Л.Оюун-Эрдэнэ: "60 тэрбум"-ын асуудлаар нийтийн сонсгол зохион байгуулахыг 19 гишүүн дэмжсэн
2018.06.28

Л.Оюун-Эрдэнэ: "60 тэрбум"-ын асуудлаар нийтийн сонсгол зохион байгуулахыг 19 гишүүн дэмжсэн

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “60 тэрбум”-ын асуудлыг шийдэхгүй бол УИХ-ын чуулганы хуралд суухгүй гэдгээ мэдэгдсэн билээ. Тэрээр энэ асуудлаар нийтийн сонсгол зохион байгуулахаар гишүүдийн гарын үсэг цуглуулж эхэлсэн юм. Түүний энэхүү саналыг 19 гишүүн дэмжиж гарын үсэг зурсан байна. Тиймээс хуулийн дагуу нийтийн сонсгол зохион байгуулах хүсэлтийг УИХ-ын даргад өргөн барихаар болжээ. Өргөн барихынхаа өмнө тэрээр хэвлэийнхэнд мэдээлэл өглөө. 

УИХ-ЫН ГИШҮҮН Л.ОЮУН-ЭРДЭНЭ:

-“60 тэрбум"-ын асуудал хэрхсэн талаарх албан ёсны тайлбар, мэдээлэл огт хийгддэггүй, зарим тохиолдолд зориудаар хууль зүйн хувьд тодорхой бус мэдээлэл хийгдэх болов. Тодруулбал, УИХ-ын даргын Улс төрийн бодлогын зөвлөх Б.Гүнбилэг 2018 оны зургадугаар сарын 16-ны өдөр олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр 'АТГ, ТЕГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг 60 тэрбумын хэргийг шалгаад гэмт хэргийн шинжгүй болохыг тогтоосон' гэсэн мэдээллийг олон нийтэд хүргэсэн. Тухайн асуудлыг шалгах, нотлох чиг үүрэг бүхий байгууллага нээлттэй байх ёстой мэдээллийг ил болгохгүй байгаагийн улмаас ард түмний авлигатай тэмцэх чиг үүрэг бүхий төрийн тусгай байгууллагад итгэх итгэл өдөр ирэх бүр буурсаар байна. Тиймээс УИХ-ын гишүүд бид хуульд заасан эрхийнхээ дагуу нийтийн сонсгол явуулах нь зүйтэй гэж үзэж байна. Нийгэмд дуулиан тарьсан '60 тэрбум'-ын гэх хэрэг хэрхэн шийдэгдсэн талаарх асуудлаар нийтийн сонсголыг УИХ-ын хаврын чуулган хаахаас өмнө зохион байгуулахыг хүсье. УИХ-ын дарга М.Энхболд өөрийгөө буруугүй гэж өчигдрийн чуулганы хуралдааны үеэр мэдэгдсэн. Үнэхээр буруугүй бол нийтийн сонсголд оролцон энэ асуудлаар тайлбар хийнэ үү' гэлээ.

Нийтийн сонсголыг УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Н.Учрал, Л.Оюун-Эрдэнэ, Б.Жавхлан, С.Жавхлан, Х.Болорчулуун, Б.Энх-Амгалан, Д.Тэрбишдагва, Д.Дамба-Очир, Б.Нарантуяа, Я.Содбаатар, Ж.Энхбаяр, Б.Солтан, А.Сүхбат, Х.Нямбаатар, Л.Энхболд, Б.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан нар дэмжиж гарын үсэг зуржээ.

Хуулийн дагуу 14 хоногийн дотор хариу өгөх ёстой. Тэр дагуу Төрийн байгуулалтын байнгын хороо нийтийн сонсголыг зохион байгуулна. Чухал асуудлыг яаралтай горимоор хэлэлцдэг жишиг байдаг. байна.