2008.01.01

Ч.Улаан: Мэргэжлийн байгууллагууд анхааралдаа авахгүй бол ам.долларын ханш дийлдэхгүй болж мэднэ

УИХ-ын гишүүн Ч.Улаантай уулзаж, цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.

-1.5 сая төгрөгөө авна гэсэн хүмүүс зээл авахаар хөөцөлдөж байна гэнэ. Тэдэнд та юу гэж хэлэх вэ?

-Засгийн газар, Монголбанкны удирдлага ил тод хэлж л байна. 1.5 саяыг өгөх үйлдлийг даах эдийн засаг байхгүй. Тэр дундаа бэлэн мөнгөөр өгөх боломж бүр ч үгүй. Ер нь нөхцөл байдал асар түргэн өөрчлөгдөж байгааг ойлгох хэрэгтэй. Таван толгой, Оюу толгойн орд газруудыг ашиглаж байж хишиг өгөх асуудал л анх боловсруулагдсан юм шүү дээ. Өнөөдөр орд ашиглалтад ороогүй, нөгөө талаар эдийн засгийн байдал амаргүй болчихлоо. Ийм байхад найдвар хэцүү.

-Найдах хэрэггүй гэж үү?

-Тийм, тэрийг шууд хэлэх хэрэгтэй. Алаагүй баавгайн арьсыг авах гэж булаалдаад хэрэггүйн тухай манайхан ярьдаг шүү дээ. Тиймээс 1.5 саяд найдаж зээл авбал хэцүү байдалд орно шүү.

-Ам.долларын ханш өсч байна. 1420 төгрөг болчих¬лоо гэсэн. Бүр 2000 хүрнэ гэгдэж байна. Ингэх үндэс¬лэл юу вэ?

-Зохиомол хөөрөгдөл байна. Ам.долларын ханш өсөөд байна гэж шуугиад байх тусам л өснө. Зохиомол юм чинь сайндаа л 14 хоног үргэлжилнэ биз. Ямар нэг хөдөлгөөн гарах нь бол ойлгомжтой цаг үе мөн. Тэр ямар хэмжээтэй вэ гэдгийг онож хэлэхэд хэцүү юм. Ер нь бол энэ асуудлаар бодлого явуулдаг газрууд нь даруй анхааралдаа авах хэрэгтэй. Ингээд тавьчихвал асуудал жолоодлогогүй, урсгалаараа яваад өгч мэднэ. Бүр дийлдэхгүй болж мэднэ. Манай худалдаа эдийн засгийн харилцаатай орнуудад эдийн засгийн бодитой өөрчлөлтүүд явагдаж байна. Нөлөөллийг нь бага байлгах дээр анхаарах хэрэгтэй. Зүгээр яриад суугаад байх нь хариуцлагагүй.

-Мэргэжлийн байгууллага анхааралдаа авлаа гэхэд яах хэрэгтэй вэ?

-Тэд яахыгаа өөрсдөө мэдэж байгаа л даа. Хамгийн гол нь эрэлт, нийлүүлэлтийнхээ харилцаагаар тодорхойлогдоно. Нөгөө талаар эдийн засгийн өөрийн чадавхиас хамаарна. Зах зээл дээр ам.долларын хомсдол бий болбол мэдээж ханш нь өсч таарна. Нөлөөлөх хүчин зүйл нь юу болохыг олж судлах хэрэгтэй.
Энгийн наад захын мэдээлэл гэвэл манай ченжүүд Солонгосын зах зээл рүү гарч байна. Тэр нь Монгол руу яаж орж ирж байгааг судлах хэрэгтэй. Мэдээж, төгрөгөөр орж ирэхгүй. Бараа таваар болж орж ирэх байх. Үүнд нь зохицсон арга хэмжээ авах ёстой. Зохиомол хэрэгцээ маш их бий болж байх шиг байна. Ер нь бол ам.доллар 2000-3000 мянган төгрөг болтлоо өсөхгүй ээ. Тийм амархан юм гэж байхгүй. 2003 онд ОХУ-д өр тэглэсний дараа ам.долларын ханш 2000 байтугай 4000 болох гэж байна гэж зөндөө л цуураа биз дээ. Тэгээд тийм юм болсон билүү, үгүй шүү дээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.