Налайх дүүргийн өрхийн эмнэлгүүдэд даралтны аппарат бэлэглэлээ
2018.06.18

Налайх дүүргийн өрхийн эмнэлгүүдэд даралтны аппарат бэлэглэлээ

НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Швейцарь улсын “Новартис сан,  ”Оном сан“ хамтарч  Эрүүл зүрх-Эрүүл Улаанбаатар” төслийн хүрээнд Налайх,  Бага-Хангай дүүргийн бүх өрхийн эмнэлэгт  8 багц цусны даралт хэмжих  аппарат гардууллаа.

НИТХ-ын дарга С.Амарсайхан: " Налайх дүүрэгт эрүүл мэндийн салбарт тулгамдсан, ээдрээтэй олон асуудал бий. Гэхдээ бид олон асуудлыг газар дээр нь шийдэж байгаа. Өнгөрсөн жил бид маш олон ажил амжуулсан. Түүний нэг нь иж бүрэн 50 ортой хүүхдийн эмнэлэгтэй болсон явдал. Энэ мэтчилэн ажлууд үргэлжилсээр байна. Тэр дундаа иргэдэд хамгийн түрүүнд хүрч ажилладаг  өрхийн эмнэлгүүдийн үйл ажиллагааг сайжруулах асуудал бол нэн чухал юм.

Зүрх судасны өвчин бол хорт хавдар эсвэл халдварт өвчин биш учраас урьдчилан сэргийлэх боломжтой. Тиймээс манай эрүүл мэндийн төвүүд энэ өвчинг оношлох цусны даралтын шинэ аппаратуудтай болж байгад баяртай байна. “Эрүүл зүрх-Эрүүл Улаанбаатар” төсөл манай хотод маш үр дүнтэй, эрчимтэй хэрэгжиж буй нь сайшаалтай. Хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө энхийн манаанд зогсож буй та бүхнийхээ ажил, амьдралд  сайн сайхан бүхнийг хүсье” гэлээ.

Дэлхийн 3 хүн тутмын нэг нь зүрх судасны өвчнөөр амь насаа алдаж байна гэсэн судалгаа бий. Манай улсын хувьд зүрх судасны өвчин нь нас баралтын шалтгааны гуравт бичигддэг. Энэ үзүүлэлтийг бууруулах зорилгоор Швейцарь улсын “Новартис сан”-гаас санаачлан "Эрүүл зүрх-Эрүүл хот" төслийг санаачлан гурван тивийн 3 улсад хэрэгжүүлж эхэлжээ. Ази тивээс Улаанбаатар хотыг сонгосон байна. Уг төсөл хэрэгжснээр нийслэлийн иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж, үйлчилгээ, тэр дундаа цусны даралт ихсэлттэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх ажил чанартай, хүртээмжтэй болох юм.

“Майкролайф” брэндийн цусны даралт хэмжих автомат аппарат нь гурван удаагийн хэмжилтийг дараалан хийж дундаж үзүүлэлтийг гаргах боломжтой. Ухаалаг гар утсанд суулгах эрүүл мэндийн аппликейшн, Bluetooth холболт ашиглан мэдээллээ хянах, зүрхний тосгуурын чичиргээг өндөр нарийвчлалтай мэдэрдэг олон давуу талтай аж. Тиймээс ӨЭМТ-үүд цусны даралт ихсэх өвчнийг эрт илрүүлэх, хянах бүрэн боломжтой болж байна.