Улаан.Ч 2009.02.10

Ч.Улаан: Гаднаас санхүүгийн дэмжлэг ирлээ гэхэд хямрлыг бүрэн арилгачихгүй

УИХ-ын гишүүн Ч.Улаантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Өнөөдөр/өчигдөр/ хямралыг гэтлэн давах төлөвлөгөөг хэлэлцэж байна. Хэр үр дүнтэй болов. Монгол Улс эдийн засгийн хямралыг хэрхэн давах вэ, таныхаар?

-Хямралыг гэтлэх арга замыг хэлэлцэж эхэлсэн нь чухал юм. Нэг хэсэг хямрал хаалга тогшчихоод буцчих шиг, нөлөөлөхгүй ч юм шиг, Монгол баян орон учраас нэрвэгдэхгүй ч юм шиг их ярилаа. Тийм биш ээ. Дэлхий даяараа хямарч, том орнууд хүнд өртлөө. Манайх шиг жижиг эдийн засагтай, хоёр талдаа том хөрштэй улсын хувьд шууд мэдрэгдэж байна. Цаашид их хэмжээний өр авлагад баригдах аюул нүүрлэж болзошгүй. Хямралыг даван туулах арга замыг хугацаа алдалгүй, бодитой боловсруулж хэрэгжүүлэх хэрэгтэй. Өнөөдрийн хэлэлцэж байгаа асуудалд гишүүд нэлээд шүүмжлэлтэй хандсан. Цаашид сайжрах байх. Эцсийн эцэст монголчууд хямралыг өөрсдөө л даван туулна. Хаа нэг газраас шидтэн ирээд арилгачихгүй. Санхүү хөрөнгийн туслалцаа ирэхийг үгүйсгэхгүй. Ирлээ гэхэд дэмжлэг болохоос биш хямралыг бүхэлд нь арилгачихгүй. Төсвөө хэмнэх, зардлаа хэрхэн оновчтой болгох, тэвчиж болох зардлыг хойшлуулахаа тооцох хэрэгтэй. Аль болох гаднаас юм худалдаж авахгүй байвал л хямралд бага өртөнө.

-Таны тойрогт малчид, иргэдийн амьдрал ахуй хэр вэ. Хямрал хөдөөд хэрхэн нөлөөлж байна?

-Хямралыг гэтлэн давах талаар малчид нухацтай бодох цаг иржээ. Хөрөнгө мөнгөний хомсдолд орлоо гээд малаа борлуулж мөнгө төгрөг болгочихвол урт хугацаанд үргэлжилж болзошгүй хямралыг давахад бэрх. Малаа аль болох өсгөж, үр шимийг нь бүрэн дүүрэн хүртэж, идээ цагаагаа базааж чадвал хямралыг даван туулах малчдын баталгаа нь буянт мал.

-Сүхбаатар аймгийн олон өрх өнгөрсөн хавар байгалийн гамшигт малаа барж, хотоо харлуулсан. Тэдний амьдрал ахуй хэр байна?

Байгалийн гамшигт хамгийн их нэрвэгдсэн аймаг Сүхбаатар. Өнгөрсөн онд мал сүрэг өссөнгүй. Олон өрх амин зуулгаасаа салж, хотоо харлуулсан. Тэд давхар хүндрэлтэй учирлаа. Малчид бүгдээрээ банканд зээлтэй. Төлж чадахгүй, хугацаа тулж байна. Байгалийн гамшигт нэрвэгдсэн өрхүүдийг малжуулах төсөл хэрэгжүүлэхээр хөөцөлдсөн. Оны эхээр олон улсын байгууллагын төсөв, хөрөнгө төлөвлөгөөнд тусгагдаж шийдэгдсэн.

-Сүхбаатар аймагт Төмөртийн уурхай нээгдсэнээр улсаас татаас авахаа больж, төсвөө өөрөө бүрдүүлдэг болсон. Дэлхийн зах зээл дээр цайрын үнэ унаж, хямрал нүүрлэсэн нь хэрхэн нөлөөлөв?

-Сүхбаатар аймаг Төмөртийн уулын баяжуулах үйлдвэрээс цайрын баяжмал үйлдвэрлэн экспортод гаргаж, эдийн засаг санхүүгийн хувьд биеэ даасан. Энэ жил экспортод гаргах бүтээгдэхүүний үнэ хоёр дахин уначихлаа. Үүнд өнгөрсөн жилийн хямралын нөлөө ч бий. Үр ашиг нь маш их доошилсон. Хэрэглэгчдийн бүтээгдэхүүн худалдаж авах, эрэлт, нийлүүлэлт багассанаас баяжмалын үйлдвэр бараг зогссон. Үүнээс үүдэн аймгийн төсөв хөрөнгө хүндэрч, зайлшгүй шаардлагатай зардлаа санхүүжүүлж чадахгүй, улсаас дэмжлэг авахаас аргагүйд хүрч, санал тавигдсан байна лээ. Хямрал аймгийн эдийн засагт маш хүнд ачаа үүрүүллээ. Төр засгаас анхаарах байх.

-Тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүд энэ талаар юу хийж байна?

-Зайлшгүй шаардлагатай зардлыг санхүүжүүлэх, орлого бий болгоход нь төсвөөс дэмжлэг үзүүлэх ёстой гэсэн байр суурьтай байгаа.

-2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшихээр дурдагдаж буй эрхмүүдийн дунд таны нэр дуулдаж байна. Та ямар байр суурьтай байгаа вэ?

-Ерөнхийлөгчийн сонгуулийн компанит ажил эхлээгүй байгаа шүү дээ. Таамаглалууд хэвлэлээр явж байгаа байх. Уг нь хуулиар нарийн зохицуулсан ажил шүү дээ. Хэн нэр дэвших вэ, яаж дэвшүүлэх вэ гэдэг бүх үйл явц хуулийн дагуу хуулийн хугацаанд явагдах ёстой. Зарим хүн өөрөө өөрийнхөө компанит ажлыг эхэлчихсэн явж байгаа юм билээ. Ингэж болохгүй. Миний хувьд энэ асуудлыг хуулийн хүрээнд нь явуулах ёстой гэсэн байр суурьтай байгаа.

-Энэ асуудлаар танай нам хэдийд хуралдах вэ?

-Хуулийн хугацаагаар ирэх сарын сүүлчээр УИХ-д суудалтай намууд нэр дэвшигчдээ тодруулах ёстой.

-Та дэвших үү?

-Үүнийг нам дээр нэлээд нухацтай ярих асуудал.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.