Д.Тэрбишдагва 2018.06.27 | Өнөөдөр сонин

Д.Тэрбишдагва: Говьд хаана нь цахилгаан станц барихаа Засгийн газар яаралтай шийдэх хэрэгтэй

Д.Тэрбишдагва: Говьд хаана нь цахилгаан станц барихаа Засгийн газар яаралтай шийдэх хэрэгтэй

Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргахаар УИХ-ын даргын захирамжаар энэ оны гуравдугаар сард байгуулсан ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва өчигдөр мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Ажлын хэсгийн гишүүд “Оюутолгой”-н удирдлагуудтай уулзаж, шаардлагатай материалыг гаргаж өгөх хүсэлт тавьсан. Мөн Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Оюутолгой” компанийн удирдлагаас мэдээлэл сонслоо. Гурван сарын хугацаанд энэ том гэрээг шалгах амаргүй байна” гээд чуулганыг энэ долоо хоногт завсарлуулалгүй сунгах, эсвэл ээлжит бус чуулган хуралдуулах санал тавьснаа уламжлав.

Ажлын хэсэг 13 гишүүний бүрэлдэхүүнтэй бөгөөд таван дэд ажлын хэсэгт хуваагдаж, тус бүрийг нь таван яамны Төрийн нарийн бичгийн дарга нар ахлан ажиллаж байгаа юм. Тэд энэ сарын 23-ныг хүртэлх хугацаанд ажиллаж, нийт 1500 гаруй хуудас, танилцуулга, судалгааны материал цуглуулжээ. Тэдгээрийг судалж, нэгдсэн санал, дүгнэлт гарган, ойрын үед УИХ-д танилцуулахаар ажиллаж буй гэнэ. Одоогоор АТГ, Үндэсний аудитын газар болон Засгийн газрын шалгалт хараахан дуусаагүй тул дүнг хүлээж байгаа гэв. Хэвлэлийн бага хуралд ажлын хэсгийн гишүүн Н.Амарзаяа, Б.Бат-Эрдэнэ, М.Оюунчимэг, А.Ундраа нар байлцаж, сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм.

-Оюутолгойд өнөөг хүртэл цахилгаан станц бариагүй. Ажлын хэсэг үүнд анхаарал хандуулж байна уу?

М.Оюунчимэг: -Хөрөнгө оруулалтын гэрээндээ эрчим хүчний эх үүсвэр, хангамжийг шийдэхээр тусгасан ч 10 жилийн хугацаанд хаана барихаа ч тодорхойлоогүй байна. Манай улсад нэгдсэн бодлого байхгүйгээс ийм байдалд хүрсэн.

Ажлын хэсгийнхэн бүх материалтай танилцсан. Төрийн байгууллагууд янз бүрийн дүгнэлт гаргахаас илүү УИХ-аас байгуулсан манай ажлын хэсэг бүгдийг нь зангидаж, эцсийн дүгнэлт гаргана. Бид ойрын хугацаанд эцэслэнэ.

Д.Тэрбишдагва: -Тийм том бүтээн байгуулалт өрнүүлж буй хэрнээ яагаад цахилгаан станц барихгүй байгаа нь манайхны хариуцлагын асуудал байна. Өмнийн говийн зөвлөлийг Засгийн газар байгуулсан. Засгийн газар уг зөвлөлийг ер шахаж ажиллуулж шаардахгүй байна.

-Тус компанид хийсэн татварын шалгалтаар 155 сая ам.долларын зөрчил илрээд буй. Та бүхэн энэ талаар тодорхой мэдээлэлтэй болсон уу?

Д.Тэрбишдагва: -Ажлын хэсгийн шалгалтаар 155 сая ам.доллар байтугай маргаан гарч байгаа учраас нийт дүнгээ эцсийн дүгнэлттэй хамт хэлсэн нь зөв байх. Ямар ч байсан “Оюутолгой” татвараа төлөх ёстой гэсэн дүгнэлт гарах болов уу.

