Д.Тэрбишдагва 2018.06.20 | Монголын үнэн

МСҮТ-ийг төгсөгчдийн дийлэнх нь ажлын байраар хангагдаж байна

МСҮТ-ийг төгсөгчдийн дийлэнх нь ажлын байраар хангагдаж байна

Нийслэлийн төв талбай өчигдөр хөл хөдөлгөөн ихтэй өнжлөө. Талбайн өмнөд хэсэгт эгнүүлэн байрлуулсан олон асарт нийслэл болон аймаг, орон нутагт сургалтын үйл ажиллагаа явуулж буй мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвүүд, (МСҮТ) тэдэнтэй хамтран ажилладаг компани, аж ахуйн нэгжүүд төвхнөж, сурталчилгаагаа явуулахын хамт үзэсгэлэн худалдаа ч эрхэлж байсан.

Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулж буй “Ажилсаг Монгол” үндэсний анхдугаар зөвлөгөөний хүрээнд “Мэргэжил бүхэн сайхан” өдөрлөгт хүрэлсэн ирсэн нь энэ юм.

Улсын хэмжээнд мэргэжлийн боловсрол сургалтын 85 байгууллагад 35.8 мянган хүүхэд суралцаж байгаа бөгөөд сүүлийн гурван жилийн статистикаас үзэхэд жил бүр 20 мянга орчим суралцагч төгссөний 45- 55 хувь нь ажлын байраар хангагдаж, 10 орчим хувь нь дараагийн шатны буюу их, дээд сургуульд элсэн орж байна. “Мэргэжил бүхэн сайхан” өдөрлөгийн үеэр МСҮТ- үүдийн сургалтын техник хэрэгсэл, суралцагчдын хийж бүтээсэн зүйлийг сонирхож, зарим төвийн багш нартай санал бодлоо солилцож, хэсэг саатлаа.

Манай улсын газар тариалангийн гол бүс нутаг Сэлэнгэ аймгийн Шаамар сум дахь МСҮТ- ийн сургалтын арга зүйч Д.Баянжаргалтай ярилцсан юм.

Тэрбээр ирэх онд сургуулийнхаа 60 жилийн ойг тэмдэглэх гэж байгаагаа дуулгаад тус МСҮТ-д 1-2.5 жилийн сургалтаар 10-аад мэргэжлээр боловсон хүчин бэлтгэдгээ танилцуулав. Түүний дотроос цэцэрлэгт хүрээлэнгийн цэцэрлэгч, зөгийчин мэргэжлээр зөвхөн тус төвд ажилтан бэлтгэж байгаагаа онцлон бахархаж байлаа.

Тус төвийг 1959 онд Трактор, комбайнчийн сургууль нэртэй байгуулж байсан мэргэжил сургалтын анхны төв юм байна. Өдгөө тус төв нь 300 хүүхдийн дотуур байр, урлаг, соёлын заал, биеийн тамирын том танхим, 150 хүний суудалтай номын сантай, галт тэрэг, улсын автозамын сүлжээнд ойрхон дэд бүтэцтэй гээд олон давуу талтай сургалтын байгууллага болжээ. “Өчигдөр сэрүүхэн байсан болохоор тээвэрлэх явцад дааруулчихсан бололтой” гээд дэлбээ нь хумигдсан цэцэгсээ арчлаад тун зав муутай байцгаалаа.

Асруудын урд орших бэсрэгхэн талбайд байршуулсан төмөр морь, робот тэргүүтэн тэнд цугларагсдын анхаарлыг ихэд татаж байсан юм. Эдгээр нь Герман-Монголын МСҮТ- ийн багш, суралцагчдын бүтээл гэнэ. Тус төвийг 2012 онд “Хасу мегаватт” компанийн санаачилгаар үүсгэн байгуулсан бөгөөд цахилгаан, хий, хагас автомат, аргон зэрэг гагнуурын төрөл бүрийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж туршлагажиж байгаа хамт олон юм. Эднийх бүтэн жилийн болон 21-45 хоногийн түр сургалтаар гагнуурчин бэлтгэдэг бөгөөд “Хасу мегаватт” компанитай хамтран ажиллаж, суралцагсдынхаа үйлдвэрлэл дадлагад түлхүү анхаардаг тухай гагнуурын багш Б.Алдарцогт олзуурхан ярьж байсан юм.

Энэ үеэр “Хасу мегаватт” компанийн ҮЭ-ийн хорооны дарга Б.АРИУНБААТАРТАЙ ярилцлаа.

-Танай компани дэргэдээ өөрийн МСҮТ-ийг байгуулсны ач хоблогдол нь юу байна вэ?

-Дэлхийд өрсөлдөх өндөр чадвартай мэргэжилтэн, өөрийн компанийн ажиллах хүчнийг бэлтгэх нь бидний зорилго байдаг. Тиймээс Германы хөрөнгө оруулалтаар герман технологи эзэмшсэн залуусыг бэлтгэж эхэлсэн. Манай төвд суралцаж, амжилттай төгссөн гагнуурчид “Хасу мегаватт” компанийн гүйцэтгэж байгаа уул уурхай, эрчим хүч, барилга угсралтын шугам хоолойн ажилд оролцоод явж байна.

-Төгсөгчдийн хэдэн хувь нь ажлын байраар хангагдаж байна вэ?

-Манай төв нэг жилийн болон түр сургалтаар 1000 орчим гагнуурчин бэлтгэсний 80 гаруй хувийг ажлын байраар хангаж, заримыг нь ажилд зуучилсан байдаг.

