Н.Амарзаяа 2018.06.20 | Монголын мэдээ сонин

Н.Амарзаяа: Би аавынхаа үргэлжлэл байхыг хичээж явна

Н.Амарзаяа:  Би аавынхаа үргэлжлэл байхыг хичээж явна

УИХ-ын гишүүн Н.Амарзаяаг энэ удаагийнхаа “Сондгой өнцөг” буланд урьж ярилцлаа. Бид улс төр, уул уурхай ярьсангүй. Харин түүний аав Намсрай гуайн талаар ярилцлаа. 

-Алим модноосоо хол унадаггүй гэж сайхан үг бий. Таныг өсгөж, хүмүүжүүлсэн аавынхаа талаар ярихгүй юу?

-Аавыг минь Д.Намсрай гэдэг. Манай аав Өмнөговь аймгийн Хүрмэн суманд төрсөн. Аав минь МУИС-ийн химийн ангийг ээж минь биологийн ангийг төгссөн. Их сургуульд байхдаа хоёулаа танилцаж, гэр бүл болсон. Сургуулиа төгсөөд Говийн бүсийн бэлчээрийн мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнд томилогдож Өмнө­говь аймгийн Булган суманд суурьшин амьдарсан гэдэг.

Аав минь 1972 онд томилогдож очоод 1997 онд хүнд өвчний улмаас хорвоогийн мөнх бусыг үзсээн. 1972-1997 он хүртэл 25  жил тус хүрээлэнд лаборантаас эхлээд эрдэм шин­жилгээний ажилтан, захир­лаар нь ажилласан. Ми­ний аав аймагтаа шинжлэх ухаа­ны болон төр, улс төрийн салбарын гол дүр нь байсан гэж боддог. Мөн зах зээлийн нийгэмд шилжиж, нутгийн өөрөө удирдах байгууллага бий болж сумын иргэдийн хурлын даргаар ажиллаж, аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байлаа.

Миний хувьд аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлж бас Булган сумаасаа 2008, 2012 онд хоёр удаа аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон юм. Алим модноосоо хол унадаггүй гэдэг үнэн үг шүү, аав ээжийнхээ өвлүүлж үлдээсэн өв тэгш хүмүүжил, зөв тэгш ёс суртахуун, хүнийг хайрлах хайр хүндлэл, өндөр дээд мэдлэг боловсролыг олохын төлөө зорьсон ухаан бодол нь манай гэр бүлийг биднийг сайхан амьдруулж байна. Үүнээс илүү эрхэм зүйл байхгүй.  

-Та бүхнээс аавынхаа үйл хэргийг хэн нь үргэлжлүүлж, залгамжилж явна вэ?

-Манайх зургаан хүүхэдтэй, би дундах нь. Аавынхаа үйл хэргийг залгамжилж, амьдралынхаа зорилго бол­гон зүтгэж яваа нь би. Аав олон нийтийн төрөл бүрийн авьяастай, удирдан зохион байгуулах чадвартай, нийгмийн идэвхи сайтай,  төрөл бүрийн сонгуульт ажилтай хүн байлаа. Төрийн, албаны, эрдэм шинжилгээний, 10-аад жил хүрээлэнгээ удирдаж явахдаа бизнес аж ахуйн ажлаа ёс төртэй хийж олон ажлыг зэрэг амжуулдаг байжээ. Одоо бодоход нийгмийн хариуцлага гэдгийг утгаар нь хийж, хэрэгжүүлсэн байгаа юм. 

-Хүний амьдрал тэр чигтээ дурсамж, дурьдат­гал шүү дээ?

-Тийм ээ. Үр хүүхэддээ хүртэл цаг зав гаргадаг, том дарга атлаа тэр хавийн хүүхдүүдийг цуглуулж  лав­туу, хөлбөмбөг, сагс, гар бөм­бөг тоглодог байсан. Тэр үед би сургуулийн хүүхэд байж, том хүмүүс биднийг тоо­гоод тоглохоор хүүхдүүд бидний баяр хөөр гэж дүүрэн, амралтын өдрүүдээр явган аялал хийж, нуугдаж тоглоно. Тухайн үед сумын соёлын төвд соёл хүмүүжлийн ажлууд шил шилээ дарсан их болдог байлаа.

