Н.Учрал: Төсвийн хөрөнгийг хууль бусаар, хяналтгүй зарцуулдгийг зогсооно
2018.06.20

Н.Учрал: Төсвийн хөрөнгийг хууль бусаар, хяналтгүй зарцуулдгийг зогсооно

-Хөрөнгө оруулалтын ажлыг зураг төсөвгүйгээр огт хийдэггүй болно-

УИХ өнгөрөгч долоо хоногт Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталсан. Уг хуульд Улсын нэгдсэн төсвийн урсгал болон хөрөнгийн зардлын төлөвлөлт, зураг төслийг илүү бодитой болгохын тулд төсвийн зарлагын орцын норм, норматив, хүрэх үр дүн, шалгуур үзүүлэлтийг нарийвчлан тооцож, төсвөө төлөвлөдөг, зарцуулдаг, хяналт тавьдаг болох зохицуулалтыг тусгасан байна.

Өөрөөр хэлбэл, т
өсөв захирагчийн үйл ажиллагаа, хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл арга хэмжээний урсгал болон хөрөнгийн зардлыг төлөвлөх, гүйцэтгэлийн хяналт хийхдээ батлагдсан норм, норматив, стандарт, зураг төсвийг үндэслэхээр болж байгаа юм.

Төсөвгүй, тэгсэн хэрнээ хөрөнгө оруулалт нь төсөвт суучихсан бүтээн байгуулалтын ажлууд их байна. 

Хуулийн шинэлэг, гол зохицуулалтын талаар төсөл санаачлагч УИХ-ын гишүүн Н.Учралаас зарим зүйлийг тодрууллаа.
-Стандарт, норм, нормативыг баримтлах, ингэснээр улсын төсвийг үр дүнтэй зарцуулдаг болох агуулга бүхий өөрчлөлтийг Төсвийн тухайхуульд орууллаа гэж ойлгож байна. Хуулийн гол зохицуулалтын талаар мэдээлэл өгнө үү?

-Юуны өмнө энэ хууль болон хуулийг дагалдан гарсан Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай УИХ-ын тогтоол манай улсад төсөв зарцуулахтай холбоотой тулгамдаад буй асуудлыг шийдвэрлэх зорилготой.

Өнгөрсөн оны төсөвт суусан хөрөнгө оруулалтын ажлуудыг хийе гэхэд дандаа асуудал үүсдэг. Юу гэхээр зураг төсөвгүй, тэгсэн хэрнээ хөрөнгө оруулалт нь төсөвт суучихсан бүтээн байгуулалтын ажлууд их гарч байна. Одоо баригдахгүй, гацчихсан сургууль, цэцэрлэгийн барилга магадгүй энэ байдалтай холбоотой. Иймэрхүү зураг төсөвгүй, стандарт норм норматив бариагүй ажлын хөрөнгө оруулалтыг төсөвт суулгаснаас болоод хөрөнгө оруулалтын ажил гацах тохиолдол их гарч буй учир үүнийг таслан зогсоох зорилгоор хуулийн төслийг боловсруулсан.

Мөн маш бага цалинтай, данхар бүтэцтэйгээр төрийн алба ажиллаж байгаа нь норм норматив баримталдаггүйтэй холбоотой. Жишээлбэл, 100 хүнтэй байгууллагад ямар хэмжээний талбайтай байр хэрэгтэй вэ гэхчлэн бүгд норм, нормативийг үндэслэж төсөвт туссан байх ёстой байтал одоо хэрэгжиж буй Төсвийн тухай хуульд энэ талаар тусгагдаагүй. Тиймээс  цалин хөлс, орон тоо, хөрөнгө оруулалт гээд бүгдэд нь асуудал үүсч байдаг.

-Стандарт, норм, нормативыг баримтлах агуулга бүхий өөрчлөлт хуульд орсон нь зөв зүйтэй хэдий ч зураг төслийн талаарх стандарт, төсвийнх нь талаарх норм, нормативтай холбоотой баримт бичгүүд манайд байна уу. Хууль баталсантай холбогдуулж норм, норматив, стандартын баримт бичгүүдийг шинээр боловсруулж, батлах уу?

