Н.Амарзаяа 2018.06.29 | Vip76.mn

УИХ намрын чуулганаа шинэ дэгтэйгээр эхлүүлнэ

УИХ намрын чуулганаа шинэ дэгтэйгээр эхлүүлнэ

Өнөөдөр /2018.06.29/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.

Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваагийн санаачилсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, мөн Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 16 гишүүн санаачилж өргөн мэдүүлсэн юм. 

Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн ТББХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Амарзаяа танилцууллаа. 

Байнгын хороо 2018 оны 6 сарын 28-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийг хэлэлцсэн байна. Байнгын хороо хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ чуулганы нэгдсэн хуралдаанаар төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналуудыг төсөлд нэмж тусган хуулийн төслийн эцсийн хувилбарыг бэлтгэж гишүүдэд тараасныг Байнгын хорооны дарга танилцуулжээ. Байнгын хорооноос нэмсэн санал дүгнэлт гараагүй бөгөөд эцэслэн шийдвэрлэх нь зөв гэж үзжээ. 

Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, О.Баасанхүү, М.Билэгт нар асуулт асуулаа. 

Үүний дараа хуулийн төслийн бүхэлд нь батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжлээ.

Хуулийн төсөл батлагдсанаар хуралдааны ирцэд бүртгүүлэх, асуулт асуух, үг хэлэх, цахим тоолуураар санал тавихад биеийн давхцахгүй өгөгдөл /гарын хурууны хээ/-өөр идэвхждэг систем бүхий цахим тоолуурыг ашиглах, нэг чуулганы хугацаанд УИХ-ын чуулган, байнгын хорооны хуралдаанд хүндэтгэх шалтгаангүйгээр 3/1-ээс илүүтэй хугацаагаар суугаагүй бол тухайн гишүүнийг эргүүлэн татах эрх зүйн орчин бүрдэж байна.

Сэтгүүлч

Vip76.mn А.Цолмон tsolmon@vip76.mn