Нэгэн сонирхолтой түүх гэвэл гэр бүлийн концерт соёлын төвд тоглоод би эгч дүүтэйгээ гурвуулаа уран нугаралт үзүүлж байлаа. Бодвол удирдамжинд нь орсон бололтой, бусдаар бидний нугарна гэж юу байхав. Үзүүлбэр үзүүлээд байж байтал миний хэлгүй эрэгтэй дүү өмдөө тайлаад тиркотойгоо зэрэгцээд нугарчихсан, үзэгчид дүүг маань хараад өрөвдөөд, уйлаад бөөн баяр хөөр болж байсныг тодхон санадаг юм.

Аав минь сумандаа нэр хүндтэй, аймаг, хотоос олон зочид гийчид ирнэ, бүгдийг нь гэртээ хоол ундаар дайлна. Бид ч баярлаад хувцсаа өмсөөд концерт ёсоор нь хийнэ дээ. Нээнэ хаана, бүх төрлийн үзүүлбэр үзүүлнэ, аав ээж минь баярлаад хөөрөөд сүйд, хүүхдүүдээ магтаад л ирсэн гийчид бэлэг өгөөд ямар гоё байсан гээч. Сайхан гэр бүлд төрж өссөн би их азтай. Тухайн үед МУИС –ийг дүүргэнэ гэдэг нэр төр байлаа. Аав миний хүүхдүүдээс нэг нь ч болов ээж аавынхаа сургуульд ор гээд аавынхаа захиасыг биелүүлж МУИС-ийг физикийн багш мэргэжлээр төгссөн.  

-Аавын тань мөрөөдөл, зорилго юу байв. Үр хүүхэд нь энэ дайны явна гэдэг аавынхаа ачийг хариулж буй нэг хэлбэр байх?

-Миний хувьд аавынхаа хүсэл мөрөөдлийг нь үргэлжүүлж, ачийг нь хариулах гээд хичээж явна. Ээж минь өндөр настай буурай бий, аавынхаа орон зайг хэр чинээгээр нөхөх гэж, ээждээ ачийг нь хариулж, үргэлж баярлуулахын төлөө зорьж явдаг. Ээж маань намайг Их сургууль төгсдөг жил 1998 онд хотод орж ирээд миний ах, эгч, дүү нар бүгд дагаад шилжин ирсэн. Харин би сургуулиа төгсөөд нутагтаа очсон доо. Аавынхаа үйл хэргийг үргэлж­лүүлэх гэж нутагтаа ганцаараа зорьсон минь өнөөдрийн өнц­гөөр харахад их зөв алхам хийж ээж аавынхаа нэр хүнд, алдар гавьяанд бүүвэйлэгдэн ард түмнийхээ итгэлийг хүлээн ажиллаж байна. 

-Хүн бүхэнд амьдралдаа дагаж, мөрддөг гол зарчим байдаг. Харин аавын тань зарчим юу байсан бэ?

-Би аавтайгаа хамт байсан амьдралын сайн сайхан үеийг бодоход миний хүүхэд нас л илүү тод томруун дүрслэгддэг. Би аавын эрх охин байсан. Хаашаа л явна байнга дагаж явах гэж зүтгэнэ. Тэр үед хамгийн их ажиглагддаг зүйл нь хүнийг алагчилж, ялгадаггүй, сайн байна уу гээд хэн хүнтэй түрүүлж мэндэлнэ, хамтдаа аймгийн төвөөр очоод гадуур явахад Намсрай захирлаа гээд л байнгын мэндлэл хүндлэл, аавын маань хариу үйлдэл ч агуу, энэ агуу харилцаа хандлагыг би ааваасаа сурсан.

