Г.Тэмүүлэн 2018.06.20 | Үндэсний Шуудан

Г.Тэмүүлэн: Дубайн гэрээнээс дутахааргүй татварын өөрчлөлтийг бид хийж байна

Г.Тэмүүлэн: Дубайн гэрээнээс дутахааргүй татварын өөрчлөлтийг бид хийж байна
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнтэй ярилцлаа.
-УИХ-аар Татварын багц хуулийг хэлэлцэж байна. Үүнээс Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хууль санаачлагчид нь буцаачихлаа. Таны хувьд хуулийн төслүүдийг нэлээд шүүмжилж байсан. Ямар шалтгаанаар хуулийн төслүүдийг дэмжээгүй юм бэ?

-Сангийн яамнаас оруулж ирж байгаа татварын багц хуулийн төсөл нь нэлээд өргөн цар хүрээг хамарч байна. Ийм хэмжээний өөрчлөлтийг хийсэн тохиолдол Монгол Улсын түүхэнд байхгүй болов уу. Ер нь татварын хуульд оруулж байсан өөрчлөлтөөс харахад Аж ахуйн нэгж, Хувь хүний орлогын албан татварын хуульд тодорхой асуудлаар мэргэжлийн байгууллага нь тооцоо, судалгаа хийж, үр нөлөөг нь судалж, олон нийтийн дунд танилцуулан хэлэлцүүлэг зохион байгуулж өөрчлөлт хийдэг. Хоёр, гурван татварын хувь хэмжээ, эрх зүйн орчныг өөрчлөхөд асуудал нэлээн маргаантай явагддаг.

Гэтэл одоогийн орж ирж байгаа Татварын ерөнхий хууль, түүнийг дагалдаж орж байгаа хуулийн өөрчлөлт нь татварын харилцааны асар өргөн хүрээг хамарч байна. 

Тиймээс нэг талаасаа болгоомжлол байна. Миний бодлоор татварын хуульд өөрчлөлт оруулахдаа тодорхой үе шаттайгаар, бага багаар өөрчилж, тухайн өөрчлөлт нь гаднын болон дотоодын хөрөнгө оруулалт, бизнес, эдийн засгийн орчинд хэрхэн нөлөөлөхийг ажиглах ёстой. Жишээ нь, өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Сангийн яам, Уул уурхайн яамнаас тусгай зөвшөөрөл эзэмших, ашиглах эрх шууд болон шууд бусаар шилжилт хийх бол хөдөлгөөн бүрт 30 хувийн татвар оруулах өөрчлөлтийг хийсэн. Тухайн үед бидний хэсэг гишүүд “Тооцоо, судалгаагүй, хөнгөн гоомой байдлаар татварын хуулинд ингэж өөрчлөлт оруулж болохгүй, зарчим нь зөв боловч арга нь буруу байна.

Геологийн салбараа, уул уурхайтай нь урт хугацаандаа байхгүй болгох зохицуулалтыг оруулж ирлээ, улсын төсөвт сөргөөр нөлөөлнө” гэдгийг хэлж, асуулга тавьж байв. Харин энэ удаагийн хуулийн төслөөр энэ алдаагаа засахаар оруулж ирж байх шиг байна. Нөгөө л хөрөнгө оруулалтын орчин тогтворгүй, төрийн бодлого нь тодорхой бус гэж бизнес эрхэлж байгаа хүмүүсийн гомдоллоод байдаг нь иймэрхүү л зүйлээс эхтэй. Энэ утгаараа одоогийн шинэчилсэн найруулгын төслөөр тэр дундаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын өөрчлөлтийн улсад болон иргэд нийтэд ашигтай заалтыг нь авч үлдээд, одоогийн байгаа эрх зүйн орчинг дордуулсан гэж үзэхээр том зургаараа улсад болон бизнес, эдийн засагт сөргөөр нөлөөлөх зүйлийг дараа нь харамсахгүйн үүднээс засаж залруулъя гэж байгаа юм.

-Хууль санаачлагчийн хувьд татварын бааз суурийг өргөтгөсөн, хуулийн давхардлыг арилгасан гэж тайлбарлаж байсан?

-Тийм байж болно. Гэхдээ энгийн жишээнээс харахад Татварын ерөнхий хуулийн өөрчлөлтөөр долдугаар зүйл дэх Өв залгамжлал, бэлэглэлийн албан татвар, Нохойн албан татвар зэргийг хассан байгаа юм. Үүнийг техникийн шинжтэй алдаа гэж найдаж байна. Үнэхээр техникийн шинжтэй алдаа бол энэ мэт алдаануудыг хэлэлцүүлгийн шатанд засаж залруулахгүй бол өмнө нь байсан татварууд эрх зүйн зохицуулалтгүй болох хэмжээний асуудал хөндөгдөж байна.

Тэгэхээр УИХ-аас буцаагдсан хуулийн төслийг дахин өргөн мэдүүлэхдээ одоогийн мөрдөгдөж байгаа ААНОАТ-ын тухай хуулийн Монгол Улсад ашигтай татваруудыг хэвээр хадгалах, татварын үндсэн суурийг бууруулахад нөлөөлөх заалтуудыг засаж сайжруулах, техникийн болон нэр томъёоны шинж чанартай боловч агуулгад нөлөөлөх заалтуудыг зайлшгүй нягтлан залруулах шаардлагатай.

-Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд яг ямар алдаа, дутагдал байгаа юм бол?

-Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар нь улсын төсвийн хамгийн том бүрэлдэхүүн хэсэг юм. Гэтэл бид хамгийн их татвар бүрдүүлдэг хуулиндаа нэлээд их өөрчлөлтийг хийх нь. Өөрчлөлтөөс харахад магадгүй олон улсын тэргүүн туршлага, сайн зүйлүүд байгаа нь мэдээж байх. Гэхдээ Монгол Улсад ашиггүй тусах, хөрөнгө оруулагч талдаа хэт давуу тал, нөхцөл бүрдүүлэх, өмнө байгуулсан гэрээ хэлэлцээр, давхар татвар зэргээ авч чадахгүй болох хэмжээнд очихоор асуудлууд байна.

Том зургаараа татварын бааз суурийг дунд болон урт хугацаандаа багасгах, давхар татвар болон хөрөнгө оруулалтын гэрээгээр тогтворжуулсан томоохон татваруудыг хөнгөлж чөлөөлөн, улсад төлөх аж ахуйн нэгжийн татварын орлогыг бууруулах, томоохон төсөл хөтөлбөрөөс манай улсын хүртэх үр өгөөжид сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй заалтууд ихээр тусгагдсан байна.

Тухайлбал, ААНОАТ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгагдсан хөрөнгийн элэгдэл тооцох хугацааг багасгаж, шинэ хөрөнгийн бүлэг нэмэх нь манай улсад төлөх татварын дүнг дунд хугацаандаа багасгаж, ногдлыг 50 хувиар бууруулахаар байна. Хуулийн төслийг уурхайн салбар дахь томоохон төслүүдийн нэг “Оюутолгой” төслийн хүрээнд харахад Хөрөнгө оруулалтын гэрээний татвартай холбоотой 34 зүйл, заалтаас 10 гаруй тогтворжуулсан заалтууд хөндөгдөж тэр хэмжээгээр давуу байдал, хөнгөлөлт, чөлөөлөлтийг хөрөнгө оруулагч талд эдлүүлэхээр тусгасан байсан.

Тиймээс энэ асуудлуудыг цэгцлэх үүднээс Засгийн газраас хуулийнхаа төслийг дахин боловсруулж, дээрх алдаагаа засах саналыг Ч.Улаан гишүүн бид хоёрын зүгээс албан бичгээр хүргүүлсэн байгаа. 

-Жижиг дунд аж ахуйн нэгжээс гадна томоохон компаниудыг татвараас чөлөөлсөн хуулийн төсөл гэсэн үг үү?

-Тийм. Тухайлбал, элэгдлийг бид барилга байгууламж гэдэг нэр томъёон дор 40 жилээр тооцдог байсан. Гэтэл энэ хуулийн төсөл дээр 25 жил болгон бууруулсан байна. Түүнчлэн түргэвчилсэн аргаар тооцно гэдэг шинэ нэр томъёо гаргаж ирсэн байсан. Жишээ нь, олон жилийн хугацаанд элэгдэл тооцох барилга, байгууламж барьдаг томоохон аж ахуйн нэгж манайд бараг байхгүй.

Ганц байгаа “Оюутолгой” компанийн далд уурхайн барилгыг 40 жилээр элэгдүүлнэ гэж гэрээнд тусгасан байсныг энэ хуулийн төслөөр 25 жил болгож байна. 15 жилээр бууруулж байгаа нь ашгийн татварын суурьт их хэмжээгээр нөлөөлнө. Мөн энд барилга, байгууламж гэж байсныг барилга, байгууламж, газрын тохижилт гэж оруулсан байна. Би өөрөө энэ яриа хэлцэлд оролцож байсан хүний хувьд гаднын хөрөнгө оруулагчид, уул уурхайн салбарт “super аsset” гэдэг нэр томъёог оруулж, үүндээ овоолгоо хамруулах асуудал байдаг. Тодруулбал, газрыг ухаад хүдрийн овоолгыг оруулж, газрын тохижилтондоо тооцдог механизмыг бид хийх гэж байна.

Энэ нь мөнгөн дүнгээрээ тооцвол ААНОАТ-ын ногдлыг 50 хувиар бууруулах асуудал үүснэ. Энэ элэгдэл тооцохтой холбоотой шинэчилсэн найруулга нь жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийг дэмжих гэхээс илүүтэй уул уурхайн салбарын томоохон хөрөнгө оруулагч нарт илүү ашигтай үйлчлэхээр байгаа тул өөрчлөх, эсхүл уул уурхайн салбарт дээрх зүйл заалтын үйлчлэлүүд хамаарахгүй байх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгах шаардлагатай юм. Хоёрдугаарт, Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараар Монголын төрд асар том татварын эрсдэл учруулахаар байна.

