2018.06.19

Байгалийн гэнэтийн хүчин зүйлийн улмаас Хутаг-Өндөр сумын иргэд санхүүгийн болон сэтгэлзүйн хүндхэн байдалтай байна

Энэ сарын 14-ний өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр суманд 30 минутын турш орсон хүчтэй аадар бороо орсны улмаас зарим газарч үер буусан.

Үерийн улмаас 6 настай хүүхэд осолдож нас барсан бөгөөд 128 өрхийн 397 хүн өртөж, 67 айлын хашаа, 18 гэр, өвлийн сууцны байшин 4, зуны байшин 17 үерт урсаж эвдэрч сүйрсэн харамсалтай хэрэг болсон. Эд хөрөнгийн хохирлын хэмжээ урьдчилсан байдлаар 368,038,500 төгрөг болоод байгааг сумын Засаг дарга П.Итгэлбаяр танилцуулсан.

Одоогийн байдлаар хохиролын хэмжээ 368,038,500 төгрөг болоод байна

 

Байгалийн гэнэтийн хүчин зүйлийн улмаас тус сумын иргэд санхүүгийн болон сэтгэлзүйн хүндхэн байдалтай байгаа юм. Тиймээс УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ нөхцөл байдалтай өөрийн биеэр очиж танилцан, иргэддээ туслах гарц шийдлийг хайсан байна.


Тэрээр тус сумын Засаг дарга, онцгой байдлын албатай уулзаж, алтан үрээ алдсан эцэгтэй уулзаж эмгэнэлээ илэрхийлжээ.

 Нөхцөл байдалтай очиж танилцахад, олон айл орон гэргүй болж, хашаа байшин, зам талбай эвдэрч, үерийн шавар шавхайг цэвэрлэхэд техник, хүн хүчний дутагдалтай байжээ. Бензин тос, ажилаж байгаа хүмүүсийн хоол ундны зардалд мөнгө төсөв дутагдаж байсанд хоёр сая төгргийн дэмжлэг үзүүлсэн байна.

Мөн тэрбээр шаардлагатай байгаа зарим техник хэрэгслийг сэргээн босгох ажилд туслуулахаар Орхон АЗЗА-тай ярьж тохирон замд гаргасан бөгөөд аймаг, сум орон нутгийн удирдлагууд, мөн тухайн нөхцөл байдалд тусламж үзүүлэн ажиллаж буй Булган АЗЗА компаний удирдлагатай цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцож, үүрэг чиглэл өглөө.