Улаан.Ч 2009.03.06

Ч.Улаан: Засгийн газар унаж явах үедээ мэхээ хийх ёстой

Эдийн засгийн хямралд өртөөд байгаа Монгол Улс гарах гарцыг дор бүрнээ л хайж байгаа. Хямралыг гэтэлгэхийн тулд гаднаас зээл тусламж хүсч, тэтгэвэр тэтгэмжээ хасах зэргээр нэлээд олон арга хэмжээг аваад буй. Харин нэгэн цагт Сангийн сайдын албыг хашиж явсан УИХ-ын гишүүн Ч.Улаантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-ОУВС-ын төлөөлөгчид манай улсад ажиллаж байна. Тэд зээл тусламж авахын тулд халамжаа багасгаж, алдагдлыг багасгах шаардлага тавьж байгаа. Таны хувьд төсвөөс хасч танамаар зүйл байх юм уу?

-Олон улсын хамтын нийгэмлэг, банк санхүүгийн байгууллагуудаас тусламж дэмжлэг авахын тулд Монголын Засгийн газрын бодлого маш тодорхой байх ёстой. Мөн бодлого нь зөв чиглэлтэй, төсөв нь эрүүлжих талдаа буюу алдагдал нь багасах учиртай. Нийгмийн халамжийг хэрэгтэй хүмүүст нь зориулж, хавтгайруулах шаардлагагүй гэсэн зүйлүүдийг л ОУВС зөвлөөд байгаа юм. Түүнээс биш төсвийнхөө алдагдлыг багасга гэж олон улсын байгууллага иш мухаргүйгээр шахахгүй. Дотоод нөөц бололцоогоо сайтар дайчилна.
Урсгал зардал, гадаад, дотоод томилгоог аль болох оновчтой цөөн болгох, хүндрэлийн үед албан байгууллагууд машин, эд тавилга худалдан авахгүй байх, тоног төхөөрөмж авах зардлыг дээд зэргээр хэмнэж болно. Мөн дүрэмт хувцас өмсдөг төрийн албан хаагчид эдэлгээнийхээ хугацааг уртасгах зэрэг асуудал бий. Хөрөнгө оруулалтын эрэмбэ дарааллыг зөв тогтоох нь бас чухал. Дараа нь төсөвт дарамт учруулах байгууламжийн хөрөнгө оруулалтыг зогсоохоос аргагүй.

-ОУВС-гаас арилжааны банкин дахь харилцах дансанд төрөөс баталгаа гаргахыг зөвлөсөн шүү дээ. Төр баталгаа гаргаад хадгаламжийн мөнгийг хамгаалаад байдаг тухайн банкны удирдлага ямар нэгэн хариуцлага хүлээхгүй үлдэх бий гэсэн хардалт байна л дээ. Энэ талаар?

-Арилжааны банкуудад байгаа иргэдийн хадгаламж баталгаатай байх ёстой. Нэг хоёр банкны хариуцлагагүй үйл ажиллагаанаас болоод банк санхүүгийн систем хямрах учиргүй. Энэ бодлогыг төр тодорхойлох юм. ОУВС бодлогын иж бүрэн зөвлөгөө өгдөг. Хадгаламжийн даатгалтай холбоотой зөвлөмжид банкуудын тогтвортой байдлыг хангахын тулд харилцах дансанд төр баталгаа гаргаж байгаа юм. Төр баталгаа гаргахаар банкны хариуцлага давхар өндөрсөнө. Төр үргэлж эрсдэлд ороод байж болохгүй.

Төрийн цаана ард түмний хөрөнгө мөнгө бий. Эрсдэл үүсгэхгүй байх арга зам, хариуцлагыг арилжааны банкууд хүлээх ёстой. Хариуцлага хүлээж чадахгүй бол төрийн халамжаас гадуур байхаас аргагүй. Төрийн мөнгө онгорхой цоорхой бүхнийг хаадаг, хэн нэгний алдааг нөхдөг юм биш. Арилжааны банкуудад Төрийн сангийн үлдэгдэл мөнгийг байршуулахдаа шалгуур тавиад буйн учир хариуцлагын л асуудал. Ард түмний мөнгө эрсдэлгүй байх ёстой.

