С.Бямбацогт 2018.06.18 | Монголын үнэн

С.Бямбацогт: Хэлэлцэж буй асуудалтай холбогдолгүй ярьж, цаг бардаг нөхдийг Дэгийн хуулиар зохицуулахаас аргагүй

С.Бямбацогт: Хэлэлцэж буй асуудалтай холбогдолгүй ярьж, цаг бардаг нөхдийг Дэгийн хуулиар зохицуулахаас аргагүй

УИХ-ын дэгийн тухай хуулийг нэгдсэн чуулганаар хэлэлцэж эхлээд байгаа билээ. Уг хуулийн хүрээнд хуралдаа суудаггүй гишүүдийг эгүүлэн татах хүртэлх арга хэмжээ авах, УИХ-ын гишүүн бусдыг гүтгэж, доромжилсон бол хариуцлага хүлээлгэх гэх мэт олон тодорхой заалтыг тусгасан. Харин УИХ-ын гишүүн хэлэлцэж буй асуудалтай холбогдолгүй үг хэлбэл хуралдаан даргалагч нэг удаа сануулах, сануулгыг зөрчвөл тухайн үг хэлэх хугацааг дуусгавар болгох буюу хуралдаанаас гаргах хүртэлх арга хэмжээ авахаар хуулийн төсөлд тусгасан. Харин энэ тухайд УИХ дахь сөрөг хүчний зүгээс нэлээд шүүмжлэлтэй хандаж буй. Учир нь, уг заалт нь УИХ-ын гишүүдийн бүрэн эрхэд халдаж байна гэж үзэж байгаа юм. Энэ тухайд Дэгийн хуулийг санаачлагч С.Бямбацогт байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, тэрбээр “Хэлэлцэж буй асуудалтай холбогдолтой үг хэлж байна уу, эсвэл хаа хамаагүй хадуурч байна уу гэдэг нь эрүүл ухаантай хэнд ч ойлгомжтой мэдэгдэнэ биз дээ. Бөөсний онигоо шиг ямар ч асуудал ярьсан хаа хамаагүй өөр сэдэв рүү хальж ороод хадуурч давхидаг гишүүд бий. Хэлэлцэж байгаа асуудалтай ямар ч холбогдолгүй зүйл ярьж цаг бардаг нөхөд нэгээр тогтохгүй. Тийм үйлдэл гаргаж буй нөхдийг яах вэ гэдгийг Дэгийн хуулиар зохицуулах нь зүйтэй.

Хэрвээ тухайн гишүүн хэлэлцэж буй асуудалтай огт холбогдолгүй асуудлаар үг хэлбэл эхлээд хуралдаан даргалагч нэг удаа сануулна, сануулгыг зөрчвөл үг хэлэх хугацааг дуусгавар болгоно гээд биччихсэн байгаа биз. Эцсийн дүндээ энэ хуулийн төслийг баталснаар УИХ- ын хууль тогтоох үйл ажиллагаа илүү боловсронгуй болно. Хууль тогтоомжийн төсөл хэлэлцүүлэхэд тулгарч байсан асуудлуудыг шийдвэрлэнэ. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмыг бүрэн зохицуулах боломж бүрдэнэ. Цаашлаад Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэхэд тулгарч болзошгүй асуудлыг шийдвэрлэх хууль зүйн эерэг үр дүн гарна гэж үзэж байгаа. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүчин төгөлдөр байдал хадгалагдах, тогтвортой байх, хууль тогтоомжийн чанар сайжрахад сайнаар нөлөөлнө. Хамгийн гол нь гишүүдийн хариуцлага ёс зүйг дээшлүүлэх эрх зүйн шинэ орчин бүрдэнэ. Монгол төрийн нэр хүндэд энэ нь тустай” гэх тайлбарыг өглөө.

М.Өнөрөө