-Танай төвийнхөн улсын төдийгүй олон улсын уралдаан тэмцээнд амжилттай оролцдог гэсэн. Та ганц хоёр жишээ хэлж болох уу?

-МСҮТ байгуулагдсаныхаа дараа жил “Нийслэлийн шилдэг”-ээр шалгарч, дараа жил нь “Монгол ур чадвар” тэмцээнд тэргүүлж байлаа. 2014 онд Бээжинд болсон олон улсын тэмцээнд манай баг Германы дараа хоёрдугаарт шалгарсан. Манай суралцагч Д.Нямрагчаа “Монгол ур чадвар 2016”- д тэргүүлж, Шанхайн олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртсэн. Дараа нь олон улсын АRC CUP-аас мөнгөн медаль авч байлаа. Энэ жилийн “Монгол ур чадвар”-т Т.Оюун-Эрдэнэ тэргүүлж аваргалсан. Мөн саяхан Хятадын Хунань хотод болсон олон улсын тэмцээнд манай улсын баг магнайллаа. Төв талбайд болсон мэргэжил сурталчлах өдөрлөгийн үеэр төрөл бүрийн ажил мэргэжлийн хүмүүсийн дунд урамшуулалт уралдаан явуулсан нь олон хүний сэтгэлд нийцсэн сайхан арга хэмжээ болж байлаа.

Тухайлбал, “Бэст буйдан” компанийнхан оёдолчдоор газар дээр нь буйдангийн бүрээс оёулж, мэргэжлийн мужааны хийсэн бэлдэцийг засалчид бүрж уралдсан. Уралдаанд ялагч өөрийн үйлдвэрлэсэн буйданг шагнал болгож авсан юм. Өдөрлөгт “Бэст буйдан”-гийнхан нээлттэй ажлын байртай оролцлоо. Энэ талаар тус компанийн хүний нөөцийн менежер Т.Лхагвадулам ярихдаа “Манайх Техник технологийн болон Үйлдвэрлэл урлалын дээд сургуультай хамтран ажиллаж, мужаан болон заслын ажилчдаа тэдний төгсөгчдөөс сонгодог. Суралцаж байх хугацаандаа үйлдвэрлэлийн дадлагаа манай компани дээр хийж, ажлын байрны шаардлага, нөхцөл байдалтай танилцчихдаг болохоор ажиллахад нь дөхөмтэй байдаг байх. Хүүхдүүдийн мэргэжлийн ур чадвар ч сайн болж байна” гэлээ. “Говьсүмбэр аймаг дахь Уул уурхайн коллеж” гэсэн хаягтай асарт явж орвол хэдэн хүүхэд компьютер дээр үйлдвэрлэлийн дадлага хийж байлаа.

Тус коллежийн багш Ц.Ууганбаяртай хэсэг зуур ярилцсан юм.

-Танай коллеж хэдийд байгуулагдсан бэ. Ямар мэргэжлээр ажилчин бэлтгэж байна даа?

-Уул уурхайн коллежийг 2007 онд байгуулсан. Бид хүнд машин механизм, авто засварын мэргэжлээр дагнадаг байсан бол одоо уул уурхайн бүхий л чиглэлээр ажилчин сургаж бэлтгэж байна. 1.5-2 болон гурван жилийн сургалттай. Онцлог нь, манай сургуульд говийн бүсийн уул уурхайд түшиглэсэн аймгууд төдийгүй бусад бүх аймгаас суралцахаар хүүхдүүд элсдэг болсон. Одоогоор 2000 гаруй хүүхэд төгсгөөд байна.

-Жилд хэчнээн элсэгч авдаг вэ? -300-400 суралцагч элсүүлдэг. -Тэр хэмжээний сургалтын бааз суурь, дотуур байр байгаа юу?

-Манайх 300 хүүхдийн дотуур байр, хичээлийн дөрвөн байр, Мянганы сорилын сангийн хөрөнгө оруулалтаар байгуулсан 8-9 лаборатори, дадлага сургалтын сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан том төв болоод байна.

-Ажлын байраар хангагдаж чадаж байна уу?

-Энэ оны сүүлийн судалгаагаар манай коллежийг төгсөгчдийн 64.4 хувь нь ажлын байраар хангагдсан гэх тоо байна. 2012 онд миний төгсгөсөн 18 хүүхдийн гурваас бусад нь мэргэжлээрээ ажиллаж байгаа. Оюутолгойд хоёр оператор (эксковаторын) байдаг юм. Ийнхүү нартай сайхан өдөр болсон арга хэмжээний үеэр гэрэлтэй өөдрөг яриа хөөрөө өрнөж байлаа. Гэвч үүний цаана бодож санамаар юм цөөнгүй байх шиг. ХНХЯ-наас гаргасан нэг статистикаар МСҮТ-д элсэгчдийн тоо сүүлийн үед буурч байгаа мэдээлэл байсан. Тодруулбал, 2015-2016 оны хичээлийн жилд нийт 29200 хүүхэд элсүүлэх квотыг МСҮТ- үүдэд олгосон нь 99.8 хувийн биелэлттэй гарч байжээ. Гэтэл өнгөрсөн онд 27.6 мянган хүүхдийн квот олгосон ч дөнгөж 58.6 хувийн биелэлттэй байсан аж. Үүний цаана нийгмийн сэтгэл зүйгээс гадна боловсролын бодлого, хүний нөөц, сургалтын чанар гээд олон хүчин зүйл байгаа нь тодорхой. Энэ тухай дахин өгүүлнэ.

Д.МӨНХЖАРГАЛ