-Ажлын хэсгийнхэн газар дээр нь очиж ажилласан. Монголын баялгийг ашиглаж байгаа хэрнээ нэг ч бүтээн байгуулалт хийгээгүй гэсэн шүүмжлэлийг та бүхэн хэрхэн хүлээж авч байна вэ?

М.Оюунчимэг: -Оюутолгойд 14 мянган хүн ажиллаж байгаа гэдэг ч үндсэн болон гэрээт ажилтан гэдэг ойлголт нь тодорхойгүй байна. Тэдний цалин ч маш их зөрүүтэй байгаа. Энэ нь нууцлалын зэрэгтэй гээд мэдээлэл өгөөгүй. Ажлын хэсгийн ахлагч энэ талаарх мэдээллийг тэднээс шаардсан. Тухайлбал, чухам хэдэн үндсэн ажилтан байгааг тодорхой хэлэх хэрэгтэй. Мөн 10 жил болж байхад ажилчид нь гэрт амьдарч байна. Арваннэгдүгээр сараас гэрт амьдруулахгүй гэдгээ компанийн зүгээс хэлсэн. Хоёр орон сууц барьж байгаа юм билээ.

-Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газраас өргөн барьж хэлэлцүүлж байна. Үүнтэй холбоотойгоор “Оюутолгой”-д зориулж хууль батлах нь гэх шүүмжлэл ч гарлаа. Та бүхэнд ямар мэдээлэл байна вэ?

Д.Тэрбишдагва: -2006-2015 оныг хамруулан судалгаа хийхэд Цагаан сар, Шинэ жил, Наадмын өмнө 200-гаад хуульд өөрчлөлт оруулсан байна. Бүгд ашиг сонирхлын зөрчилтэй. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг ч 2009 оны долдугаар сарын 16-нд баталсан. Бүлгийн хуралдаанд энэ хуулийн төслийн талаар танилцуулахдаа томоохон аж ахуйн нэгжүүдээс авдаг 20 хувийн татварыг хэвээр нь үлдээж байгаа гэсэн мэдээлэл өгсөн. Ийм чухал хуулийг энэ удаагийн чуулганаар яаравчлан баталж болохгүй.

Б.Бат-Эрдэнэ: -Өмнө нь гурван сайдын хамтарсан ажлын хэсгийн шалгалтаар алдагдал, зардлын хэтрэлт, зөрчил дутагдлын хэмжээ хоёр тэрбум орчим ам.долларт хүрснийг тухайн үед мэдээлж байсан. Өнөөдөр ч дахиад шалгахад зөрчил, дутагдал илэрч байна.

-Хөрөнгө оруулагч талаас ямар байр суурь илэрхийлж байна вэ?

Д.Тэрбишдагва: -Шинээр томилогдсон удирдлагатай нь их сайн ярилцсан. Шинэ захирал нь цахилгаан станцыг хамгийн түрүүнд барих ёстой гэж бидний саналыг хүлээж авсан. Тэд станц барих хөрөнгөө босгосон гэж ярьж байна лээ. Тиймээс Засгийн газар хаана барихаа яаралтай шийдэх хэрэгтэй.

-ТУЗ-ийн гишүүдийн асуудал ажлын хэсэгт хамаатай юу?

Д.Тэрбишдагва: -ТУЗ-ийн гишүүдийн талаар ажлын хэсэгт маш их асуулт ирүүлж байгаа. Засгийн газарт бүхэл бүтэн аппарат ажиллаж байгаа учраас бид эндээс чиглэл өгөх шаардлагагүй. Ажлын хэсгээс томоохон санал дүгнэлт, чиглэл гаргана. Эдийн засгийн байнгын хороо, УИХ-аар хэлэлцэх байх.

Сэтгүүлч

Vip76.mn О.Батзаяа batzaya@vip76.mn