Л.Оюун-Эрдэнэ 2018.07.02 | medee.mn

Л.Оюун-Эрдэнэ: Би "60 тэрбум"-ын асуудлаар тултал нь явж мухарлана

Л.Оюун-Эрдэнэ: Би "60 тэрбум"-ын асуудлаар тултал нь явж мухарлана

Л.Оюун-Эрдэнэ гишүүн өчигдөр 60 тэрбумын асуудлаар нээлттэй сонсгол хийх хүсэлтийг УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлж, бүлгийн хуралдаанаар хэлэлцүүлсэн билээ. Уг асуудлаар Л.Оюун-Эрдэнэ гишүүнтэй ярилцлаа.

-АТГ, ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГА “60 ТЭРБУМ”-ЫГ ХААСАН ШАЛТГААНАА ИЛ ТОД ЯРИХ ХЭРЭГТЭЙ-
-Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд нээлттэй сонсгол явуулах эрх зүйн боломжгүй гэсэн мэдээлэл өглөө. Прокуророос эрх зүйн ийм тайлбар ирүүлсэн гэх юм?

-Прокурорын байгууллагаас тийм хариу ирээгүй. УИХ-ын гишүүдийн 4/1 дэмжсэн тохиолдод Нээлттэй сонсгол хийх хуультай. Аргацааж байгаа л нэг хэлбэр. Хэрэв УИХ-ын гишүүдийн бүрэн эрхэд халдаж байгаа бол Үндсэн хуулийн цэцэд хандана. Үгүй бол нийгмийн эмх замбараагүй байдал руу орно.

Тэгэхээр үнэхээр буруугүй юм бол АТГ, Тагнуулын байгууллага, прокурорын байгууллага “60 тэрбум”-ыг хаасан шалтгаанаа ил тод ярих хэрэгтэй. Энэ асуудлыг ярихаар УИХ шүүх байгууллагын үйл ажиллагаа явуулах болно гэж буруугаар тайлбарлаад байна.  Тэгэхээр аль ч улсын парламент хянан шалгах эрхтэй байдаг. Тэр байтугай дэлхийн 70 орчим оронд “Халуун сандал” гэдэг арга хэмжээ бий. Тэгээд бүх үнийг нь хэлүүлээд, сэтгүүлчдийн өмнө нэгдсэн тайлбар өгч, иргэдийн дундах эргэлзээг тайлдаг. Тэр нь Нийтийн сонсголтой төстэй арга хэмжээ.

Хэрэв буруу зүйл байвал шүүн тунгаадаг. Нийгэмд дуулиан тарьсан хэргүүдийн 80 хувь нь замхардаг. Хэн нэг нь хоригдсон ч бие нь өвдөж хорихоос гараад улмаар хэрэг нь хэрэгсэхгүй болдог. Энэ жишиг үргэлжилбэл, хууль, шүүх засаглалд итгэх итгэл сулрана. Хууль, хяналтын байгууллага өөрсдөө авлигын бүрэлдэхүүн хэсэг болсон гэж үзэх болно. Тэгэхээр энэ асуудалд цэг тавихгүйгээр хуулиар хаацайлсан байдалтай явах ёсгүй. Энэ асуудлаар яг одоо Хууль зүйн байнгын хорооны даргатай уулзах гэж байна.

-МАН-ын бүлгийн хуралдааны үеэр энэ асуудлаар яг ямар шийдэлд хүрсэн бэ?

-Бүлгийн хурлаар энэ асуудлыг олон талаас ярьсан. Нам доторхи асуудлыг чуулганы хуралдаанаар гаргаж тавьсан шалтгааны талаар ч надаас тодруулсан. Миний хувьд энэ асуудлыг зөвхөн намын хүрээнд харах ёсгүй гэсэн зарчмын байр суурь илэрхийлсэн. Иргэд 2016 оны сонгуулиар УИХ-ын 65 суудлыг МАН-д өгөхдөө АН хариуцлагагүй, авлигалын хэрэгт эвлэрсэн учраас үүнд хариуцлага тооцох хэрэгтэй гэсэн итгэл үнэмшлээр хандсан байх гэж бодож байна.

