Д.Сумъяабазар 2018.06.22 | News.mn

Тавантолгойн бүлэг ордыг цогцоор нь хөдөлгөх төслийг өнөөдөр яаралтай горимоор хэлэлцэнэ

Тавантолгойн бүлэг ордыг цогцоор нь хөдөлгөх төслийг өнөөдөр яаралтай горимоор хэлэлцэнэ

МАН-ын бүлэг өнөөдөр ээлжит бусаар хуралдаж Засгийн газраас өргөн мэдүүлсэн Тавантолгойн бүлэг ордыг цогцоор нь хөдөлгөх төслийг хэлэлцэж дэмжсэн байна. Энэ талаар МАН-ын бүлэг сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

МЭДЭЭЛЛИЙН ЭХЭНД МАН-ЫН БҮЛГИЙН ДАРГА  Д.ХАЯНХЯРВАА:

-Ирэх долоо хоногийн баасан гаригт чуулган завсарлана. Хаврын чуулганыг завсарлахаас  өмнө Тавантолгойн төслийн асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхгүй бол намрын чуулган хүртэл хүлээж хугацаа алдах гээд байна. Мэдээж энэ том төслийг хөдөлгөхөд олон улсын зэх зээлд IPO гаргах шаардлага бий. Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, зөвлөхүүдэд хандахаас эхлээд энэ ажлыг хийж гүйцэтгэж эхэлтэл багагүй хугацаа шаардагдана. Хамгийн багадаа зургаан сараас нэг жилийн хугацаа шаардлагатай. Бид хөрөнгө оруулалтаа татаад ТЭЗҮ-гээ зөв хийж чадвал Тавантолгойн ордоо эдийн засгийн эргэлтэд оруулснаар ард иргэдэд хэрэгтэй юм. УИХ-ын гишүүдийн санааг зовоож буй гол асуудал нь  байгаль, экологийн асуудал юм. Ажил эхлүүлэх хүртэл хугацаанд байгаль, экологийг хамгаалах асуудлаар төслийг хэрэгжүүлэгчдээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваад явна. Бид сүүлийн үеийн байгаль, экологид ээлтэй тоног төхөөрөмжийг ашиглах нь зүйтэй гэж үзэж байгаа. Мөн уг төслийг хэрэгжүүлэхдээ Монгол дахь боломжоо ашиглах ёстой. Өөрөөр хэлбэл, Энержи Ресурсын нүүрс угаах үйлдвэрийг бүрэн ашиглаж чадвал нэг жилд Монгол Улсын төсөвт 600 орчим тэрбум төгрөгийн татварын орлого орж ирэхээр байгаа. Энэ мэт бид боломжоо ашиглах хэрэгтэй”  гэлээ.

Сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгөв. 

-Эрдэнэс Тавантолгойн ордын 30 хүртэлх хувийг нь олон улсын зах зээлд IPO гаргаж хөрөнгө босгоно гэсэн. Энэ ажил хэдий хугацаанд хийгдэх вэ?

Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар: Эрдэнэс Тавантолгойн хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах, үр нөлөөг нь сайжруулах зайлшгүй шаардлага бий. Төрийн өмчийг ашигтай ажиллуулах цаг нь болсон. 180 хоногийн дотор судалгаа, ТЭЗҮ, зөвлөгөө гэх мэт дотоод ажлуудаа хийж дуусгах шаардлагатай байгаа.

-Тавантолгойн дулааны цахилгаан станцыг барих ажил ямар шатандаа явж байна вэ?

-Тавантолгойн бүлэг ордууд эрчим хүчний хязгаарлагдмал нөөцөөр ажиллаж байгаа. Эрчим хүчнийг хангах ажлыг цогц төслөөр шийдвэрлэхээр төлөвлөж байгаа. Энэ чиглэлээр хувийн хэвшилтэй хамтраад ажиллая гэж төлөвлөж байгаа. Тавантолгойн төсөл хэрэгжсэнээр ойролцоогоор  жилд 2.8 тэрбум ам.долларын экспортын орлого  нэмэгдэж улсын төсөвт жилд дунджаар 400-1.1 тэрбум ам.долларын орлого төвлөрнө гэж  тооцоолж байгаа. Шууд болон шууд бусаар 5800 орчим ажлын байр шинээр нэмэгдэнэ.

-Тавантолгойн төсөл эртнээс яригдаж байсан л даа. Баяр наадам, УИХ-ын хаврын чуулган завсарлах дөхсөн энэ үед төслийг  яагаад цаг хугацааны хувьд тулгаж оруулж ирж байгаа юм бэ. Зориуд цаг хугацааг нь тааруулж байна гэдэг хардлагыг олон нийтийн дунд дагуулж байна л даа?

МАН-ын бүлгийн дарга  Д.Хаянхярваа: Ямар нэгэн хардаж сэрдэх зүйл байхгүй. Тавантолгойн төслийг хөдөлгөх асуудалд 2016 оны сонгуулийн  дараагаас эхлээд  хоёр Засгийн газар дамжиж ажиллаж байна. Ингэхдээ хамгийн зөв шийдлийг олох  нь чухал. Өнөөдрийн оруулж ирж буй энэхүү шийдэл бол хамгийн зөв шийдэл гэж харж байгаа. Мөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр орж төсөл дэмжигдсэн. Намын бүлэг ч дэмжсэн. Одоо УИХ-аар оруулаад төслийг явуулах нь зүйтэй гэдэг дэмжлэгийг авах юм бол ямар нэгэн байдлаар улстөрийн зүгээс болон хөндлөнгөөс нөлөөлөх нөлөөлөл байхгүй болно гэсэн үг. Энэ нь төсөл хэрэгжихэд хамгийн зөв  зам руугаа орж байна гэж  ойлгож болно.  Өнөөдөр хэлэлцэж байгаа тогтоолын төсөл бол бүлэг ордыг цааш нь  явуулах тогтоолын төсөл. Мэдээж цаашдаа төсөл хэрэгжиж эхэлснээр  тодорхой төсөл хөтөлбөрүүд, гэрээ хэлцлүүдийг УИХ, Засгийн газар нухацтай ярьж шийдлээ гаргана.

-Өнөөдөр чуулганаар орох уу?

-Чуулганаар хэлэлцэнэ. Хаврын чуулган завсарлахаас өмнө тус төслийг тогтоолыг батлах зорилттой ажиллаж байна.

Ш.АДЬЯАМАА