Өмнөх хуульд удирдлагын зардалд төлсөн төлбөр гэдэгт Монгол Улсад байрласан, байрлаагүй 20 хувиар татвар авдаг байсан. Энэ хувь хэмжээгээр бид удирдлагын зардал, менежментийн зардлыг өсгөхгүй байх автомат тохируулагчийг хийдэг байв. Нөгөө талаасаа удирдлагын зардал гэдэг нь олон улсад татвараас зугтах сонгодог хэлбэр болдог. Гэтэл удирдлагын зардалтай холбогдуулан хуулийн төсөлд удирдлагын зардалд төлсөн төлбөр, удирдлагын үйлчилгээний орлого гэсэн хоёр өөр агуулга бүхий нэр томъёог татварын хувь хэмжээ, үйлчлэлгүйгээр шинээр тусгасан нь хөрөнгө оруулагчдад татвараас зугтаах эрх зүйн орчин үүсгэхээр байгаа.

Түүнчлэн хуулийн төсөлд Монгол Улсад болон Монгол Улсаас эх үүсвэртэй орлого олж байгаа гаднын аж ахуйн нэгж хасагдах зардлаа баримтаар баталгаажуулахгүй зардлаа хасахаар байгаа нь хяналтгүй зардал ихэсгэх, татвараас зугтаах хуулийн цоорхойг үүсгэхээр байна. Энэ мэтчилэн хуулийн төслийн өөрчлөлтийг хийвэл “Оюутолгой” компанитай байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээг өөрчилж байгаагаас ялгаагүй болохоор байна.

Зөвхөн уул уурхайн салбарын, тэр дундаа нэгхэн төслийн хүрээнд харахад ийм байна. Гэтэл аливаа батлагдаж байгаа хууль, тогтоомж, дүрэм, журам илүү таатай нөхцөл олгож байвал хөрөнгө оруулагч түүнийг эдлэх бүрэн эрх нь гэрээнд байгаа. Олон улсын гэрээний зарчим нь энэ. Тиймээс бид бусад хөрөнгө оруулагчидтай хийсэн аливаа гэрээнийхээ амин сүнсийг ямар нэг хуулийн өөрчлөлтөөр үгүй хийж болохгүй. Дубайн гэрээгээ шүүмжилж байгаа энэ үед тэр гэрээнээс дутахааргүй татварын өөрчлөлтийг бид хийж болохгүй. 

-“Оюутолгой” компанийн Удирдах зөвлөлийн дарга захидал илгээсэн гэх асуудал яригдаж байна. Энэ үнэн юм уу?

-УИХ-ын чуулганаар Татварын багц хуулийн төслийг хэлэлцэхээс долоо хоногийн өмнө гишүүдэд Монгол дахь Америкийн худалдааны танхимаас Засгийн газрын төслийг дэмжиж байгаа, хуульд татварын хөнгөлөлт, чөлөөлөлт, хувь хэмжээ зэрэг асуудлаар ийм зүйл тусгах саналтай байна гэсэн албан бичиг ирсэн. Нэг утгаараа татварын өөрчлөлтийг дэмжсэн, дэмжүүлэх гэсэн лобби бичиг байсан. “Оюутолгой” компанийн захирал асан Камерон Макрэйгээс ирүүлсэн байсан, одоо энэ танхимын захирал болсон бололтой. 

-Ер нь “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж, гэрээг байгуулахад гар бие оролцож байсан хүний хувьд энэ гэрээг хэрхэн сайжруулах ёстой гэж боддог вэ?

-“Оюутолгой” төсөл бол монголчуудын хувьд гаднын хөрөнгө оруулагчидтай хийсэн анхны томоохон бизнес хэлцэл. Гэрээ байгуулснаас хойшхи хугацаанд Монголын тал байгуулсан гэрээнийхээ хэрэгжилт, хяналт оролцоог хангах тал дээр алдсан оносон нь их бий. Өөрсдийн эрх ашгаа хамгаалах, гэрээний хэрэгжилтийг сахиулах хэмжээний олон улсын төвшинд бэлтгэгдсэн боловсон хүчин, хүн хүч дутмаг байдаг нь бидний сул тал болж байна. Цагаан дээр хараар бичсэн, тов тодорхой тохирсон зүйлс, эрх ашгаа бид одоог хүртэл хамгаалж чадахгүй байгаа.

Цаашид яриа хэлэлцээг хийхдээ алдагдсан үр өгөөж болон эдийн засгийн ирээдүйд учрах хор хохирлыг бууруулах, 2010 онд батлагдсан ТЭЗҮ-д тусгагдсан гэрээний эдийн засгийн үндсэн зарчимд нийцүүлэн Монголын тал өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалах бодлого, стратегийг гаргах шаардлагатай байгаа. Дээр нь хүн хүчээ бэлтгэх, хөрөнгө оруулагч нартай ажиллах бүтэц тогтолцоогоо улам бэхжүүлэх хэрэгтэй. Цаашдаа олон төсөл хэрэгжүүлье гэж байгаа бол бид одооноос өөрсдийгөө бэлдэж эхлэх хэрэгтэй.