Ё.Баатарбилэг Х.Амгаланбаатар 2018.06.19 | УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба

Хөдөлмөрийн тухай хуулийн зөвлөлдөх уулзалтад оролцлоо

Хөдөлмөрийн тухай хуулийн зөвлөлдөх уулзалтад оролцлоо

Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг Европын холбоо /GSP+2 төсөл/-ны дэмжлэгээр, ОУХБ-ын 100 жилийн ой угтсан ажлын хүрээнд зохион байгуулагдаж байгаа "Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэл-Хамтын гэрээ, хэлэлцээр-Үйлдвэрчний эвлэлийн эрх" зөвлөлдөх уулзалтанд оролцож үг эхэллээ.

Зөвлөлдөх уулзалтад МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, ОУХБ-ын Үндэсний зохицуулагч П.Болормаа болон Хөдөлмөрийн тухай хуулийн ҮЭ-ийн дотоод ажлын хэсгийн гишүүд, аймаг, нийслэл, салбарын ҮЭ-ийн холбоодын төлөөллүүд оролцов.

Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг хэлсэн үгэндээ:

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо болон Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо нь Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэлийн асуудал дээр идэвхтэй ажиллаж байна. Энэ хүрээнд МҮЭ-ийн холбооны удирдлагуудын санаачилгаар төрийн ордон болон Хэнтий аймаг, Чингэлтэй дүүрэгт хуулийн төслийн хэлэлцүүлэг зохион байгуулж санал зөрүүтэй байгаа асуудлаа ярилцсан. Иймд нэлээд сайн хууль гарах биз ээ. Хөдөлмөрийн тухай хуулийн ажлын хэсэгт салбар бүрт ажиллаж байсан туршлагатай Улсын Их Хурлын гишүүд орсон. Энэ намар хууль батлагдагдчих болов уу. Энэхүү хэлэлцүүлэгтэй холбогдуулан 2 санал дэвшүүлье.

1.Монголын Үйлдвэрчний эвлэлийн эрхийн тухай хуулиа шинэчлэх талаар та бүхэн идэвхи санаачилгатай, шийдэмгий ажиллаарай. МҮЭ-ийн холбооноос өөрийн санал, хувилбарыг хөдөлмөрийн тухай хуулийг дагалдуулан гаргавал цаг хугацааны хувьд зохимжтой байх.

2.Хууль тогтоомж, ажилтан, албан хаагчийн цалин, тэтгэвэр, тэтгэмжтэй болон бусад шаардлагууд хүргүүлэхээсээ өмнө санал хүсэлтээ Улсын төсөв болон Үндсэн чиглэл хэлэлцэгдэж эхлэхээс өмнө ярьж, тооцоо, судалгаатай саналаа тухай бүрт тавьж байх нь зүйтэй талаар үг санал хэллээ.