УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвын санаачилгаар “Мэргэжлийн боловсрол, сургалт-Ажилсаг Монгол” зөвлөгөөн боллоо
2018.06.20

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвын санаачилгаар “Мэргэжлийн боловсрол, сургалт-Ажилсаг Монгол” зөвлөгөөн боллоо

Улсын Их Хурлын гишүүн, “Ажилсаг монгол” хөтөлбөрийг санаачлагч Д.Тэрбишдагвын санаачилгаар Төрийн ордонд өнөөдөр (2018.06.19) “Мэргэжлийн боловсрол сургалт-Ажилсаг Монгол” зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Зөвлөгөөний нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ХБНГУ-ын Элчин сайд Штефан Дуппел нар хүрэлцэн ирж, хэлсэн үгэндээ  “Ажилсаг монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, мэргэжлийн боловсрол, сургалтын салбарыг хөгжүүлэх талаар санал бодлоо  илэрхийлэв.  

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг нар өндөр мэргэшсэн ажилтан бэлтгэх тогтолцоог улам боловсронгуй болгох талаар хэлсэн үгэндээ тэмдэглэсэн.

Мөн УИХ-ын зарим гишүүд оролцож санал бодлоо хуваалцлаа. 

Түүнчлэн, энэхүү зөвлөгөөнд ХБНГУ-ын Элчин сайдын яамны Хөгжлийн хамтын ажиллагааны газрын дарга Кристиан Гласс болон тус улсын хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөгчид, Мэргэжлийн боловсрол, сургалтын үндэсний зөвлөлийн гишүүд, “Оюу толгой”, “Хасу мегават” компаниудын удирдлага зэрэг өргөн хүрээний төлөөлөгчид оролцлоо. Компаниудын төлөөлөл  Мэргэжлийн боловсрол, сургалтын төвийг төгсөж байгаа залуусыг дадлагажуулан ажиллуулж, ажлын байртай болгох чиглэлээр хийж буй ажлынхаа туршлага, мэдээллээ хуваалцсан.

Хөтөлбөрийн дагуу барилгын түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлт, инженерийн байгууламж, хөрс боловсруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ХБНГУ-ын “Папенбург” компанийн дадлагажигч оюутан Д.Норовсүрэн Германы мэргэжлийн боловсролын сургалт-дадлага гэсэн хосолмол тогтолцооны талаар илтгэл тавьсан бол Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагч У.Доржзодов хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуустмэргэжлийн боловсрол олгох сургалтын тогтолцооны талаар санал бодлоо илэрхийлж, нийгмийн зорилтот бүлэгт тусгайлан чиглэсэн үйл ажиллагааг хөтөлбөрийг хэрэгжилтэндээ тусгаж явахыг хүсч байгаагаа хэлэв.

Зөвлөгөөний үеэр бүх оролцогчдыг хамруулан мэргэжлийн боловсролын салбар дахь сургалтын чанар, нийгмийн түншлэлийн сэдвээр салбар хуралдаанууд болсон.  

Иргэд, залууст мэргэжлийн өндөр боловсрол, ур чадвар  эзэмшүүлэх, цаашдаа ажлын байр олноор бий болгох зорилго агуулж буй “Ажилсаг Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр энэхүү зөвлөгөөнийг санаачлан зохион байгуулсан бөгөөд нийслэл болон хөдөө орон нутгаас олон иргэд иржээ.

Төгсгөлд нь зөвлөгөөнд оролцогчид Д.Сүхбаатарын талбайд болж буй Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын бүтээлийн үзэсгэлэн, “Мэргэжил бүхэн сайхан” өдөрлөгт оролцлоо.

Өдөрлөгийн нээлтэд УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва хэлсэн үгэндээ иргэд, эцэг эхчүүд  үр хүүхдээ дипломтой, ажилгүй сэхээтэн болгохын оронднарийн мэргэжил эзэмшсэн өндөр ур чадвартай ажилчин болгож амьдралын баталгааг нь бүрдүүлэх хэрэгтэй хэмээн тэмдэглэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.