2018.06.25

ЕБС-ийн захирал, хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийг тухайн сум, дүүргийн Засаг дарга томилохоор боллоо

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын нэгдсэн чуулганаар Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг баталсан.

Хуулийн төслийг  УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Д.Ганболд нар 2018 оны 2 сарын 2-ны өдөр өргөн мэдүүлжээ.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар УИХ-ын дарга М.Энхболдод хуулийн төсөл өргөн мэдүүлж байгаа нь

2012 онд Боловсролын тухай хуульд оруулсан өөрчлөлтөөр урьд нь сум, дүүргийн Засаг дарга нь ерөнхий боловсролын сургуулийн захирал, хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийг томилж, чөлөөлж байсныг өөрчилж, эдгээр албантушаалтныг аймаг, нийслэлийн Засаг дарга томилж, чөлөөлөх, тэдэнтэй үр дүнгийн гэрээ байгуулахаар заасан. Харин төсөл санаачлагч гишүүд хуулийн энэ зохицуулалтыг өөрчилж, сум, дүүргийн Засаг дарга нь өөрийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн цэцэрлэгийн удирдлагыг томилж, чөлөөлдөг байх төслийг санаачилсан байна.

Хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг НББСШУ-ын байнгын хорооны хуралдааны үеэр хэлэлцэж байхад БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа боловсроын хуулиудыг сугалж биш цогцоор нь авч үзэх ёстой учир энэ хуулийн төслийг дэмжихгүй байгаагаа илэрхийлснээр тус байнгын хорооноос уг хуулийн төслийг дэмжээгүй байдаг.

Харин УИХ-ын нэгдсэн чуулганы үеэр төсөл санаачлагч УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:Боловсролын багц хууль Их хурлын босго давж батлагдана гэхэд эргэлзээтэй байна. Сайд нар 2-3 жил ажилладаг. Ирсэн сайд бүр бодлого гаргадаг. Энэ салбарт тогтсон бодлого алга. Сургуулийн хамт олон ах дүү шиг болчихсон байдаг. Багшаа өөрсдөө томилдог болгох хэрэгтэй. Эрх мэдэл хуваах асуудал дээр яагаад хойрго хандаад байна вэ?” гэснээр хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж, олонхи гишүүдийн дэмжлэгийг авч чадсан юм.

Хуулийн төсөл батлагдсанаар дараах зохицуулалт тусгагдахаар болжээ.
  1. Ерөнхий боловсролын сургуулийн захирал, хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийг тухайн сум, дүүргийн Засаг дарга томилдог болно.

  2. Ерөнхий боловсролын сургуулийн захирал, хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийг томилоход аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэх одоогийн зохицуулалтыг хэвээр үлдээх боломжтой болно.

  3. Үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсрлоын газрын саналыг үндэслэн ерөнхий боловсрлоын сургуулийн захирал, хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийг чөлөөлдөг болно.

  4. Дүүргийн Засаг дарга дүүргийн боловсролын хэлтсийн даргыг сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн нийслэлийн боловсролын газрын даргын саналыг харгалзан томилж, чөлөөлдөг болно.

Сэтгүүлч

Vip76.mn А.Цолмон tsolmon@vip76.mn