Улаан.Ч 2008.01.01 | Сонин: Зууны мэдээ

Ч.Улаан: Яг одоо төсөвт тодотгол хийвэл сонгууль руу л урсана

Ч.Улаан: Яг одоо төсөвт тодотгол хийвэл сонгууль руу л урсана

УИХ-ын гишүүн Ч.Улаантай ярилцлаа.

-Энэ онд Монгол Улс төсөвтөө тодотгол хийхгүй үлдэх нь. Олон нийт үүнийг янз бүрээр л хүлээн авч байна. Харин та Сангийн сайдаар ажилласан хүн, энэ үйл явцыг хэрхэн харж байна?

-Энэ оны тухайд төсвийн тодотгол хийх саналыг Засгийн газраас УИХ-д тавиагүй байна. Анх төлөвлөгдсөн төсвийн орлого нэмэгдсэн. Гэхдээ төсвийн орлого нэмэгдэх бүр төсвийн тодотгол хийгээд байх нь оновчтой зүйл биш. Энэ нь магадгүй зардлыг ихээр нэмж, үүнийг дагалдаад төсвийн хөрөнгийн үр ашиг муудна. Төсвийн тодотгол хийх нэрээр төсөв хэтрүүлсэн, хууль зөрчсөн, илүү зардал гарсан буруутай үйл ажиллагааг хамгаалах хэрэгсэл болж болзошгүй. Тиймээс төсвийн тодотгол хийх үү, хийхгүй юу гэдэгт бодлогоор хандах хэрэгтэй.

-Энэ жилийн төсвийн орлого өссөн байна. Өссөн болохоор тодотгол хийх ёсгүй гэсэн үг гэж ойлгож болох уу?

- Энэ жилийн төсөвт эдийн засгийн ахиц дэвшил гарсан. Гэхдээ төсвийн давж биелсэн орлогыг хуулийн дагуу төсвийн Тогтворжилтын сан болон Хүний хөгжлийн санд төвлөрүүлэх ёстой. Одоогоор төсвийн хөрөнгө мөнгийг зарцуулах, зайлшгүй хэрэгцээт ажил амжуулах хүндрэл бэрхшээл байхгүй. Тиймээс ч Засгийн газраас төсвийн тодотгол хийх асуудлыг УИХ-д оруулахыг яарахгүй байна. Нэг талаас зөв, нөгөө талаас хүссэн ч хүсээгүй ч сонгуулийн уур амьсгал орсон байна. Төрийн байгууллага, төрийн түшээдийн үг ярианаас салхи сэвэлзэж байна. Энэ үед төсвийн тодотголыг бэлтгэл сайтай хийхгүй бол төсвийн зарлага нэмэгдэх, хөөрөгдөх, нийгмийн халамжид,бий болсон мөнгөө зарцуулах, нийгэмд таалагдах явцуу шахалтад Засгийн газар орж болзошгүй нөхцөл байгаа.

-Энэ жил 21 мянган төгрөг бэлнээр тараасан. Харин ч бэлэн мөнгө тарааж зарлага ихэссэн энэ үед тодотгол хийх ёстой байсан юм биш үү?

-Бэлэн мөнгө тараасан үед нийгэмд доргио үүсгэдэг. Олон янзын доргио үүснэ. Хүмүүст хүлээлт бий болно. Нөгөө талаар хэрэглээ өснө. Төсөвт ачаалал нэмэгдэнэ. Ямар нэг байдлаар эдийн засагт нөлөө байгаа. Эдийн засагт бэлэн мөнгө тараавал үр ашиггүй зарцуулагдана. Мөн эрсдэл өндөр. Харин хөрөнгө оруулалтын чиглэл, төсөл арга хэмжээнд зарцуулагдах саналыг дэмжинэ.

-21 мянган төгрөгийн зарим эх үүсвэр тодорхойгүй байдлаар батлагдсан. Тодотгол хийж эх үүсвэрийг тодорхой болгох ёстой юу?

-Энэ жил 800 тэрбум төгрөгийг хүний хөгжлийн санд төвлөрүүлэх ёстой. Түүний тал хувь нь ашигт малтмалын орд газруудын урьдчилгаа төлбөрөөс бүрдэх ёстой. Гэтэл гэрээ хэлцэл бүрэн хийж, урьдчилгаа төлбөрийн асуудал бүрэн шийдэгдээгүй байна. Энэ ажлын явц ямар байгаатай холбож Засгийн газар авч үзэж байгаа байх. Хэрэв энэ ажил бүтвэл төсвийн хуульд тодотгол хийх шаардлага байхгүй. Бүтэмж муутай болбол нэн даруй төсөвт тодотгол хийх ёстой. Тэгэхээр найдвар байгаа юм болов уу гэж бодож байна.

-Ирэх оны үндсэн чиглэлд төсвийн алдагдлыг 6,3 тэрбум төгрөг гэж тооцсон. Энэ оны алдагдлыг урьдчилж хэдээр тооцож байв. Алдагдлын хувиас шалтгаалж тодотгол хийх үү?

-Төсвийн алдагдлаас шалтгаалж тодотгол хийх нь үндсэн шалтгаан. Төлөвлөгөөт хэмжээний алдагдал нэмэгдсэн бол зайлшгүй эх үүсвэрийг тодотгох ёстой. Энэ жилийн төсвийн алдагдлыг арав орчим хувьтай баталсан. Хангалттай өндөр төсвийн алдагдал. Энэ хэмжээгээр алдагдал гаргавал алсдаа ачаа болно. Төсвийн алдагдлыг аль болох багасгах хэрэгтэй. Ер нь төсвийн алдагдлыг нөхөх, бууруулах санал, төсөл ямар ч үед дэмжигдэнэ.

-Намрын чуулганд тодотгол хийх үү. Тодотгол хийх нь сайн зүйл мөн үү?

- Намрын чуулганаар тодотгол хийх бололцоотой. Тодотгол сайн зүйл биш. Арга ядсан асуудал. Тодотголыг аль болох бага хийх ёстой. Сонгууль ойртож буй үед эдийн засаг талаасаа төсвийн тодотгол хийх тааламжтай бус. Улс төрийн зорилгоор харвал зайлшгүй хийх ёстой асуудал. Энэ утгаар Засгийн газрыг тодотгол хий гэсэн шахалт байж магадгүй. Үүнд улс орны эдийн засаг, санхүүгийн галаас хандах хэрэгтэй.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.