Одоо хоёр жилийн хугацаанд Хөгжлийн банк, Эрдэнэт үйлдвэрийн 51 хувьтай холбоотой бүх асуудлыг эцэслэн шийдвэрлэхгүйгээр 2020 оны сонгуульд орох нь МАН-д халгаатай.

Тиймээс энэ асуудлыг нээлттэй ярилцаж, манай нам дотооддоо хариуцлага тооцож чаддаг гэдгээ нотлон харуулж, нам өөрөө цэвэрлэгдэж байгаа гэдгээ илэрхийлж байж сонгуульд оролцох нь зөв.

-Эсрэгээрээ шүүх дээр нотлогдоогүй асуудлаар таныг улс төрийн тоглолт хийлээ гэх хүмүүс байна. Танд энэ асуудал дээр улс төрийн сонирхол байгаа юу?

-Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр би өөрийн байр сууриа илэрхийлсэн. Анх М.Энхболдыг Ерөнхий сайд болж, хариуцлагаа хүлээх ёстой гэсэн зарчмын байр суурьтай байсан. Тиймээс ч УИХ-ын даргаар сонгогдох үед нь эсрэг санал өгсөн. Түүний дараа Ерөнхийлөгчийн сонгуульд Ц.Нямдорж дэвших нь хамгийн өндөр магадлалтай гэдгийг ч хэлж байсан.

Гэвч намын бага хурлаар М.Энхболд дарга олонхын санал авсан юм. Нэгэнтээ намын гишүүд олонхын саналаа сонгосон тул хүлээж авахаас өөр аргагүй. Тэр болтол 60 тэрбумтай холбоотой асуудлын талаар бүрэн мэдээлэл аваагүй байсан. Хуулийн байгууллага шалгаж байгаа гэдгийг л мэдэж байсан. Тиймээс энийг цэгцлэх ёстой гэдгийг намын Удирдах зөвлөлийн хурал дээр илэрхийлж байсан юм. Өнөөдөр бол М.Энхболд гэдэг хувь хүнтэй нэг намд байх, найз нөхөд байхаас өөр асуудал яригдаж байна.

М.Энхболд ёс зүйн хариуцлага хүлээх эсэх нь хувь хүний асуудал. Харин хуулийн хяналтын байгууллага хувь хүнд тохируулж, дүгнэлт гаргаж байгаа нь л хамгийн хүнд хэрэг. Цаашдаа энэ байдал үргэлжилвэл хуулийн засаглал гэх ойлголт үгүй болж, эрх мэдэлтнүүдэд хууль үйлчлэхгүй байх нөхцөл байдал руу орох болно. Өмнө бол олон хэрэг хаагдаж байсан. Гэхдээ ийм тодорхой бичлэгтэй хэрэг хаагдаж байсан тохиолдол байхгүй.

-АТГ-аас хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн тайлбар өгсөн?

-Би Авлигын эсрэг парламентын бүлгийн даргаар ажиллаж байгаа. Энэ бүлэг аль ч улс орны парламентад байдаг. Энэ бүлгийг даргалах нь нэр хүндэд хүргээд байх гишгүүр биш. Энэ бүлэг дэлхийн аль ч улс оронд байгаа авлигын хэргийг сэтгүүлчдэд ил болгох, дарагдсан асуудлыг гаргаж тавих зорилготой.