-Хямралыг даван туулахын тулд үйлдвэржилтийг хөгжүүлэх нь зөв үү, хүмүүс янз бүрээр л ярьж байна. Таны хувьд?

-Эдийн засгийн хямралын үед их хэмжээний хөрөнгө оруулалт хийдэггүй. Үйлдвэржилт өөрөө өргөн хүрээтэй үйл ажиллагаа. Амин чухал үйлдвэрүүддээ л хөрөнгө оруулалт хийх ёстой. Өнөөдөр хөрөнгө оруулахад маргааш нь үр өгөөжөө өгөөд зах зээлд бүтээгдэхүүн нь борлоод эдийн засгаа өөд нь татаж чадах үйлдвэрт л хөрөнгө оруулах хэрэгтэй. Түүнээс бус хавтгайруулаад үйлдвэржүүлнэ гээд энд тэнд том жижиг үйлдвэр байгуулаад эхэлбэл хямралын хүндрэлийг даван туулах биш хямруулсан зүйл болно. Одоо чинь үйлдвэр, үйлдвэрлэл орших уу эс орших уу гэсэн асуудал яригдаж байна. Хэрэв ийм үед ямар үйлдвэрт хөрөнгө оруулах вэ гэвэл зэс хайлуулах үйлдвэрийг л нэрлэнэ.

Эрдэнэтийн зэсийг хайлуулах үйлдвэр байгуулбал дэлхийн зах зээлд бүтээгдэхүүн нь борлогдоно. Цаашид зэсийн баямжмалын үнэ одоогийнхоос дор хаяж 5-6 дахин нэмэгдэнэ. Энэ бол үр ашигтай үйлдвэрлэл, хөрөнгө оруулалт. Түүнээс биш сум бүрт үйлдвэр байгуулна гэвэл худлаа. Эдийн засаг сэргэж байх үед үйлдвэр байгуулж чадаагүй. Эдийн засгийн хүндрэлтэй үед хэцүү. Унаж явах үедээ болох мэхээ хийх ёстой.

-Та УИХ-аас байгуулагдсан санхүү, эдийн засгийн хямралыг давах төлөвлөгөөний төслийн ажлын хэсгийг ахалж ажилласан. Ер нь төлөвлөгөөнд гишүүдийн саналыг төлөвлөгөөтэй уялдуулж чадсан болов уу?

-УИХ-аас байгуулагдсан ажлын хэсгийг ахалж ажилласан. Анхны хэлэлцүүлгийн үед УИХ-ын гишүүдээс гарсан олон саналыг хэлэлцэхээр болсон. Хэрэв гишүүдийн саналыг Засгийн газрын төлөвлөгөөнд бүрэн тусгана гэвэл хямралыг гэтлэхэд шаардлагатай гэж Засгийн газраас тооцоолсон 1.5 их наяд 2.4 их наяд болох байсан.
Энэ мөнгийг гадаад зах зээлээс татах бололцоо, баталгаа байхгүй учраас гишүүдийн саналыг дахин авч хэлэлцээд хөрөнгө мөнгө нэмэгдүүлсэн саналыг тусгахаас түдгэлзэж Засгийн газраас оруулсан төлөвлөгөө үнийнхээ дүнгээр батлагдсан. Засгийн газрын төлөвлөгөөг УИХ баталж хэрэгжүүлэх боломжийг нь нээж өгсөн.

-Хямралаас гарах төлөвлөгөөг ямар болсон гэж бодож байгаа бол?

-Төлөвлөгөөг сайн, муу болсон гэж дүгнэж хэлэх хэцүү. Хэрэгжүүлэх л чухал. Тулгамдсан нэн тэргүүний асуудлуудыг төлөвлөгөөнд оруулахын тулд хаа хаанаа хичээж ажилласан. Хүндрэл бэрхшээлийг хохирол багатайгаар хэрхэн даван туулах вэ гэсэн асуудал гол анхаарал татсан. Хүндрэлийг тойрч зугтах аргагүй. Нэгэнт л нүүр тулсан учраас хямрал мэдрэгдэж таарна. Аль болох гарз хохирол багатай гарах л чухал.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.