Улаан.Ч 2008.11.29

Ч.Улаан: Гишүүд төсвөө хасахыг үнэхээр хүссэнгүй

-Өнгөрсөн долоо хоногт УИХ төсвөө нэлээд хувийн алдагдалтай баталлаа. Ингэж болдог юм уу, олон жил батлуулж, батлалцаж явсны хувьд таны үгийг сонсъё.

-Төсөв батлах хуулийн хугацаа гэж байдаг. Тэр хугацаандаа багтаж баталлаа. Хамгийн гол нь ямар төсөв байна гэдэг чухал. Төсөв арай л өндөр хувиар алдагдалтай батлагдлаа. Ийм төсөв батлагдаж байсныг би санахгүй байна. Эдийн засгийн агуулгаар нь авч үзвэл төсвийн алдагдлаас өөрөөс нь айгаад байх зүйлгүй, алдагдал бол байдаг л зүйл. Алдагдлыг нөхөх эх үүсвэр нь баталгаатай байвал өөрөө нэг их аймшигтай зүйл биш юм. Харин эх үүсвэргүй бол энэ өөрөө аюул болно. Дотоодоос энэ алдагдлыг хаах эх үүсвэр алга, гадаад зах зээлээс босгоно гэж ярьж байна. Үүнийг яаж босгох юм, энэ том асуудал шүү дээ. Хэрвээ гадаад улс орны хөнгөлөлттэй зээл тусламж авах гэж байгаа бол ирэх жил ашиглахын тулд өнөөдөр бэлтгэл хангасан байх ёстой. Гэрээ хэлцэл хийгээд, төслөө тохирсон байх ёстой юм. Гэтэл өнөөдөр энэ бүгд тодорхойгүй байна. Гадаадын зах зээл дээрх арилжааны нөхцөлөөр эх үүсвэр босгоно гэж байгаа бол үүнийг судлах ёстой. Ямар үнэ өртөгтэй, ямар боломж байна гэх мэтээр. Ямар ч хамаагүй үнээр алдагдлыг хаана гэвэл тун хариуцлагагүй хэрэг болно. Ийм олон тодорхойгүй асуудлын дунд өндөр хувьтай алдагдалтай төсөв батлагдсанд би хувьдаа сэтгэл дундуур байгаа.

-Байнгын хорооны хуралдаан дээр та гишүүд төсвийг муутгалаа гэж байсан. Үнэхээр тэд муутгасан уу?

-Тус хуралдаан дээр УИХ-ын чуулганаар төсвийн хоёрдугаар хэлэлцүүлэг хийсэн нэгдсэн товчоог тарааж танилцуулсан. Тэр товчоог харахад тийм л дүгнэлт гарч байсан. Тэгвэл орлого буурсныг дагаад зарлагаа багасгах, төсвийн алдагдлаа бууруулах бодлогыг хийж өгөх ёстой шүү дээ. Гэтэл УИХ харин зарлагаа нэмээд тэр хэмжээгээрээ алдагдлаа нэмэг¬дүүлээд төсвөө баталчихлаа. Тэгэхээр үзүүлэлт муудна биз дээ. Улсын төсвийг нийт дүнгээр авч үзвэл зарлага 70 тэрбум төгрөгөөр, хөрөнгө оруулалтын хувьд 90 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байгаа. Тэгэхээр энэ хямралын үед төсвийн орлого өм цөм алга болж байхад зарлагыг нэмэгдүүлж байна аа гэдэг нь хайч үүсгэчихлээ. Өөрөөр хэлбэл төсвөө хайчилчихсан. Нэг талаас орлого нь алга болоод хайчилж байна, нөгөө талаас зарлага нэмэгдээд хайчилж байна. Үүн дээр их хариуцлагатай хандах ёстой байсан юм. Засгийн газрын оруулж ирсэн төсвийг УИХ сайжруулах ёстой байлаа. Гэтэл чадсангүй. Гишүүд илүү дайчлаад зардлыг багасгаад, шаардлага багатай хөрөнгө оруулалтыг бууруулаад алдагдлаа багасгаад, тэгээд алдагдлыг нөхөх эх үүсвэрийг тодорхой зааж өгөөд баталсан бол төсөв сайжрах байсан. Гэтэл харамсалтай нь тэгсэнгүй.

-УИХ-ын гишүүд зардлаа хасахыг үнэхээр хүссэнгүй юу, аль эсвэл тийм боломж байсангүй юу...

-Боломж байлгүй яахав. УИХ төсвийг нухацтай хэлэлцээд сайжруулаад баталчих бололцоо байсан. Гэтэл боломжийг ашиглаагүй учир гэвэл хүссэнгүй, тэд. Тойргийн тодорхой эрх ашигт хөтлөгдлөө.