Аав минь аливаа зүйлийн төлөө тууштай тэмцэнэ, зоригтой зүтгэнэ. Тухайн үед хүрээлэнгийн ямааны ноолуур борлуулж, эдийн засгийн эргэлтэд оруулж, байгууллага хамт олноо авч явах гэж зах зээлийн нийгэмд амрах завгүй зүтгэсэн.

Цаг хэцүү, нийгмийн ороо бусгаа үед байсан. Ийм байхад хэзээ ч шантарч бас бууж өгч байгаагүй. Тиймээс ч аав минь түмний хайр хүндлэлээр дүүрэн амьдарсан. Өнөөдрийг хүртэл аавынхаа олон сайхан зан чанарын толин тусгал нь байхыг хичээж ирлээ. Хийнэ гэж зорьсон бол эцсийг нь үзтэл, үр дүнг нь гартал хөдөлмөрлөдөг байсан нь сэтгэлд тодхон, аавын минь зарчим байжээ.

-Эцэг, эхийн нэр хүнд гэдэг бол хэдэн үеэрээ дурсагдах гавьяа шүү дээ?

-Тийм ээ. Аав, ээж хоёр минь ялгаагүй түмний төлөө зүтгэсэн. Ээж минь боловсролын салбарт 36 жил ажилласан. Өнгөрсөн сонгуулиар нэр дэвшээд явж байхад аавыг минь магтан дуулж, 20 жилийн өмнө бурхан болсон хүний алдар нэр нь хэзээ ч мөнхөрдөг юм байна гэдгийг мэдэрсэн шүү. Үүнээс илүү хүндлэл, омогшил, бахархал гэж юу байхав. Энэ их нэр хүндийг дааж явахын төлөө амьдралынхаа зорилгоо болгож явна даа. Ер нь хүн бол үйл хэргээрээ мөнхрөх, сайхан зүйлийг хийж бүтээх, үр хүүхдээ өвлүүлэх нь хамгийн дээд буян заяа байна шүү. 

-Танд аминчилж захиж хэлдэг сургаал юу вэ?

-Санаа нь зөв байгаад, зорьсон үйлс нь зөв байвал миний охиныг заяа нь түшинэ ээ гэж хэлдэг байсан. Хүнд их тустай, олонтой яваарай. Энэ сургаал сэтгэлд минь үүрд хоногшсон. 

-Аавын тань гүйцээгээгүй үлдсэн зүйл бий юу?

-Манай сум бусад ижил төс­тэй газруудаас хүрээлэнгээрээ ял­гарна. Эрдэм шинжилгээний судлаач, эрдэмтэд, докторууд их ирнэ. Тухайн үеийн мал аж ахуйн салбарын тархи, оюун нь болсон хүмүүс байдаг байсан. Хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэхийн тулд жинхэнэ бодол, оюунаа уралдуулна. Энэ цаг үед хүүхэд ахуй цагаа өнгөрүүлсэн. Тэр үед бодлого төлөвлөлт сайтай, эрдэм шинжилгээ, шинжлэх ухааны салбараа түлхүү хөгжүүлсэн.

Тэр ч бүү хэл манай суманд Хөдөө аж ахуйн сургуулийн оюутнууд зуны амралтаараа ирж дадлагад гардаг хэдий ч хажуугаар нь бүх нийтийн хөдөлмөрийг өрнүүлж байшин барьж, хороолол босгож байлаа. Аав минь говь гурван сайхан үүлдрийн ямааны ноолуураар Өмнөговь аймагт Итали, Монголын хамтарсан ноолуурын үйлдвэр барих гээд бэлтгэл ажлаа хангаад, техник эдийн засгийн үндэслэлээ бэлэн болгоод Итали улс руу 2-3 удаа явсан.

Гэхдээ энэ үйл хэргээ гүйцээж чадаагүй. Бид ч тэр цаг үед бүгд сурч байсан, дор бүрнээ амьдралын төлөө зүтгээд аавынхаа энэ их үйл хэргийг гүйцээж чадаагүй. Одоо миний хийж хэрэгжүүлж байгаа ажил аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлэхийн тө­лөө юм. Өнгөрсөн хоёр жилийн хуга­цаанд хөдөө аж ахуйн салбарыг шинэ төвшинд хүр­гэхийн төлөө, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө, шинээр үйлдвэр технологийн парк байгуулан ажиллахын төлөө зорьж төсөл хөтөлбөр, ТЭЗҮ-г нь бичиж байна.

