Улаан.Ч 2008.01.01 | Сонин: Өдрийн сонин

Ч.Улаан: Дангаараа засгаа байгуулах байр суурьтай гишүүд цөөнгүй байгаа

УИХ-ын гишүүн Ч. Улаантай уулзлаа.

-С.Баяр Ерөнхий сайдынхаа ажлаас эрүүл мэндийн байдлаас болоод чөлөөлөгдлөө. Харин түүний бүрдүүлсэн танхимыг өөрчлөхгүй хэвээр үргэлжлүүлэн ажиллах нь Үндсэн хуулийн заалттай зөрчилдөж байна гэж зарим хуульч тайлбарлаж байна. Та олон жил парламентад сууж байгаа хүний хувьд үүнийг хэрхэн дүгнэж байна вэ?

-Хуульчид л нарийн утгыг нь ялгаж, салгаж хэлэх байх. Үндсэн хуулинд тодорхой заалт байдаг. Үндсэн хуулийнхаа тэр заалтад нийцүүлж ажиллах ёстой гэж бодож байна.

-УИХ-ын чуулганы хуралдааны индрээс С.Баяр "Чөлөөлөгдөх хүсэлтийг минь Засгийн газрыг огцруулах, өөрчлөх шалтаг болгон ашиглах гэсэн явуургүй оролдлого ажиглагдаж байна" гэж хэлсэн. Та тэр үгийг хэрхэн хүлээж авсан бэ?

-Тэгж хэлсэн юм уу. Би түүнийг сайн анзаараагүй юм байна. Ямар ч үйл ажиллагаа хуулиар тогтоогдсон хэм хэмжээний дагуу л шийдэгдэх ёстой.

-Энэ байдлыг далимдуулан МАХН-ын зарим гишүүд одоогийн бүрэлдэхүүнийг огцруулж, дангаараа засгаа барих нь зүйтэй гэж гүйлдэх болсон гэсэн мэдээлэл байна?

-Дангаараа засгаа барих эрхийг ард түмэн МАХН-д өгсөн шүү дээ. Яагаад гэвэл УИХ-д олонх суудал авсан улс төрийн хүчин бол МАХН Тэгэхээр дангаараа засгаа байгуулах уу эсвэл хамтарсан хэвээр байх уу гэдэг нь МАХН-ын бодлогын асуудал.

-АН-тай нийлж ажилласны хэрэг ч гарлаа, одоо дангаараа Засгийн газраа байгуулъя гэсэн бодолтой гишүүд олон байгаа, зарим нь нэгдээд байна гэх мэдээлэл авсан юм. Энэ үнэн үү?

-Ард түмнээс өгсөн эрхийнхээ дагуу засгийн газраа байгуулах байр суурьтай гишүүд цөөнгүй байгаа.

-Таны хувьд?

-Сонгодог жишгийн дагуу бол олонх болсон нь засгаа байгуулж, хариуцлагаа үүрээд, цөөнх болсон нь хяналт тавьдаг л байх ёстой. Гэвч МАХН олон түмний эрх ашгийг л дээдэлж, хамтарсан Засгийн газар байгуулах санал гаргасан юм.

-Ер нь МАХН дангаараа засгаа байгуулах уу эсвэл энэ хэвээрээ Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг хадгалан ажиллах уу гэдэг шийдвэрийг хэн гаргах эрхтэй вэ?

-Энэ нь Бага хурлын бүрэн эрхийн асуудал. Хэрэв Бага хурал хуралдуулах боломжгүй бол эрхийг шилжүүлсэн Удирдах зөвлөл, намын удирдлага хэлэлцэж шийдвэрээ гаргах ёстой юм.

-Гэхдээ танай намын дарга шинэ Засгийн газар хамтарсан хэвээр байна гэдгээ чуулганы хуралдааны индэр дээрээс ч, намын Бага хурал дээр ч хэлсэн. Тэгэхээр асуудал тодорхой болчхоогүй юм уу?

-Энэ талаар намын албан ёсны бодлого тодорхой гараагүй байна.

-С.Баяр "Биеийн байдал үнэхээр хүнд байна" гэдгээ мэдэгдсэн. Хэрвээ удаан хугацаагаар эмчлүүлэх шаардлагатай бол намын даргын ажлыг бас хийж чадах уу гэдэг асуудал гарч ирж байна?

-Тэр талаар би мэдэхгүй байна. Биеийн байдал нь ямар байгаа эмчилгээг хэр удаан хугацаагаар хийлгэх зэргээс хамаарах байлгүй дээ.

-Намын дарга нь тогтоолыг Бага хурлаас баталж гаргаж байсан шиг санагдаж байна. Тэгвэл одоо энэ журмаа өөрчлөх шаардлагатай болох уу?

-Намын даргыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ гэсэн заалт байгаа. Түүнээс заавал байна, байхгүй гэсэн зохицуулалт байхгүй.

-Ер нь намын даргыг намын их хурлаас томилдог. Намын дүрмийн дагуу өнөө жил МАХН-ын их хурал хуралдах ёстой байгаа. Тэгэхээр энэ үеэр намын даргыг улируулан сонгох уу, эсвэл...

-Намын их хурлыг хоёр жил тутамд нэг удаа хуралдуулна гэж намын дүрэмд заасан байгаа. Энэ дүрмээ баривал энэ жил хуралдуулна гэсэн үг. Энэ он дуусахад хоёр сар гаруйн хугацаа байна. Хуралдуулах эсэхийг ярилцаж байж л шийдэх байлгүй.