Манай бүлэгт одоогийн байдлаар Ж.Батзандан, З.Нарантуяа, Ш.Раднаасэд, Х.Нямбаатар нарын есөн гишүүн бий. Зөвхөн “60 тэрбум”-тай холбоотой асуудлыг гаргаж тавьсан юм биш. Би сонгогдсоноосоо хойш “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувьтай холбоотой асуудал, “Стандарт банк”-наас зээлсэн их хэмжээний хөрөнгө зэрэг олон асуудлыг гаргаж тавьсан. Дараа дараагийн олон асуудлыг гаргаж тавих болов уу гэж бодож байна. Энэ бол Оюун-Эрдэнэ гэдэг хувь хүнд хэрэгтэй гэж огт бодохгүй байна. Надад хийх хангалттай их ажил бий. Би парламентын бүлгийн даргын хувьд энэ ажлыг хийх ёстой юм.

-Танд шинээр цуглуулсан баримт бий юу?

-Энэ талаар мэдээлэл авах утас зарласан. Маш олон хүн холбогдож байна. Зарим хүмүүстэй нь уулзаж, ирүүлсэн материалыг нь хүлээн авч байна. Энэ материалуудыг прокурорын байгууллагад шилжүүлнэ. Ирүүлсэн материалуудад хувь хүний нууцтай холбоотой асуудлууд байгаа тул хэвлэлд нээлттэй мэдээлэх боломжгүй.

-Д.ТЭРБИШДАГВА, Б.БАТ-ЭРДЭНЭ ГИШҮҮН ХОЁР ГАРЫН ҮСГЭЭ ЗУРНА ГЭЖ БОДООГҮЙ-

-Нийтийн сонсгол явуулах өөр ямар хуулийн гаргалгаа байна вэ. Магадгүй түр хороо байгуулж, асуудлаа шийдүүлэх боломжтой юу?

-"60 тэрбум"-ын асуудлаар тултал нь явж мухарлана. Ямар ямар шатандаа хуулийн гажуудлаар хэргийг хаацайлж дардаг вэ гэдгийг олон нийт мэдэж аваасай гэж хүсч байна. Үндсэн хуулийн цэцэд хандана. Ямар хариу өгөхийг нь харъя. Шинээр олдсон материалуудыг  Ерөнхий прокуорт шилжүүлнэ. Хэргийг нээх нь үү, эсвэл хаах нь уу харъя. Шүгэл үлээгч гэж ярьдаг. Нэг үгээр хэлбэл, нийгэмд авлигатай холбоотой асуудал гарлаа гэхэд мэдээлэл өгч, Эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх боломжтой ийм хуулийн заалтыг манай Авлигын эсрэг парламентын бүлгээс өргөн баръя гэж бодож байна.

Өөрөөр хэлбэл, "60 тэрбум"-ын схемд холбогдож магадгүй, хандив өгсөн, дараа нь ажлаасаа халагдсан, сэтгэл санааны хувьд хохирсон хүмүүс нийгэмд гарч ирээд дуугарах гэхээр дахиад эрүүгийн хариуцлагад орох гээд байна. Энэ Эрүүгийн хариуцлагыг байхгүй болгож шүхэл үлээгчдээ хамгаалах хууль эрх зүйн орчныг Авлигын эсрэг хууль тогтоомжид оруулах нь зүйтэй гэж харж байна.

-Нээлттэй сонсголыг явуулах яг ямар эрх зүйн орчин байгаа юм бэ?

-Хяналтын сонсгол гэдэг энэ зүйл бол тухайн хэргийн бүх нууцын материалтай холбогдохгүй. Зүгээр олон нийтэд тайлбар хийх үйл явц юм. Олон нийтийн эргэлзээг тайлах зорилгоор л нийтийн сонсголын тухай хууль батлагдсан. Дэлхийн бусад орнуудад ч байдаг. Ш.Раднаасэд гишүүн чуулганы хуралдаан дээр хуулийг өөрөөр тайлбарлаж байна лээ.