Аймагтаа мал аж ахуй, газар тариаланг хослуулан хөгжүүлэх ажил руу зорьж байна. Говьчууд тогтвортой хөгжилд хөтөлбөр баталж говь нутгийн нөөцөд тулгуурлан эдийн засгийн бааз сууриа өргөтгөхийн төлөө нутгийн удирдлагууд, ард түмэндээ тустай үйл хэрэг хийхийн төлөө зорьж байгаа. 

-Эр хүн тэр бүр сэтгэл хөдлөлөө ил гаргаад байдаггүй. Та аавынхаа гуньсан, сэтгэл нь чилсэн дүр төрхтэй таарч байв уу?

-Аав, ээжийнхээ маргалдаж байгааг огт харж байгаагүй. Манай аав, ээж хоёр бараг 10 хүүхдийн амьдралыг зал­гуу­лахын төлөө зорьсон, аавын дүү нар ихэвчлэн манай гэр бүлээс айл болцгоосон гэхэд болно. Ах дүү олуулаа учир амьдралдаа алдсан нэгийгээ хараад өмнөөс нь шаналах үе байсаан бас.

Амралтгүй зүтгэсэндээ бие эрүүл мэнд нь сандруу олон жил явсан, сүүлдээ хүндээр өвдсөн.  Түүнээс аавыгаа учиргүй гуниж, гутарч байхыг хараагүй. Ихэвчлэн өөдрөг сэтгэлтэй байж, аливааг зохицуулдаг, зохион байгуулдаг, болохгүй асуудал үгүй л зүтгэж байсан юм. 

Түүний аавдаа зориулж бичсэн шүлгийг хүргэж байна. 

Аавын минь эзгүйд 

Уул шиг нөмөртэй нутгийн их хайрхаддаа
Ус шиг тунгалаг нутгийн булаг шандадаа
Амин нутаг Хүрмэний Цагаан дэлийн дэнждээ
Амьдралаа холбосон Булганы нутаг усандаа мэхийн ёсольё.
Аавын минь нэрийг өндөрт өргөж яваа ээж, ахан дүүс, гэр бүлдээ
Аавтай минь хамтран зүтгэж байсан хамт олон, найз нөхдөд нь
Аавыг минь үргэлж тэтгэн дэмжиж байсан ард түмэндээ
Аавыг минь нэр төртэй явахад нь түшсэн зөв сайн хүмүүстээ талархмуй
Нэгэнт бурхан болсон аавыгаа үгүйлэн уйлаад яахав
Нэхээд байхад босоод ирэх биш ээ та минь
Идэрхэн насандаа амь биеэ үл тоон ард түмэн хамт олныхоо төлөө зүтгэж явсан
Ерэн хэдэн оны хар дарсан өдрүүдийг дахин дурсан санадагаа.
Аавынхаа ид үедээ зүтгэж байсан үйл хэргийг нь үргэлжлүүлэх үүргээ биелүүлж
Адил тэнцүү биш ч таныхаа зиндаанд хүрэхийн төлөө бэлээс нь эхлэн мацаж
Ард түмэндээ өргөсөн тангарагтай ав адилхан төрийн ачааг үүрч
Алдаа онооны дэнсэн дээр амаргүй их холыг туучин явна даа охин нь
Аавыгаа би үргэлж санан адил тэгш хүнийг энэ орчлонгоос хайж
Аавыгаа би дурсан үгүйлж өв тэгш хүнтэй нөхөрлөхийг илүүд хүсч
Аавыгаа би хайрлан хүсч агуу их хайрын орон зайг нөхөхийг зорисоноор
Аавтайгаа мөнхөд хамт байж энэ орчлонгийн сайн сайхныг эдлэх хувьтайдаа бид бахархдагаа
Аавдаа охин нь маш их хайртай шүү