Н.Цэрэнбат 2018.06.27 | Яамны хэвлэл мэдээллийн алба

Н.Цэрэнбат: БОАЖЯ-ыг 2019 он гэхэд бүрэн цахимжуулахаар ажиллаж байна

Н.Цэрэнбат: БОАЖЯ-ыг 2019 он гэхэд бүрэн цахимжуулахаар ажиллаж байна

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат Испаний вант улсад албан томилолтоор ажиллаж байна. НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллага, Испаний вант улсын Эрчим хүч, аялал жуулчлал, дижитал хөтөлбөрийн яамтай  хамтран “Аялал жуулчлалын ухаалаг бүс нутаг – Олон улсын 2 дугаар хуралдаан”-ыг зохион байгуулж байгаа юм.

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат энэ үеэр ДАЖБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Зураб Пололикашвилитэй уулзалт хийж, Монгол Улсын аялал жуулчлалын гол чиглэл дагуу дэд бүтэц, бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэхэд донор байгууллагууд, хөрөнгө оруулагчдыг татахад Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын зүгээс дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ.

Түүнчлэн Монгол Улсад аялал жуулчлалын статистик мэдээллийг тооцоолох “Tourism Satellite Account” аргачлалыг нэвтрүүлэх, аялал жуулчлалын тандалт судалгааны төв – “UNWTO Sustainable Tourism Observatory Center” байгуулахад хамтран ажиллах, гар утсанд суурилсан ухаалаг аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээ зэрэг аялал жуулчлалын дижитал технологийг нэвтрүүлэх болон бусад асуудлуудаар санал солилцлоо.

“Аялал жуулчлалын ухаалаг бүс нутаг – Олон улсын 2 дугаар хуралдаан”-д олон улсад дижитал технологиор тэргүүлэгч байгууллагууд оролцож байгаа ба Н.Цэрэнбат сайд IBM, Master card, Amadeus зэрэг байгууллагын төлөөлөлтэй уулзаж,  2019 он гэхэд Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамыг бүрэн цахимжуулахаар ажиллаж байгаа талаараа танилцуулсн юм.

Хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж буй дээрх хуралдаан нь аялал жуулчлалын технологи, шинэчлэл, бүх нийтэд хүртээмжтэй, тогтвортой байдал дээр тулгуурласан 21 дүгээр зууны аялал жуулчлалын шинэ загварыг бий болгох, цаашлаад аялал жуулчлал “Тогтвортой хөгжлийн зорилт 2030”-ыг хангах түлхүүр салбар болохыг онцлох зорилготой юм.

Мөн хуралдаанаар дижитал технологи дээр суурилсан аялал жуулчлалын бүс нутгийн шинэчлэл, аялал жуулчлалын үр нөлөөллийг мониторинг хийх гарцууд, ухаалаг засаглал, шинэ технологи, шинэчлэлийг ашиглан тогтвортой хөгжлийг урагшлуулах, дата мэдээллийн ашиглалт ба кибер аюулгүй байдал, салбарын хамтын ажиллагаа ба нээлттэй платформ гэх мэт өргөн хүрээний сэдвүүдээр оролцогч талуудыг хамруулсан хэлэлцүүлгүүд зохион байгуулж байна.

Сэтгүүлч

Vip76.mn О.Батзаяа batzaya@vip76.mn