“Төв Азид тээврийн холболтыг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хамтран ажиллахаар тохиролцлоо
2018.06.22

“Төв Азид тээврийн холболтыг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хамтран ажиллахаар тохиролцлоо

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (ЭЗХАХБ)-ын Евроазийн хэлтсийн дарга ноён Виллиам Томсон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг төлөөлөгчдөд Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар болон жижиг, дунд үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, тэр дундаа УИХ-аар хэлэлцэж буй Жижиг дунд үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн.  

ЭЗХАХБ-аас 2015-2017 онд “Төв Азид өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх нь” төслийг хэрэгжүүлсэн бөгөөд ийнхүү өнөөдөр төслийн тайлангаа танилцуулж, 2018 онд шинээр “Төв Азид тээврийн холболтыг сайжруулах төсөл" хэрэгжүүлнэ гэдгээ Евроазийн хэлтсийн дарга ноён Виллиам Томсон хэллээ.

Тэрбээр, ЖДҮ-ийн салбарын үйл ажиллагааг дэмжих төслийн хүрээнд банк санхүүгийн байгууллагын хамтын ажиллагааг хөгжүүлэх, энэ салбарын зээлийн батлан даалтын системийг сайжруулах, зээл авах процессийг хөнгөлөх, бизнес эрхлэгчдийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх гэсэн нийт дөрвөн чиглэлээр зөвлөмж боловсруулсан талаараа дурдсан юм.

Танилцуулга, зөвлөмжийн хариуд, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг манай улсын ЖДҮ-ийн салбарын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулж байгаа Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагад талархал илэрхийлээд, цаашид энэ салбарын бизнес эрхлэгчдийн эрэлтэд нийцсэн зээлийн бүтээгдэхүүн бий болгох, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, ЖДҮ-г хөгжүүлэх сангийн засаглал, үйл ажиллагааг сайжруулах, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх санал тавьсан.

Талууд хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд худалдаа тээвэрлэлтийн асуудал нэн чухал болохыг онцлоод 2018 онд тус байгууллагаас хэрэгжүүлэх “Төв Азид тээврийн холболтыг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хамтран ажиллахаар тохиролцлоо.