2018.07.03

НҮБ-ын HeForShe хөдөлгөөнийг Монгол Улсад эхлүүлнэ

УИХ-ын гишүүн А.Ундраагийн санаачилгаар НҮБ-ын Эмэгтэйчүүдийн сангаас өрнүүлж буй HeForShe хөдөлгөөнийг Монгол Улсад албан ёсоор эхлүүлэх гэж байна.

Хүйсийн эрх тэгш байдлыг хангахад эрэгтэйчүүд, хөвгүүдийг илүүтэй татан оролцуулж, тэдний идэвхийг өрнүүлэх зорилготой уг хөдөлгөөнийг анх 2014 оны 9 сарын 20-ны өдөр эхлүүлсэн байдаг. Эмэгтэйчүүдийг ялгарлан гадуурхах, сөрөг хандлага гаргахын эсрэг, жендерийн тэгш эрх бүхий нийгмийн төлөө дуу хоолойгоо илэрхийлж, амлалт өгч, эвлэлдэн нэгдэхийг ​эрэгтэйчүүдэд уриалах нь энэхүү хөдөлгөөний зорилго юм. Одоогоор HeForShe хөдөлгөөнд дэлхий даяар 1.7 сая хүн амлалт өгөн нэгдэж, 1100 гаруй үйл ажиллагаа зохиож, хөдөлгөөний талаар цахим орчинд 1.3 тэрбум харилцан яриа өрнөжээ.

УИХ-ын гишүүн А.Ундраа:Охидууд, эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд, хөвгүүд бүгд өөрт байгаа нөөц бололцоо, хүчин чадлаа бүрэн дүүрэн ашигладаг гэрэлт ирээдүйн төлөө энэ хөдөлгөөний эхлүүлж байна


HeForShe хөдөлгөөний Монгол дахь нээлтийн ажиллагаа нь энэ сарын 8-ны 9:30-д Төрийн ордны Их танхимд болох бөгөөд төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, олон улсын байгууллагын хүндтэй төлөөлөгчид, олны танил эрхмүүд болон тэгш байдлын төлөө сэтгэлтэй залуус​,​ иргэд нийлсэн 1000 хүн цуглаж, үр дүнтэй хэлэлцүүлэг өрнүүлж, сэтгэл хөдлөм түүхүүдийг хуваалцах аж.

Сэтгүүлч

Vip76.mn А.Цолмон tsolmon@vip76.mn