Болд.Л 2018.06.19 | Vip76.mn

Их эрдэмтэн Сономын Лувсанвандангийн гурван боть номын нээлт боллоо

Соён гэгээрүүлэгч доктор, профессор Сономын Лувсанвандангийн баримт бичгийн эмхтгэл гурван боть номын нээлт болжээ.

Монголын соён гэгээрэл, шинжлэх ухааны нэрт зүтгэлтэн, гоо зүй, утга зохиолын судлаач доктор, профессор, Соёлын яамны 1-р орлогч сайд С.Лувсанвандан ардын язгуур урлагийн өв санг нээн хөгжүүлэх, түүхийн дурсгалыг цаг төрийн шуурганаас авран хамгаалах талаар хойч үедээ дурдсагдан магтагдах олон зүйлийг хийж байсан юм.

Соён гэгээрүүлэгч доктор, профессор Сономын Лувсанвандан

Өнгөрсөн хугацаанд нэрт эрдэмтний бүтээлийн 9 боть цуврал хэвлэгдэн гарч байжээ. Эдгээр боть номууд нь нэрт эрдэмтний хийж бүтээж байсан ажил үйлстэй холбоотой түүхэн баримтуудыг цуглуулсан байна.

Их эрдэмтний хүү болох УИХ-ын гишүүн Л.Болд энэ талаараа фэйсбүүк хуудаснаа нийтэлжээ.

Тэрээр: “Номын буян хурсан энэ сайхан өдөр аавын маань гурван боть ном нээлтээ хийж байгаад маш их баяртай байна. Өмнө нь аавын маань бүтээлийн есөн боть цуврал хэвлэгдэн гарсан. Харин энэ удаагийн ботиудын онцлог нь тухайн үед хийж бүтээж байсан ажил, үйлстэй нь холбоотой түүхэн баримтуудыг цуглуулан эмхэтгэсэнд оршиж байна. Өнөөдрийн соёл, урлаг судлаачид, залуу судлаачдад XX зууны Монголын соёл урлагийн сэргэн мандлын үеийн тэрхүү агуу их уран бүтээлчид, сэтгэгчдийн бүтээлийг баримт, эх сурвалж дээр тулгуурлаж харуулсан, судалгааны эргэлтэд оруулсан ийм сайхан бүтээл болсонд баяртай байна” хэмээжээ. Мөн тэрээр аавынхаа нэрээр С.Лувсанвандан сан байгуулж Гоо зүйн дээд шагналыг уламжлал болгон гардуулдаг билээ.

Дашрамд дурдахад, өнгөрсөн онд их эрдэмтний 85 насны ойгоор “Сономын Лувсанвандан: Монголын соёл урлаг судлал ба баримт эх сурвалж” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зохиогдсон бөгөөд “Улирал ба зохиолч” сэтгүүлийн тусгай дугаар, амьдралынх нь чухал үйл явдлууд, ах дүү, үр хүүхдүүд, нутаг нугын зон олных нь талаар гэрэл зургийн цомог ном зэргийг хэвлүүлж олны хүртээл болгож байсан юм.