Би олон улсын болон Монголын хамгийн шилдэг  хуулийн фермүүдтэй ажиллаж байгаа. Миний бие ганцаараа бичээд яваад байгаа юм биш. Хууль зүйн  байнгын хороо  аливааг аргацааж явахаа болих хэрэгтэй. Дахиад л өнөөх болохгүй гэдэг нүдний шилээр чинээнд нь тулталаа харахаа боль. Дэлхийд манай Авлигатай тэмцэх газар шиг хэргийг эвлүүлэг байна гэсэн байдлаар ханддаггүй.

Магадгүй 60 тэрбумын асуудал террорист халдлагатай холбоотой асуудал байсан бол яах уу. Эх бичлэг нь биш гээд асуудлыг авч хэлэлцэхгүй байх тухай ярих байсан юм уу. Байж болохгүй биз дээ. Бичлэг бол нотлох баримт. Тэр  дундаа 60 тэрбумын бичлэг таван минутын ч бичлэг биш. Бүхэн бүтэн гурван цагийн бичлэг. Ийм байтал асуудалд ингэж хандаж болохгүй. УИХ гэдэг бол ард түмнээс сонгогдсон төлөөллийн парламент. Гэтэл Хуульзүйн байнгын хороо эс үйлдэл хийж болохгүй. Энэ тохиолдолд цэцтэй холбоотой асуудлыг ярина. Мөн эсэргүүцлийн өөр арга хэлбэрийг илэрхийлнэ. Эсэргүүцлийн арга хэлбэрийг ордон дотроос битгий гаргаач ээ гэж Хууль зүйн байнгын хороо болон УИХ-ын Тамгын газарт уриалмаар байна. Асуудлыг нэг тийш нь шийдэх хэрэгтэй. Үнэхээр буруугүй бол буруугүй нь нотлогдоно биз дээ.

-Та нээлттэй сонсгол явуулахын тулд 19 гишүүний нэр цуглуулахад хэр хэцүү байсан бэ. Ер нь энэ асуудлын улс төрийн дэмжлэг, боломжид итгэлтэй байна уу?

-Гишүүдийн хаалга тогшоод л явсан. Зарим гишүүн маань гарын үсгээ зурна гээд зугтсан тохиолдол гарсан. Мөн зарим нь зурахгүй гэж байгаад зурсан ч тохиолдол бий. Олон нийтийн эргэлзээг тайлж эцэслэх нь нийгэмдээ хэрэгтэй юм даа гэсэн итгэл үнэмшлээр гишүүд хандсан.

Миний хувьд Д.Тэрбишдагва, Б.Бат-Эрдэнэ гишүүн хоёр гарын үсгээ зурна гэж бодоогүй. Тэд өөрсдөө холбогдож дэмжсэн. Мөн манай авлигын эсрэг парламентын бүлгийн гишүүдээс гарын үсгээ зураагүй гишүүд ч бий. Мэдээж хувь хүний өөрийнх нь асуудал. Парламентын гишүүн гэдэг бол ард түмнээс сонгогдсон төлөөллийн ёс зүйн субъект гэдгээ маш сайн ойлгоосой гэж хүсч байна. Энэ тохиолдолд аяндаа цэвэршинэ.

-Чуулгандаа суухгүйгээр асуудалд хандаж байгаа тань хэр зохистой вэ. Арай өөр байдлаар эсэргүүцлээ илэрхийлж болоогүй юм уу?

-Сонсохгүй учраас л аргаа бараад энэ хэлбэрийг сонгосон. Энэ нь дэлхийн аль ч улсад байдаг бойкот. Миний хувьд 60 тэрбумын асуудлыг олон нийтийн анхааралд оруулахын тулд арга буюу дуугарсан гэж тодотгож болно. Түүнээс биш би чуулганы хуралдаанд хамгийн их идэвхитэй сууж, бусдаасаа цагаа барихыг шаарддаг, Дэгийн тухай асуудлыг хөнддөг гишүүний нэг гэдгийг мэдэж байгаа байх.

Г.ИТГЭЛ

Сэтгүүлч

Vip76.mn О.Батзаяа batzaya@vip76.mn