Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
2018.06.19

Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

  УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө, аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2018.06.19) хуралдаан  Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм.

Төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд өмнө авч хэрэгжүүлж байсан арга хэмжээний  үргэлжлэл болгон орон нутагт мэргэжлийн байгууллагын удирдлагын томилгооны асуудлаар холбогдох хуульд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэн Ус цаг уур,  орчны хяналт шинжилгээний  тухай хуульд өөрчлөлтийг оруулсан хуулийн төслийг боловсруулж УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 6 гишүүн 2018 тавдугаар сарын 15-ны өдөр өргөн мэдүүлсэн юм.

Төслөөр орон нутагт мэргэжлийн байгууллагын удирлагыг томилохдоо дээд шатны байгууллагын даргатай зөвшилцөн тухайн шатны Засаг дарга нь томилж байх зарчимыг баримтлан дараах заалтуудад өөрчлөлт оруулсан.

Тодруулбал, Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай  хуулийн “Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх” гэсэн  6 дугаар зүйлийн  6.2 дахь хэсгийг “Ус, цаг уур, орчны хяналт шинжилгээний улсын сүлжээний нэгжийн албан хаагчийг мэргэжлийн удирдлагаар хангах үүрэг бүхий байгууллагын даргатай зөвшилцөн тухайн шатны Засаг дарга Төрийн албаны тухай хуулиар тогтоосон шаардлагыг хангасан иргэнийг сонгон шалгаруулж томилж, чөлөөлнө.”  гэж өөрчлөх аж.

Төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Д.Эрдэнэбат, А.Сүхбат нар салбарын сайд Н.Цэрэнбат, Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин, Байнгын хорооны даргаас тайлбар, мэдээлэл авав.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг аймаг, сум, дүүргийн Цаг уур, орчны шинжилгээний газрын  ажилчдын тухайн орон нутгаас төрийн албаны шаардлага хангасан иргэдийг томилдог байх зарчмын зөрүүтэй санал гаргасан юм.

Цаг уурын байгууллагын онцлогийн заримаас дурдвал 137 суманд 5 хүнтэй цаг уурын өртөө, 183 суманд нэг хүнтэй цаг уурын харуул ажилладаг бөгөөд эдгээрийн үйл ажиллагааны стандарт, тоног төхөөрөмж нь Дэлхийн цаг уурын байгууллагын гишүүн бусад орны түвшинд ажилладаг.

Бусад орны энэ төрлийн байгууллагын тогтолцоо нь босоо байдаг ба манай улс 94 жилийн түүхтэй тус байгууллагын тогтолцоо 1990-ээд оны сүүлээс 2001 он хүртэл хэвтээ тогтолцоотой байсан гэдгийг С.Энхтүвшин дарга тайлбарласан. Энэ байгууллагын бэлтгэж буй мэдээ, мэдээлэл зөвхөн Монгол орны цаг агаарын талаар биш, бүс нутгийн хэмжээний мэдээ, мэдээлэлтэй уялддаг, мөн тус байгууллагын мэдээ мэдээлэл дээр тулгуурлан улс орны хэмжээнд мал аж ахуй, хөдөө аж ахуй, онцгой байдлын үйл ажиллагаа явагддаг гэдгийг Н.Цэрэнбат сайд тайлбарлаад иймд удирдлагын болон хариуцлагын тогтолцоо одоо мөрдөгдөж буйгаараа зохистой гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

Түүнчлэн энэ үеэр ус цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарын мэргэжлийн боловсон хүчний асуудал, техник тоног төхөөрөмжийн хүрэлцээ, төсвийн хуваарилалт, цаашдын хандлага, төлөвлөгөөний талаар тодруулж, хариулт авсан. 

Дараа нь УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулан шийдвэрлээд төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.