2010.11.02

Ч.Улаан: Шүлхийн тархалт хумигдах хандлага бүрхэг байна

Сүхбаатар аймгийн бүх суманд  малын шүлхий өвчин тархаж, хөл хорио тогтоосон. Энэ байдал өвөлжилтийн байдлыг хүндрүүлжээ. Энэ талаар тус тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Ч.Улаантай ярилцлаа.

- Сүхбаатар аймгийн нутагт гарсан малын шүлхий өвчний явц, нөхцөл байдал ямар байгаа вэ. Энэ талаар тойргоосоо сүүлийн үеийн  мэдээлэл авсан уу?

- Сүхбаатар аймагт малын шүлхий өвчин гараад нэлээн удлаа. Өнгөрсөн наймдугаар сарын 20-оос эхлэн хорио цээр тогтоож, шүлхийтэй тэмцэж эхэлсэн. Өнөө хүртэл хоёр сар гаруй хугацаа өнгөрлөө. Харамсалтай нь нөхцөл байдал сайжрах, өвчний цар хүрээ хумигдах хандлага бүрхэг байна. Цаг агаарын хувьд хүйтэн болохоор дэгдэлт ихэсдэг онцлог бий. Шүлхийтэй тэмцэж, арга хэмжээ авахаар хөөцөлдөж байна. Нааштай хандлага гарна гэж найдаж, хүлээж байгаа. Ингэж удаан сунжирч байгаа нь ард иргэдэд хүндрэлтэй байдлыг бий болгосон. Адаглаад отор нүүдлээ хийж чадахгүй намаржаа, өвөлжөөндөө бууж чадахгүй боллоо. Малчид хоол хүнс, өргөн хэрэглээний бараагаар гачигдаж байна. Хөл хорио тогтоосон учраас тэнд худалдаа чөлөөтэй явахаа больсон. Хамгийн гол нь малчид орлогогүй боллоо. Мал, мах хоригдсон. Үүнээс үүдэж орлогогүй хүмүүс өр зээл тавихаас өөр боломжгүй, бараагаа зээлээр өгөх  хүн тэр бүр  байхгүй. Тиймээс  хөдөө орон нутагт байдал улам бүр хүндэрч байна.

- Малчдын байдал хүндрэхээр хотод сурч байгаа оюутан хүүхдүүд ч бас сургуулиа орхих, хоол хүнсээр дутагдах хандлага гарч байгаа байх?

- Зөвхөн хөдөө орон нутагт төдийгүй хотод ч нөхцөл байдал хүндэрч  байна. Телевизээр саяхан нэг оюутан ярьж байна лээ. Хамт амьдардаг найзынхаа өмнө худалч болж дууслаа. Бусдын хоолыг нь идээд байдаг, миний хоол ирнэ, ар гэрээс дэмжлэг ирнэ гээд байгаа. Гэтэл юу ч ирдэггүй хэцүү байдалтай боллоо гэж тэр оюутан ярьсан. Хот хөдөө, хөгшин залуугүй байдал иймд хүрсэн. Аль болох асуудлыг түргэн цэгцэлж, хорио цээрийг хурдан тавиасай. Гэхдээ энэ нь цаанаа дэгдэлтээс шалтгаалж мал мах, ноос ноолуур гээд түүхий эд хориотой байдаг. Тиймээс  улам хүндэрч амаргүй байдалтай болж байгааг хаа хаанаа анхаарах ёстой.

- Энэ байдлаас эрт урьдчилан сэргийлэх боломж байсан уу?

- Ер нь эргээд дүгнэлт хийхэд бид ийм байдалд хүрэхгүй байж болох байсан. Өмнө нь ийм асуудал мэдэгдэж  байсан, хорио цээрийн дэглэм  ч тогтоогдож  байсан. Өнгөрсөн жил улсын төсөв хэлэлцэх явцад Швейцарын хөгжлийн агентлаг Сүхбаатар аймгийг малын халдварт өвчнөөс сэргийлж вакцинжуулъя. Бүх вакциныг үнэ төлбөргүй нийлүүлье, та нар харин малаа вакцинжуулах, тарилга туулга хийлгэх  ажлаа хариуцчих гэж санал тавиад хөрөнгө мөнгийг нь төсөвт суулгуулах гээд хөөцөлдөөд чадалгүй хугацаа алдсан. Тухайн үед 700 сая төгрөг шийдүүлэх тухай ярьж байсан бол тав зургаан тэрбум төгрөг шүлхийтэй тэмцэх вакцин худалдаж авахад гаргачихлаа. Мөн хорь гаруй мянган толгой малаа устгуулчихлаа. Энэ  нь малчдад маш их хохирол болж туссан. Асуудлыг цаг тухайд  нь шуурхай  зөв шийдүүлж чаддаггүйгээс асар их хөрөнгөний үргүй зардал гаргахад хүргэсэн.
Тиймээс цаашид олон улсын байгууллагуудтай хамтарч ажиллах, болж өгвөл тэднээс дэмжлэг авах, бага чулуугаар их чулуу доргиож ажиллаж сурах хэрэгтэй  талаар  эндээс сургамж авах ёстой.

- Шүлхийтэй тэмцэх арга барил алдаатай байна гэж та хэлж байсан. Үүнийгээ  тодруулахгүй юу?

- Ард иргэдийн дунд  байгаа нэг зүйлийг онцолж хэлэхэд шүлхийтэй тэмцэж байгаа арга механизм зөв юм уу гэж эргэлзэхэд хүрч байна. Хил зэргэлдээ улс орнуудын туршлага бий. Ахмадууд, өвөг дээдсийн үед шүлхий гэдэг өвчин байсан. Тухайн үед бүгдийг нь алж устгаад байсангүй. Шүлхийтэй тэмцэх өөрийн гэсэн арга барилтай явж ирсэн. Хуучны тэр аргыг хэрэглэж болоогүй юм уу гэдэг асуудал сүүлийн үед ихээхэн яригдаж, радио телевизээр хэлэлцүүлэг  яваад эхэллээ. Цаашид энэ өвчинтэй яаж тэмцэх вэ, арга техникээ боловсронгуй болгох шаардлага  бидэнд бий. Энэ талаар хөдөөгийн малчид хөдөлмөрчид сэтгэл их дундуур байна. Яасан ч их сүржин болсон юм, яасан ч давлиун болсон юм. Юм л бол ална, устгана дарна гэдэг болж гэж ихээхэн шүүмжлэлтэй хандаж байна шүү дээ, малчид. Шүлхийтэй тэмцэх арга барилаа, түүнээс  сэргийлэх ажлаа эргэж харж, бодох зүйл их байна.

- Тэгэхээр сүхбаатр аймагт өвөлжилтийн байдхал хүндрэх нь гэж ойлгож болох уу?

- Нүүдэл суудал гээд бүхий л хөдөлөөгнд хөл хорио тогтоочихсолн байхад хүнд байлгйү яахав. Отор нүүдэл хийх, аргал хөрзөнгөө татах, идэш хоол,өргөн хэрэглээний барагаа татаж авах нөөцлах ажил тодорхой хэмжээгээр хорио цээрийн дэглэмд шилжсэн. Амаргүй хзүндрэл бэрхшээлүүдийг бий болгож байна.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.