2018.06.18

Мал хулгайлахыг "зөвшөөрсөн" Эрүүгийн хуульд гар хүрэх ёстой

Нийслэлд тэр бүр гардаггүй учраас малын хулгайг үл ойшоох хандлага олон нийтийн дунд бий. Гэтэл орон нутгийнхны амьжиргааны эх үүсвэр болсон малыг хулгайлах нь ахуйн амьдрал төдийгүй сэтгэл зүйд нь хүнд тусдаг. Хотон дээр нь хонийг нь төхөөрч, хурдан удмын азаргыг нь нядлаад зарчихсан тохиолдлууд бий. 

Тоо баримтаар дурдвал өнгөрсөн жил Нийслэлд мал хулгайлах гэмт хэрэг 93 гарсан бол орон нутагт 527 удаа бүртгэгджээ. Харин энэ тоо 2018 он гарсаар хагас жилийн байдлаар 603 болтлоо өссөн байна. Таван хошуу малаас адуу, хонь, үхрийг хамгийн их хулгайлж, зарж, борлуулдаг нь малын хулгайн бүртгэлээс гарж байгаа юм.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Малын хулгайг бууруулахтай хобогдуулаад Эрүүгийн хуулийг чангатгах хэрэгтэй. 2017 оны 12 сард Мал, амьтны эрүүл мэндийн хууль, Генетик нөөцийн тухай хууль батлагдсан. Энэ хуулин дээр малыг мөшгих тогтолцоотой болгох, чипжүүлэх, бүртгэлжүүлэх тогтолцоотой болъё гэж үзсэн. Энэ тохиолдолд малын зорчих хөдөлгөөнийг хянах боломжтой болно. Ирэх 4 жилийн хугацаанд хэрэгжүүлнэ. Эхний ээлжинд бог малыг бүртгэлжүүлэх, ажлыг хийж байна. 

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: Хуучин Эрүүгийн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах замаар 123.1 гэдэг мал хулгайлах гэмт хэрэг анх 2004 онд орж байсан. Одоо мал гэдэгт таван хошуу малыг л оруулж байна. Үндсэн хуулиндаа мал гэдэг бол таван хошуу мал гэдэг агуулгаар ойлгож ирсэн. Бусад гахай, тахиа, шувуу зэрэг нэмэгдээд фермерийн зориулалтаар их хэмжээгээр тэмжээж, таваарлаг шинж чанараар хэрэгцээгээ хангадаг. Тиймээс энэ Эрүүгийн хуулийн тэнцэл өөр хүрээ  рүү явна гэдэг утгаар уламжлалт таван хошуу малаа мал хулгайлах гэмт хэргээр Эрүүгийн хуулинд тусгайлан зохицуулж байна.