Л.Болд 2018.06.29 | Өдрийн сонин

Л.Болд гишүүнээс өөр хариуцлага ярьдаг, нэхдэг хүн байна уу, энэ парламентад

Л.Болд гишүүнээс өөр хариуцлага ярьдаг, нэхдэг хүн байна уу, энэ парламентад

УИХ-ын хаврын чуулган хаагдахад хоёр хоног үлдсэнийг, хариуцлага нэхсэн олон асуулт парламентын танхимд байгааг Л.Болд гишүүн л ганцаараа чуулган дээр сануулж байх юм.

Тэрээр

"Олон хоног хэлээд цөхрөнгөө барж байна даа, олон долоо хоног хэлэлцэх асуудалгүй юм шиг яваад байсны гор гарч байна даа. Хоёрхон өдөрт улс орон, ард түмний хувь заяанд нөлөөлөх өчнөөн асуудлыг шуурхайлж шийдээд, наадмын үеэр, ар хударгаар ард түмнийхээ хардлагыг төрүүлэн байж шийдвэрүүд гаргах гэж байна. Байнгын ажиллагаатай парламент л юм бол байнга бий болж байгаа онцгой нөхцөл байдалд тохирсон хариултыг өгч байх хэрэгтэй. Хүүхдийн амь нас үрэгдэж, нийгмээрээ цочирдоод ард түмэн хөдлөхөд бэлэн байхад арван сараас нааш парламент дуугарахгүй юу. Бүх юм энэ хооронд бахь байдгаараа байх уу" хэмээсэн юм.

Үнэхээр одоогийн МАН-ын зонхилж буй УИХ үе үеийн парламентаас хамгийн хариуцлагагүй, ажилгүй, цаг өнгөрөөж аргацаасан, бөгс, бөөрний асуудал хэлэлцэхээс өөрийг чадахгүй, ард түмнийхээ амьдралд наалдах асуудал нэгийг ч ярихгүй байгааг иргэд өдөр бүр шахам харсаар налгар зун, наадамтай золгож байна. Уг нь манайх чинь парламентын засаглалтай улс гэж байгаа.
Гэтэл үүрэг, хариуцлагын хомсдолоос шалтгаалан өдөр бүр шахам хүүхдийн амь нас үрэгдэж байгаа асуудалд хэн хариулт өгч, хэн шийдвэр гаргах вэ. Парламентын засаглалтай юм бол УИХ яагаад нийгмийг цочирдуулж байгаа энэ асуудлуудад дүлий дүмбэ оргичихоод бөгс, бөөрний асуудал хэлэцэхээрээ амь орж сэргэж байна вэ. Хэсэг бүлгээрээ мэдэгдэл хийж попроод байсан өнөө эмэгтэй гишүүд хаана байна? Яагаад хэн нь ч гарч ирж хүүхдүүдийн амь насны төлөө парламентыг,  нийгмээ уриалахгүй байна вэ? Үүнд манай улсыг удирдаж, чиглүүлж байгаа хүмүүсээс хэн хариулт өгөх вэ?
Хэн ч хариулт өгсөнгүй, харин ч найр наадмын цаг тулсан, хөлбөмбөгийн дэлхийн аваргаар нийгмээрээ амьсгалж байгаа дээр нь олон нийт, ард түмний эрх ашгийг ноцтойгоор хөндөхүйц опон хуулийн төслийг хууль болгож авахаар гэтэж мяраасан муур шиг л аашилж байна. Дараагийн буюу ирэх аравдугаар сард эхлэх намрын чуулганаар улсын төсвөө ярьсаар байгаад л дуусна, ирэх хавар нь сонгууль яриад эхэлнэ. Энэ удаагийн чуулганаар л амжиж улс орны хөгжилд түлхэц нэмэр болох, ард түмэндээ наалдацтай олон чухал асуудлуудад парламент хариулт өгөх байсан хэдий ч Л.Болд гишүүнээс өөр хуралдаан болгон дээр уйгагүй хариуцлага нэхсэн гишүүн алга байсаар хаврын чуулган хаалтаа хийх цаг боллоо.
Н.Ундрах

Сэтгүүлч

Vip76.mn О.Батзаяа batzaya@vip76.mn