Л.Болд Н.Оюундарь Д.Ганболд 2018.07.02 | УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба

Хүний эрхийн дэд хорооны дарга, гишүүд Хүний эрхийн үндэсний комисст ажиллав

Хүний эрхийн дэд хорооны дарга, гишүүд Хүний эрхийн үндэсний комисст ажиллав

Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Н.Оюундарь болон гишүүн Л.Болд, Д.Ганболд нар өнөөдөр (2018.06.29) Хүний эрхийн үндэсний комисст ажиллав.

Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж “Хүний эрхийн дэд хорооны даргаар томилогдсон  даруйдаа бидний ажилтай танилцахаар ирсэнд таатай байна” хэмээн Н.Оюундарь гишүүнд талархал илэрхийллээ.

Хүний эрхийн дэд хорооны дарга Н.Оюундарь шийдэл, зохицуулалт шаардлагатай нийгэмд тулгамдсан асуудлаар байнга холбогдон ажиллахаа илэрхрийлснээр ойрын хугацаанд шийдвэрлэх тулгамдсан асуудлыг хоёр талаасаа ярилцав.

Тухайлбал, Хүний эрхийг хамгаалагчийн тухай хуулийг УИХ-д өргөн мэдүүлэх асуудлыг яаравчилж, хэлэлцүүлэгт оруулах, Хүний эрхийн үндэсний комисст Эрүүдэн шүүхийн эсрэг асуудлаар ажиллах хүний нөөц, орон тоо батлуулах, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд болон Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуульд ажлын байрны бэлгийн дарамт гэдэг томъёоллыг оруулах зэрэг асуудлыг яаралтай шийдвэрлэн ажиллахаар санал солилцов.

Мөн энэ үеэр Хүүхдийн хорих ангийн нөхцлийг сайжруулах, хоригдож буй хүүхдүүдийн боловсрол эзэмшихэд анхаарах, Эрээн дахь Монголын консулыг яаралтай томилох зэрэг асуудлыг хөндөн ярилцсан.

Төгсгөлд нь чуулганы завсарлагааны хугацаанд хамтарч хийх ажлаа нарийвчлан төлөвлөх, Хүүхдийн хорих болон бусад хорих ангиудад ажиллахаар ярилцан шийдвэрлэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 
 

Сэтгүүлч

Vip76.mn О.Батзаяа batzaya@vip76.mn