооцоо гэдэг бол явагдаж байгаа үйл явцыг өрнүүлдэг гол дэд бүтэц. Хөрөнгийн бирж дээр нэлээд том систем ашигладаг үүн дээр төсвөөс 21,7 тэрбум төгрөг сүүлийн 7 жил зарцуулсан. Цаашдаа арилжааны төлбөр тооцоо, хөрөнгийн биржийг хувьчлах замаар уг том системийг үр ашигтай ашиглах нөхцөл шаардлага байгаа юм.

Иргэдийн үнэт цаас эзэмших данс тооцоо нь үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв дээр явдаг. Хувьчлах үндсэн чиглэлд тэрийг оруулж ирээгүй. Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв дээр иргэдийн данс, бүх хувьцааны бүртгэл байдаг учраас үүнийг хувьчлая гэсэн бодол байхгүй байгаа. Мэдээлэлгүйгээс аваагүй байгаа хуримтлагдсан ногдол ашиг, хувьцаа зэрэг нь тэндээ байгаа учраас энэ удаад уг төвлөрсөн хадгаламжийн төвийг хувьчлах чиглэлд оруулаагүй юм.

Н.Амарзаяа тодруулан дахин асуув:

Хариултаа бүрэн дүүрэн авч чадахгүй байна. Яагаад 2016 оны 4 сард компаниа үнэт цааснаас нь салгачхаад одоо хувийн мэдэлд 100 хувь өмчилбөл бид ийм, ийм давуу үр дагаврыг бий болгоно гэж биччихээд,  үүнийхээ өнгөрсөн 2 жилийн дотор яагаад хийж чадаагүй юм бэ гээд тодорхой асуултуудыг асуугаад байх юм. Хариултаа бүрэн авч чадсангүй. Цаашид анхаараарай.