Шинэ чиглэлийн төмөр замын төслүүдийг Төрөөс баримтлах бодлогод тусгана
2018.06.19

Шинэ чиглэлийн төмөр замын төслүүдийг Төрөөс баримтлах бодлогод тусгана

УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ мөн Монгол Улсын Засгийн газраас санаачилсан “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын 2010 оны 32 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн барьсан юм. 

 Манай орны эдийн засагт уул уурхайн салбарын оролцоо өндөр боловч экспортын зах зээлд үнийн ба үнийн бус хүчин зүйлсээс шалтгаалан өрсөлдөх чадвар төдийлэн сайн биш байна. Үүний нэг том шалтгаан нь Монгол Улс далайд гарцгүй, дэд бүтэц, тэр дундаа төмөр замын сүлжээ, нэвтрүүлэх чадвар сул байгаагаас үүдэж байгаа юм.
Иймд төмрийн хүдэр, нүүрсний болон бусад эрдэс баялгийн экспортыг дэмжих, төмөр замын дэд бүтцийн сүлжээг өргөтгөх зорилгоор Дорноговь аймгийн Зүүнбаян өртөөнөөс хилийн Ханги боомт хүртэл, Эрдэнэт өртөөнөөс Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Овоотын нүүрсний орд газар, цаашлаад хилийн Арцсуурь боомт хүртэлх шинэ чиглэлийн төмөр замын төслүүдийг “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д тусгахаар Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ.  
Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам баригдсанаар БНХАУ-ын ӨМӨЗО-ны аж үйлдвэрийн төв болох Бугат хот руу нийлүүлэх Монгол Улсын экспортын түүхий эд, бараа бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар, бараа эргэлт, төмрийн хүдэр, зэсийн баяжмалын экспортын нэгжээс олох орлого нэмэгдэж, өртөг зардал буурснаар Монгол Улсын эдийн засагт дорвитой хувь нэмэр оруулах шинэ чиглэлийн төмөр зам болно гэж төслийн танилцуулгад дурдсан байна. 
 Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор Хөвсгөл, Булган, Орхон аймгийн ашигт малтмалын орд газруудын бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэнд оруулах, үр өгөөжийг нь дээшлүүлэх, тухайн бүс нутгийн худалдааны тээврийг хөнгөвчилснөөр Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд томоохон түлхэц болох ажээ.