-Төсвийн алдагдлыг гадаадын хөрөнгө оруулалтаас босгоно гэж байгаа. Ийм алдагдалтай төсөвтэй нөхцөлд тэд биднийг гэх болов уу?

-Гадаадын шууд хөрөнгө оруулалт алдагдлыг нөхөх эх үүсвэр болохгүй л дээ. Харин гадаадаас авдаг хөнгөлөлттэй зээл тусламж нь төсвийн алдагдлыг хаах эх үүсвэр болдог. Гэхдээ манайд ирэх оны төсвийг хаахын тулд нэлээн олон төсөл бодитой хэрэгжих ёстой. Тэр төслийн бэлтгэл өнөөдөр хангагдсан уу, хэрвээ хангагдаагүй байвал цаад талтайгаа гэрээ хэлцэл хийгээд Засгийн газраар оруулаад, УИХ-тай зөвшилцөөд буцаж гэрээ хэлцлээ эцэслэх гэх мэт хэрэгжүүлэх хүртлээ жил байтугай урт хугацаа авдаг. Ер нь манайд нэг төсөл боловсрогдоод бодитой хэрэгжих хүртлээ 2.5-аас доошгүй жил шаарддаг. Маш шуурхай ажиллахад тэр. Тиймээс гаднаас авах зээлээр төсвийн алдагдлыг хаах нэг эх үүсвэр нь эргэлзээтэй болж байгаа биз. Нөгөө нэг эх үүсвэр нь Засгийн газар өөрөө гадаадын зах зээл дээрээс хөрөнгө босгож болно. Засгийн газар үнэт цаас гаргаад, борлуулаад алдагдлаа хаах тийм бодитой боломж байна уу, тэр нь эдийн засгийн хувьд үр ашигтай байх уу гэдгийг өнөөдөр хэн ч хэлж мэдэхгүй байна. Дэлхийн зах зээл дээр арилжааны нөхцөлөөр мөнгө босгох тийм боломж тодорхойгүй байна. Яагаад гэвэл хөгжилтэй орны том банкнууд бүгд хямарчихсан, хөрөнгө мөнгө олдлоо ч гэсэн үнэ өртөг нь өсчихлөө. Өндөр үнээр л мөнгө босож ирэх нь байна шүү дээ. Тэр чинь дотооддоо эргээд өндөр зар¬дал болж ирнэ. Тэгэхээр энэ нь эдийн засгийн хувьд үр ашигтай юу гэдэг нь эргэлзээтэй болж ирж байгаа юм. Гэх жишээний олон тодорхойгүй асуудал байна. Төсвийн алдагдлыг гадаад эх үүсвэрээс нөхнө гэдэг өөрсдийгөө хуурсан явдал гэж хэлээд байгаа нь ийм л учиртай юм.

-Эрсдэлийн сангийн хөрөнгөөр алдагдлаа нөхөх нь зөв биз дээ. Гэтэл тэнд жаахан мөнгө байдаг.

-Тэр зөв санал. Хуулийн дагуу Эрсдэлийн санг төсвийн алдагдал хүндэрсэн үед зарцуулах ёстой юм. Гэхдээ өнөөдөр Эрсдэлийн сангийн мөнгө төсвийн алдагдлын өчүүхэн хувьтай тэнцэж байна. Энэ онд улсын төсөв 400-гаад тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа. Түүнийг хаах ёстой, дээрээс нь ирэх оны төсөв дахиад 395 тэрбум төгрөгийн алдагдалтай байна. Багаар бодоход л 600-700 тэрбум төгрөгийн алдагдлыг санхүүжүүлэх хэрэгцээ бай¬на аа даа. Гэтэл Эрсдэлийн санд 200-хан тэрбум төгрөг байна шүү дээ. Энэ бол алдагдлыг хааж хүрэхгүй нь

-Тэгвэл одоо яах вэ. Ямар арга хамгийн зөв бэ таны хувьд?

-Монгол Улсын хөгжлийн сан гэж бий. Энэ сан нь богино хугацаанд түүхий эд өндөр байх үед олсон ашгаар байгуулагдсан сан. Тэр санг төсвөө эрүүлжүүлэхэд зарцуулах ёстой. Ингэхийн тулд хөгжлийн сангаас хийж буй хөрөнгө оруулалт, өрх гэрт өгч буй санхүүжилтийг эргэн харах ёстой юм. Яг хатуухан хэлэхэд зогсоох ёстой. Ер нь анхнаасаа яагаад хүүхдийн мөнгийг улсын төсвийн эх үүсвэрээр өгөөгүй, хөгж¬лийн сангийн эх үүсвэрээс өгсөн юм. Ийм бодлогын том арга хэмжээ авч, төсөв рүүгээ хандах ёстой байсан юм.

-Дэлхийн эдийн засгийн хямрал ер нь хэдий болтол үргэлжлэх бол, цаашдын ирээдүйн төлвийн талаар та юу гэж бодож байна вэ?

