Нийслэлийн агаар орчны бохирдлыг бууруулах хүрээнд эрчим хүчний салбарт хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдтэй танилцлаа
2018.06.20

Нийслэлийн агаар орчны бохирдлыг бууруулах хүрээнд эрчим хүчний салбарт хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдтэй танилцлаа

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Нийслэлийн агаар орчны бохирдлыг бууруулах хүрээнд Эрчим хүчний салбарт Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй Маахуур толгой орчмын халаалтын зуухнуудыг төвлөрсөн дулаанд холбох, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо “Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээ” ТӨХК-ийн ашиглалтын 110/10 kB-ын “Улаанхуаран” дэд станцын өргөтгөлийн барилга угсралтын ажлуудтай биечлэн танилцлаа.

Энэ үеэр Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Насантогтох, “Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баярсайхан, “Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Нямсамбуу болон бусад албаны хүмүүс, Гүйцэтгэгч компаний төлөөллүүд оролцлоо.

Засгийн газрын 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 258 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Нийслэлийн агаар, орчны бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллын дамжуулах, түгээх сүлжээний шугам, дэд станцыг өргөтгөж хүчин чадлыг нэмэгдүүлэх, 68ш халаалтын зуухыг зогсоож, хэрэглэгчдийг нь төвлөрсөн дулаан хангамжид холбох ажлуудыг тус, тус хэрэгжүүлж байна. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн хэлэхдээ “Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулахад олон янзын гарц шийдэл байна. Үүний нэг бол Эрчим хүчний салбарын хүрээнд юу шийдвэрлэх бэ?гэдэг асуудал юм. Нам даралтын зуухуудыг төвлөрсөн дулаанд холбох, айл өрхүүдэд орчин үеийн хуримтлууртай халаагуур залгах гэх мэт шийдлүүдийг бид эрэлхийлж байна. Энэ хүрээнд айл өрхүүдийг дөрвөн кВт-ийн халаагуур залгах боломжийг олгох, дулааны шугамыг өргөтгөх, нам даралтын шугамуудыг холбох зэрэг үндсэн ажил хийгдэж байна. Барилгын ажил улирлын чанартай тул цаг хугацаанд нь хийх ёстой байдаг. Иймд Нийслэл зам харгуйг чөлөөлж өгөх, гарц гаргах зэргээр хамтарч ажиллах шаардлага байна. Энэ чиглэлээр Нийслэлийн удирдлагуудад уламжлах болно. Мөн Яармаг, Москва хороолол, 3,4-р хорооллын дунд бас яг ийм дулааны шугам оруулж, тэнд байгаа нам даралтын зуухнуудыг холбох ажлыг энэ зундаа багтааж хийнэ. Мөн 21000 айл өрхөд дөрвөн кВт-ийн халаагуур залгах боломж бүрдүүлэх ажил хийгдэнэ. Ингэснээр зуухаар түлээд байхгүйгээр байгаль орчинд бохирдол үүсгэдэггүй хуримтлууртай халаагуурыг залгах нөхцөл нийт 50000-иад айлд бий болох юм” гэв.

Баянзүрх дүүргийн 5,22-р хороо, Маахуур толгой, Цайз зах орчмын 24ш халаалтын зуухыг төвлөрсөн дулаан хангамжид холбох таван багц ажлыг “МЭЗ” ХХК, “Энерго сервис монтаж” ХХК, “Бумбод” ХХК, “Хасу мегаватт” ХХК, “Мон-Энержи коркораци” ХХК зэрэг компаниуд гүйцэтгэж байна. Энэ ажлын хүрээнд Орон сууцны долоо, Аж ахуй нэгжийн 19, нийт 26ш барилга байгууламж төвлөрсөн дулаан хангамжид холбогдоно. Мөн дулаан хангамжийн 12 дугаар магистраль шугамын өргөтгөл шинэчлэлийн ажил хийгдэнэ.

“Улаанхуаран” 110/10кВ-ын дэд станцын өргөтгөл шинэчлэлийн ажлаар тус дэд станцын 10 кВ талын бүх тоноглолыг шинэчлэж, гадагш гарсан хэрэглэгчийн шугамыг32 болгон өргөтгөсөн. Мөн Улаанхуаран дэд станцаас 2,9 км зайд шинээр хуваарилах байгууламж барьж ачаалал өндөртэй байсан “Цайз”, “Монель”, “Кеч” зэрэг шугамын ачааллыг хөнгөлж Баянзүрх дүүргийн 9, 19, 22 дугаар хороодын хэрэглэгчдийг 4 кВт чадалтай цахилгаан халаагуур ашиглах техникийн боломжийг бүрдүүлсэн юм.