-С.Баярын тэргүүлсэн хамтарсан Засгийн газрыг хэр ажилласан гэж та дүгнэж байна вэ?

-Би ганцаараа үнэлж дүгнэхэд учир дутагдалтай.

-Хувь хүнийхээ бодлыг хэлж болно шүү дээ?

-Сэтгүүлчид та нар УИХ дээр хэлэлцэж байгаа бодлогын баримт бичгүүдийн талаар УИХ-ын гишүүдийн өгч байгаа үнэлэлт, дүгнэлтийг ажиглаж л байгаа байх. Хүнд нөхцөлд хамтарсан Засгийн газар ажиллаж байгаа. Гэхдээ шүүмжлэлтэй асуудал олон байна. Сайн зүйл ч, бас дутагдал ч байна. Хямралын үед байж болох хувилбарыг шуурхай авч хэрэгжүүлээгүй, удаан ажилласан гэсэн шүүмжлэлд байнга л өртөж байлаа.

-Харин ч С.Баяр засгаа хамтарч байгуулах стандарт бус шийдвэр гаргасан ы үр дүнд улс төрийн болгож, томоохон ордуудыг эргэлтэд оруулах эхлэлийг тавьсан юм биш үү?

-Хамтын зорилтуудаа хэрэгжүүлэхийн тулд хугацаа хожиж ажиллах нь хамтарсан Засгийн газрын зорилго байсан. Сонгуулиар МАХН- эх орны хишгийг, АН ч эрдэнийн хувийг өгнө гэж амласан. Дэвшүүлсэн амлалтууд нь ижил учраас ажил хэрэг болгохын тулд хамтарч засгаа байгуулсан. Үүний үр дүнд Оюу толгойн гэрээ байгуулагдаж, хөдөлгөөнд орсон гээд нааштай зүйл байгааг үгүйсгээгүй.

-Намын удирдах зөвлөлд шинэ Ерөнхий сайдад нэр дэвших саналаа Ц.Нямдорж сайд гаргасан гэсэн. Гэвч түүнийг хүлээн аваагүй. Уг нь хоёр хүний нэрийг Бага хуралд оруулж санал хураавал илүү ардчилалтай. Ганцхан хүний нэрийг намын удирдах аппаратаас тулгачихаар гишүүдэд сонголт байхгүй байсан юм шиг ээ?

-Манай нам дотроо ардчилалтай. Асуудлаа дотроо , ярилцаж байгаад бодлогоо , тодорхойлоод Сү.Батболдын нэрийг оруулж ирснийг гишүүд дэмжсэн. Удирдах зөвлөл заавал хоёр хүний нэрийг оруулах албагүй шүү дээ. Бага хурлын гишүүдэд танхимаас нэр дэвшүүлэх эрх нь байсан хэн ч санал гаргаагүй. Өнөөгийн нөхцөл байдалд энэ хувилбар нь зөв зүйтэй гээд гишүүдийн олонх шийдвэрээ гаргалаа.

-Гадаад харилцааны сайд Сү.Батболд Ерөнхий сайд болж байна...

-Би энэ хүнийг Ерөнхий сайдад нэр дэвшсэнд дотроо баяртай байгаа. Бид өмнө нь багагүй хугацаанд хамтран Засгийн газарт ажиллаж байлаа. Намайг Сангийн сайдаар ажиллаж байхад Сү. Батболд Гадаад хэргийн дэд сайдаар ажиллаж байсан. Бид хуучин системээс өвлөж авсан өр авлагыг барагдуулах, гадаад харилцааг эдийн засагжуулах чиглэлээр хамтарч ажиллаж байсны хувьд энэ хүнийг сайн мэднэ. ОХУ-д төлөх өрийн асуудлаар бид хоёр ажлын хэсгүүдийг ахлаад ажиллаж байсан. Мөн намайг Шадар сайдаар ажиллаж байхад Сү.Батболд Үйлдвэр худалдааны сайдаар ажиллаж байлаа. Тэгэхээр энэ хүн бодит эдийн засгийн салбарт тодорхой ажил хийсэн, бизнесийн чиглэлээр ажиллаж байсан, гадаад харилцааны талаар шаггүй мэдлэгтэй боломжийн хүн Засгийн газрыг толгойлохоор болж байгааг хувьдаа дэмжиж байгаа. Бид бас Сүхбаатар аймгийн гаралтай хүмүүс. Энэ утгаараа ч гэсэн нутаг усаа дагаад ажил төрлийн холбоотой ажилладаг юм.

-Шинэ Ерөнхий сайдын бүрэн эрх хэрэгжээд энэ танхимыг хэвээр нь ажиллуулна гээд зарлавал хууль зөрчсөн, зөрчихгүй гэсэн асуудал нэг тийш болох уу?

-Ерөнхий сайдыг баталснаар бүрэн эрх нь баталгаажна. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн ямар байх талаар саналаа оруулах бүрэн эрх Ерөнхий сайдад бий.

-Сү.Батболд энэ танхим хэвээр ажиллана гэдгээ урьдчилан хэлсэн байна лээ. Тиймээс асуудал тодорхой юм шиг байна?

-Урьдчилан тааж мэдэх биш. Ямар санал болгохыг харж л байя.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.