Ж.Бат-Эрдэнэ 2018.07.04 | News.mn

Булган аймагт мах боловсруулах үйлдвэр ашиглалтад орлоо

Булган аймагт мах боловсруулах үйлдвэр ашиглалтад орлоо

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй хөдөөгийн хөгжлийг дэмжих “21:100” хөтөлбөр, мөн “Шинэ хөдөө” төслийн хүрээнд Булган аймагт мах боловсруулах үйлдвэр ашиглалтад оров.

Сүүлийн таван жил үйл ажиллагаа нь бүрэн зогсоод байсан “Булган Мах маркет” мах боловсруулах үйлдвэр өнгөрсөн зургадугаар сарын 30-ны өдөр үйл ажиллагаагаа ахин нээсэн байна.

“Булган Мах Маркет” мах боловсруулах үйлдвэр нь бүрэн шинэчлэл хийж, мах, махан бүтээгдэхүүнийг боловсруулах орчин үеийн тоног төхөөрөмж, дэвшилтэт технологийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлснээр олон улсын чанар стандартын шаардлагыг хангасан мах, махан бүтээгдэхүүнийг гадаад, дотоодын зах зээлд нийлүүлэхэд бэлэн болжээ.

Тус үйлдвэр нь мах бэлтгэлийг Булган, Архангай, Хөвсгөл аймгуудаас бэлтгэхээр төлөвлөн ажиллаж байгаа нь малчид ямар нэг дамжлагагүйгээр малаа зах зээлийн бодит үнэлгээгээр худалдан борлуулах таатай нөхцөлийг бүрдүүлэх юм. 

Үйлдвэрийн нээлтийн арга хэмжээнд тус нутгаас УИХ-д сонгогдсон Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ оролцож хэлсэн үгэндээ

“Үйлдвэр нь үүд хаалгаа нээснээр Засгийн газраас хэрэгжүүлж буй “21:100”, “Шинэ хөдөө” төслүүд амжилттай хэрэгжүүлэхэд томоохон түлхэц болно” гэдгийг онцолжээ. Үйлдвэрийн зүгээс БНХАУ, Вьетнам, ОХУ болон Иран улсуудад мах, махан бүтээгдэхүүнээ экспортлохоор төлөвлөн, бэлтгэлээ бүрэн хангаад байна. Ийнхүү Булган аймагт мах боловсруулах үйлдвэр дахин үүд хаалгаа нээж, байнгын ашиглалтад орсноор орон нутагт 60-аас доошгүй ажлын байр шинээр бий болж, орон нутгийн хөгжилд түлхэц болох бодит хөрөнгө оруулалт болж байгааг нутгийн иргэд болон орон нутгийн удирдлагуудын зүгээс талархан хүлээн авч дэмжин ажиллахаа илэрхийллээ. 

Сэтгүүлч

Vip76.mn О.Батзаяа batzaya@vip76.mn