Ө.Энхтүвшин 2018.07.03 | Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба

Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр Энэтхэгтэй нягт хамтрах хүсэлтээ илэрхийллээ

Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр Энэтхэгтэй нягт хамтрах хүсэлтээ илэрхийллээ

Монгол Улсад зохион байгуулагдаж буй Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын хоёрдугаар бага хуралд оролцохоор хүрэлцэн ирсэн БНЭУ-ын Дотоод хэргийн Төрийн сайд Кирен Рижижүг Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр хүлээн авч уулзав.

Шадар сайд “Монгол Улс түүх, соёлын олон мянган жилийн харилцаатай Энэтхэг Улсыг бүс нутаг дахь гол түнш, “гуравдагч хөрш” хэмээн үздэг бөгөөд Энэтхэг Улстай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийн харилцаанд тэргүүлэх ач холбогдол өгдөг” хэмээгээд, манай хоёр улсын харилцааны салшгүй хэсэг онцгой байдлын салбарт гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр Энэтхэгийн талтай илүү нягт хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Түүнчлэн Энэтхэгийн Дотоод хэргийн яам Шинэ Дели хотноо 2016 онд Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын анхдугаар бага хурлыг өндөр түвшинд амжилттай зохион байгуулсанд тусгайлан баяр хүргэв. Шадар сайд Ө.Энхтүвшин “Ази, Номхон далайн бүс нутагт хамтдаа оршиж байгаа манай хоёр улс бүс нутаг, олон улсын тавцанд бие биеэ харилцан дэмжиж, хамтран ажиллаж ирсэн сайхан уламжлалаа цаашид хадгалж, бидний “Оюун санааны хөрш” Энэтхэг Улстай НҮБ болон олон улс, бүс нутгийн бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагаагаа бэхжүүлэх хүсэлтэй байна” гэв.

БНЭУ-ын Дотоод хэргийн Төрийн сайд Кирен Рижижү Азийн сайд нарын бага хурлын үйл ажиллагаанд амжилт хүсээд, “Оюун санаа, шашин соёлын эртний түүхэн харилцаатай манай хоёр улсад цаашид хамтран ажиллах шаардлага хийгээд нөөц боломж их бий” хэмээлээ гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээлэв.