С.Бямбацогт энэ Засгийн газрыг түүхэнд үлдэх "хар толбо"-ноос нь аврав
2018.06.21

С.Бямбацогт энэ Засгийн газрыг түүхэнд үлдэх "хар толбо"-ноос нь аврав

Засгийн газар хуулиас дээгүүр, хариуцлагаас хол байх эрхийг өөрсдөдөө олгохоор Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг өнгөрсөн даваа гарагт УИХ-д өргөн барьсан.

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөр авч хэлэлцээгүй, хэлэлцэх асуудлын дараалалд багтаагүй уг төслийг өчигдөр Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцүүлэхээр зоосон байлаа. Шинэ хуулийн төсөлд Засгийн газар болон түүний харьяа байгууллагын бүх шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх хянахгүй байхаар тусгасан байв. 

Хэрэв энэ төсөл хууль болж гарвал "Эрх нь зөрчигдсөн иргэд шүүхэд гомдол гаргах, шударга шүүхээр шийдүүлэх" гэсэн хамгийн энгийн, хамгийн чухал Үндсэн хуулийн заалтыг уландаа гишгэсэн шийдвэр болно. Ингэснээрээ Монголын Засгийн газруудаас хамгийн "хар толбо"-той танхимаар түүхэнд үлдэх байлаа. Гэхдээ Хууль зүйн байнгын хорооны зарим туршлагатай гишүүн зангараг зааж, энэ Засгийн газрыг алдаа гаргахаас нь өмнө сэрэмжлүүлж чадав. Тухайлбал, Хууль зүй дотоод хэргийн сайд асан С.Бямбацогт "Маш их анхаарал татаж, хуульчдын дунд маргаан дагуулаад буй энэ төслийг хэлэлцэх шаардлагагүй" хэмээн хэлсэн юм. Түүний саналыг Байнгын хорооны гишүүд дэмжиж, уг асуудлыг хэлэлцэхийг хойшлуулав. Тус байнгын хорооны дарга Ш.Раднаасэд "Засгийн газар хуулиа эргэж харах хэрэгтэй. Нуухыг нь авах гээд нүдийг нь сохолж болохгүй. Засах шаардлагатай" гэсэн тайлбар хийсэн юм.