Цогзолмаа.Ц 2018.06.29 | Яамны хэвлэл мэдээллийн алба

НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгчтэй уулзлаа

НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгчтэй уулзлаа

Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа Монгол дахь НҮБ-ын   Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Алекс Хайкенсыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Алекс Хайкенс, БСШУСЯ-тай суурь боловсрол, бага насны хүүхдийн хөгжил, сургуулийн эрүүл мэнд, сургууль цэцэрлэгийн усан хангамж, ариун цэврийн салбарт удаан хугацаанд үр бүтээлтэй хамтран ажиллаж байгаадаа талархал илэрхийлээд эрүүл мэндийн боловсролыг ЕБС-ийн хичээлийн хөтөлбөрт бие даасан хичээл болгох шийдвэр гарган, шийдвэрийг хэрэгжүүлэх ажилд манлайлан оролцож байгаад салбарын сайдад онцгойлон баяр хүргэлээ.

Тэрээр хэлэхдээ “Боловсролын яамтай урт хугацаанд хамтран ажиллаж байгаадаа таатай байна. Юун түрүүн бага насны хүүхдийн хөгжлийн асуудлыг онцолж яримаар байна. Хүүхдийн асуудал бол олон салбарын дундын асуудал. Тиймээс зөвхөн Боловсролын яам бус Эрүүл мэндийн яам бусад салбаруудын оролцоо маш чухал байгаа. Энэ чиглэлээр бид цаашдаа дэмжлэг үзүүлж хамтран ажиллах боломжтой. Түүнчлэн БНСУ-ын Засгийн газрын тусламжтайгаар Баянзүрх дүүрэгт хоёр цэцэрлэг барьж байгаа. Энэ цэцэрлэг нь үлгэр жишээ цэцэрлэг байх болно гэдэгт итгэж байна. Хоёрт, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг тэгш хамран сургах асуудал чухал байгаа. Тэд тусдаа сургуульд бус энгийн сургуульд сурах, үүнтэй холбоотойгоор багш нарын боловсролд анхаарах нь чухал байгаа юм. Гуравт, өсвөр насныхан амьдрах ур чадварт суралцах нь маш чухал. Эрүүл мэндийн боловсролыг тусдаа хичээл болгож байгаа нь сайшаалтай. Мөн өсвөр насныхны сэтгэцийн эрүүл мэндийн анхан шатны тусламжийг сургуулийн хүрээнд олгох тал дээр хамтарч ажиллахад бэлэн байна” гэлээ.

Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа НҮБ-ын Хүүхдийн сан Монгол орны нийгэм, эдийн засгийн байдал хүнд, төсвийн мөнгөөр бүх зүйлийг хийж чадахгүй байгаа үед тогтвортой ажиллаж байгаад талархал илэрхийлээд цаашид бүх төсөл, хөтөлбөрүүдийг салбар яамны зүгээс бүхий л талаар дэмжиж ажиллахаа хэллээ. Түүнчлэн сайдаар ажиллаж байх хугацаандаа хөгжлийн бэрхшээлтэй, тусгай хэрэгцээт хүүхдүүдийн асуудлуудыг цогцоор нь шийдэхийг зорьж буйгаа онцлон хэлсэн юм.

НҮБ-ын Хүүхдийн сан Монгол Улсын Засгийн газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, хөгжил, оролцоог хангах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ердийн сургууль, цэцэрлэгт хамруулахыг дэмжсэн үндэсний хөтөлбөрийг баталсанд талархаж буйгаа мөн онцолж байлаа. Төгсгөлд нь тус сангийн зүгээс дараах албан хүсэлтүүдийг салбарын сайдад уламжиллаа. Үүнд: 

  • Ердийн сургуульд хамрагдаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд ногдох хувьсах зардлыг нэмэгдүүлэх төсвийг батлах; МУБИС-ийн сургалтын хөтөлбөрт тэгш хамруулан сургах боловсрол хичээлийг үндсэн хичээл болгон батлах, мөн ердийн сургуульд тэгш хамруулан сургах боловсролын хүрээнд тусгай боловсрол олгох хичээлийг оюутнуудад заадаг болох асуудлыг чухалчилж, анхааралдаа авах,
  • Одоо байгаа тусгай сургууль, ердийн сургуулийн хоёр өөр боловсролын тогтолцоог бүх хүүхдэд зориулсан нэг тэгш хамруулан сургах боловсролын тогтолцоо болгож өөрчлөх; сургуулийн өмнөх боловсролыг “Тогтвортой Хөгжлийн Зорилт 2030”-д заасны дагуу хамгийн багадаа нэг жилийг заавал хамрагддаг болгож хуульчлах талаар боловсролын бодлогын дунд болон урт хугацааны зорилтод тусгах зэрэг хүсэлтүүдийг уламжилж салбарын сайд Засгийн газар, салбар яамны түвшинд бүх талаар дэмжиж хамтран ажиллахаа илэрхийллээ.