-Үүнээс хойш хөрөнгө оруулалт дээр стандарт барина гэдгийг эхлээд тодруулж хэлье.

Манай улс MNS  гээд стандарт мөрдүүлдэг. Энэ стандартыг Сангийн яам, бусад холбогдох төрийн захиргааны төв байгууллагатай хамтраад шинэчлэх ажил одоо эхлэх ёстой. Мөн үлгэрчилсэн норм, нэгжийн норм гээд гарч эхлэнэ. Орон тоон дээр норматив бий болж эхлэнэ. Жишээлбэл, байгууллагын үйлчлэгч гэхэд хэдэн мкв талбай цэвэрлэх вэ гэдгээс шалтгаалаад тухайн байгууллагад хэдэн үйлчлэгч хэрэгтэй вэ гэдэг нь стандартын дагуу бий болох ёстой.

Төсвийн тухай хуульд ийм байдлаар норм норматив, стандарт тусгаж өгснөөр дараа жилийн төсөвт цалин хөлс, орон тоо ойлгомжтой болно.

Хөрөнгө оруулалтын ажлыг зураг төсөвгүйгээр огт хийхгүй. Хөрөнгө оруулалтын ажил тодорхой болж эхэлж байна гэдэг чинь  нутгийн өөрөө удирдах байгууллага, иргэдийн хурал төсвөө батлахдаа энэ хуулийг барина гэсэн үг.

-Бүтээн байгуулалтын ажлыг зураг төсөвгүй бол төсөвт хөрөнгө оруулалтыг нь суулгахгүй гэхээр  зураг төсөв хийлгэх мөнгө төгрөгний асуудал дээр гацаа  үүсч, байдал улам дордох вий гэх болгоомжлол байна уу?

-Бид үүнийг аймаг, дүүрэг, нийслэл дээр ярьж үзсэн. Улсын төсөвт суулгаж байгаа ажлыг аймаг, орон нутагт өөрсдөө орон нутгийнхаа төсөвт суулгаад зураг төсвийг хийгээд бэлтгэх шаардлагатай. Тэгэхгүй бол улсын төсөвт суучихдаг, өнөөдөр 3640 хүүхэдтэй сургууль нэг газар 3 тэрбум, нөгөө газар 5.5 тэрбум байдаг замбараагүй, хяналтгүй байдлаас эхлээд хөрөнгө оруулалтын ажлыг гацааж байна. Тэгэхээр аймаг орон нутаг зураг төслөө хийлгэ, стандартаа дагаж мөрдүүл, үүний дараа улсын төсөвт хөрөнгө оруулалтын ажлуудаа суулга. Ингэх юм бол хөрөнгө оруулалт харин ч урагшилна, одоогийнхоос дордоно гэсэн ойлголт байхгүй.

Засгийн газар болон шат шатны байгууллагууд төсвийг боловсруулахдаа төрийн санхүү, эдийн засгийн чадавхийг сайжруулах, татварын хууль тогтоомжийн дагуу татвар төлөгчдөөс улсын төсөвт төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалт, үр ашгаа дээшлүүлэхдээ төсвийн эрх захирагчдын төсвийн зарцуулалтын хяналтыг сайжруулахад, мөн татвар төлөгчдөөс төвлөрсөн хөрөнгийг хууль бусаар, хяналтгүй, дураараа зарцуулж байгааг таслан зогсоох эрх зүйн орчныг сайжруулахын тулд энэ хуулийн төслийг санаачилсан.

-Улсын төсвийн орлого, зарлагад хяналт тавих орчин энэ хууль хэрэгжсэнээр сайжрах уу?

-Зөвхөн энэ хууль гэлтгүй холбогдох хуулиудыг шат шатандаа чанд мөрдөн ажиллавал төсвийн орлого, зарлагын хяналт үр дүнтэй байх бололцоо хангалттай бий.