Хүний ёсоор хандаж, цэргийн ёсоор сургана
2018.07.02

Хүний ёсоор хандаж, цэргийн ёсоор сургана

Оюутан залуусыг цэргийн мэргэжлийн бэлтгэлтэй, өвөг дээдсийнхээ дайчин уламжлалыг хүндэтгэж, эх оронч үзэл хүмүүжил, хайрлан бахархах сэтгэлтэй оюунлаг Монгол иргэн болгон төлөвшүүлэх зорилгоор “Оюутан цэрэг” сургалтын “Цэргийн мэргэжлийн бэлтгэл” сургалтын цэргийн албанд дасгах үе шат амжилттай зохион байгуулагдаж, мэргэжлийн бэлтгэл сургалт эхлээд байна.

Сургалтын төлөвлөгөөний дагуу жагсаалын бэлтгэл, биеийн тамирын хичээлд шамдан суралцаж буй оюутан цэргүүд 5 км-ын кросс гүйлтэд салаагаараа оролцож дэслэгч А.Төгөлдөр захирагчтай III ротын I салаа “Тэргүүн байр”, дэслэгч Б.Мөнхтөр захирагчтай IV ротын II салаа “Дэд байр”, дэслэгч Г.Болдсайхан захирагчтай II ротын III салаа “Гуравдугаар байр” тус тус эзэллээ.
Мөн соёл хүмүүжлийн ажлын хүрээнд “Хувь хүний хөгжил”, “Цэргийн хөдөлмөрийн онцлог” сэдвээр сэтгэл зүйч офицер дэслэгч Г.Амгалан лекц уншиж, соёл хүмүүжлийн офицер дэд хурандаа Б.Золзаяа “Дэг журам, сахилга хариуцлагатай холбоотой тушаал” танилцуулж, “Эх орон, ижий хоёр” сэдвээр харилцан ярилцлага зохион байгууллаа.

Иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны дарга, Дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгч Ганхуяг, мэргэжилтэн Энхтуяа нар оюутан цэргүүдэд “Гамшгийн эрсдлийн үед хамтран ажиллах нь” сэдэвт сургалт явууллаа.

ЗХЖШ-ын ахмадын хорооны ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээ үзүүлэх ажлын хүрээнд “Цэрэг-Эх оронч үзэл хүмүүжил” сэдвээр бэлтгэл хурандаа Б.Отгонбаяр, “Эр цэргийн алба-Эх орны бахархал” сэдвээр бэлтгэл хурандаа Ц.Цэвээнсүрэн, “Цэргийн хөдөлмөрийн аюулгүй байдал” сэдвээр бэлтгэл хурандаа Ц.Доржхүү, “Нийгмийн хөгжилд залуусын үүрэг, оролцоо” сэдвээр бэлтгэл хурандаа Г.Маам нар лекц уншиж мэдээлэл хийлээ.

“Хүний ёсоор хандаж, цэргийн ёсоор сургана” уриатай “Оюутан цэрэг” сургалтын төвд сургалт, цэргийн албаны өдөр тутмын үйл ажиллагаа Монгол Улсын Цэргийн дүрмийн дагуу тасралтгүй зохион байгуулагдаж, оюутан цэргүүд “Үндсэн хууль”-аар хүлээсэн “Эх орноо батлан хамгаалах” үүргээ биелүүлэхээр шамдан суралцаж байна.