-Энэ их өвөрмөц хямрал болчихлоо. Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудаас эхэлчихлээ шүү дээ. Өөрөөр хэлбэл толгойноос эхэлсэн хямрал. Ийм хямрал бүх организмаар тарах магадлалтай. Тийм амар хялбар илаарших үндэс алга. Нэлээн хэдэн жил үргэлжилж болзошгүй гэж үзэх ёстой юм. Ингэхийн тулд өөрсдийн нөөц бололцоог дайчлах ёстой. Манайхан их моодны юм яриад байдаг шүү дээ, бүсээ чангалъя энээ тэрээ гэж. Тэгвэл тэр цаг ирлээ. Бүсээ чангална гэдэг зайлшгүй хэрэгцээг хаахын нэр биш, хүн идэж уух ёстой, гэтэл хүнд хязгаарлах хэрэгцээ бас байдаг. Удаан эдэлгээтэй урт хугацаатай зүйл авахаа хязгаарлаж болно, эдэлж хэрэглэж байгаагаа хямгадаж болно.
Улс оронд бас ийм бололцоо бий. Үүндээ тохирсон ухаалаг бодлого явуулах ёстой юм. Эдийн засаг нэг тэнцвэрээ алдчихвал дараа нь тэрний үр дагаврыг арилгах нь сэргийлэхээсээ илүү үнэ өртөг зардал гаргаж болзошгүй юм. Эдийн засгийн өсөлтийг дэмжье гэж ярьж байна. Хямралын үед хөрөнгө санхүүгийн хомсдолтой үед эдийн засгийн өсөлтийг дэмжих хэцүү. Их өндөр үнэ өртөг төлж болзошгүй.

-Тэгвэл ирэх жил инфляци нэг оронтой тоонд орно гэдэг худлаа болж таарах нь уу?

-Монгол банканд инфляцийг бууруул, төд болго гэж үүрэг өгөөд биелэгддэг зүйл биш. УИХ хууль баталж өгөөд, асуудал болчихлоо гэж үзвэл ёстой хариуцлагагүй зүйл болно. Хамгийн гол нь инфляцийг бууруулах бодлогыг төсөвт суулгаж өгөх ёстой юм. Тэгснээр инфляци буурах болохоос биш хэн нэгэнд үүрэг өгөөд буурдаг юм биш л дээ. Ямар инфляци байна, юу, юу нөлөөлж байна тэгээд түүндээ таарсан арга хэмжээ авах хэрэгтэй л дээ. Энэ оны инфляцийг авч үзвэл түүний 40-50 хувь нь гаднаас импортлогдож ирсэн инфляци байна. Цаана нь үлдэж байгаа 30-40 хувь нь өөрсдөө бий болгосон инфляци. Тэгвэл үүнийг авч үзээд гадны инфляци буурах юм байна, дотоодоос нөлөөлж байгаа инфляцийг бууруулах арга хэмжээг төсөвт хийж өгсөн үү гэдгийг нарийн үзэх хэрэгтэй юм. Хөрөнгө оруулалтаа нэмээд л байвал үр ашиг нь буурна шүү дээ.

-Ашигт малтмалын ордуудаа яаралтай ашиглалтад оруулъя гэдэг саналыг та хэрхэн хүлээж авч байгаа вэ?

-Би өөрөө инженер эдийн засагч хүн. Мэргэжил ч нөлөөлдөг л байх. Монгол Улс байгалийн баялгаа ухаалаг, хамгийн сүүлийн үеийн технологиор ашиглаж байж хөгжинө гэдэг үзэл бодол миний дотор хатуу байдаг. Би үүнийг аль болох хурдан хугацаанд маш ухаалаг аль, аль талын эрх ашигт нийцсэн хувилбараар хуулийг гаргаж, энэ ашигт малтмалыг эргэлтэд түргэн оруулах хэрэгтэй гэж боддог. Зүгээр харамлаад, хоорондоо булаацалдаад хугацаа алдаад суугаад байх нь хямралыг гэтлэхэд ч сөрөг үр дагавартай, улс орны хөгжилд ч саадтай. Бодлого дээрээ нэгдэж үүнийг төрүүлэх ёстой юм. Таван толгойн нүүрс гээд л ярьж байна. 20-30 жилийн дараа хүн төрөлхтөн нүүрс хэрэглэхээ болино шүү дээ. Цөмийн эрчим хүчийг жолоодож байна. Магадгүй хүний нийгмийн хөгжлийн түвшин халуун плазмын урсгалыг жолоодох түвшинд хүрнэ гэж ярьж байна шүү дээ. Тэр үед газар ухаж, нүүрс түлж утаа угиулах хэрэггүй болно шүү дээ. Хугацаа хожиж оновчтой бодлого явуулах ёстой л гэж бодож явдаг.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.