Г.Занданшатар 2018.06.18 | УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба

Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулна

Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулна

Монгол Улсын Засгийн газраас санаачилсан хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр /2018.06.15/ Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барилаа. 

Улсын Их Хурлаас 2015 онд Захиргааны ерөнхий хуулийг баталж, 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн бөгөөд тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 3.1.7 дахь заалтад зааснаар Үндсэн хуулийн цэцэд хамаарах эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа болон улс төрийн шийдвэр гаргах ажиллагаа нь хуулийн үйлчлэх хүрээнд хамаарахгүй гэж заасан байдаг.
Гэтэл тус хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалтыг үндэслэн Засгийн газраас гаргасан зарим шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэж, түдгэлзүүлэх, хүчингүй болгож байгаа нь Монгол Улсын Үндсэн хуультай зөрчилдөж байгаа юм байна. 
Тиймээс хуульд үүссэн  ойлгомжгүй, хоёрдмол утгатай байдлыг засаж, хуулийг нэг мөр ойлгох боломжийг бүрдүүлэх зорилгоор  хуулийн төслийг боловсрууллаа гэж төслийн танилцуулгад дурджээ.