Энхбаяр.Б Л.Мөнхбаатар 2018.09.24 | Vip76.mn

Таны гар утас ТҮЦ машин болно

Төрөөс иргэдэд үзүүлж байгаа нийт үйлчилгээний 70 орчим хувь нь улсын бүртгэлийн үйлчилгээ байдаг. Монгол Улсын гурван сая иргэнд хамаатай, тэдний бүх харилцаанд үйлчилдэг Улсын бүртгэлийн багц хуулиудыг УИХ 2018 оны хаврын чуулганаараа баталлаа.

Улсын бүртгэлийн багц хуульд:

  • Улсын бүртгэлийн ерөнхий хууль
  • Иргэний улсын бүртгэлийн тухай хууль
  • Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хууль
  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулиуд орж байна.

Иргэний бүртгэлийн чиглэлээр гэхэд л иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, гэрлэсний баталгааны хуулбар шаардаж, ажил хөөцөлдөж явж байгаа иргэн танд чирэгдэл учирдаг нь нууц биш. Үүнийгээ дагаад хүнд суртал, хээл хахууль, залилан мэхлэх гэх асуудлууд ч мундахгүй. Харин Засгийн газраас өргөн мэдүүлсэн эдгээр хуулиуд батлагдсанаар Монголын төр өөртөө байгаа мэдээлийг иргэдээс шаардахгүй болж, дээрх гажуудлууд арилана хэмээн төсөл санаачлагчид үзсэн байна.

Улсын бүртгэлийн байгууллага иргэний 19, эд хөрөнгийн 29, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 10, зохиогчийн эрхийн 3, аж үйлдвэрийн өмчийн эрхийн 33, архивын 28, нийт 122 төрлийн үйлчилгээ үзүүлдэг. Бүртгэлийн байгууллагаас гаргасан тоон мэдээллээр 2017 оны жилийн эцсийн байдлаар иргэн, хуулийн этгээдэд /биечлэн/ нийт 271694 лавлагаа, мэдээллийг үнэт цаасаар, архивын баримтаас 16649 хуулбар хийн цаасан хэлбэрээр олгосон нийт 1,365,173 үйлчилгээг үзүүлсэн байна. Эдгээр тоон мэдээллээс харахад дунджаар өдөрт 1000 гаруй хүн зуун айлын бүртгэлийн газарт очиж түгжирч, оочерлож өдрийн хагасаа бардаг байх нь. Харин шинэ хуулиар эдгээр үйлчилгээг хэрхэн хөнгөвчлөх вэ?

Улсын бүртгэлийн ерөнхий хууль

Бүртгэлтэй холбоотой асуудал хөөцөлдөхөд хамгийн их шаарддаг зүйлс бол бүртгэлийн хуулбар, бүртгэлийн лавлагаа, засаг даргын тодордхойлолт, цагдаагийн байгууллагын тодорхойлолт зэрэг бичиг баримтууд байдаг.

Гэтэл эдгээр нь улсын бүртгэлийн байгууллагад өөрсдөд нь байгаа, аль хэдийн цахим болчихсон мэдээлүүд. Тиймээс шинэ хуулиар Төрийн цахим мэдээллийн санг бий болгож танаас олон төрлийн бичиг баримтуудыг шаардахгүй болно.

Монгол Улсын 330  сумаас 302 сум нь интернэтийн өндөр хурдны сүлжээнд холбогдсон. 28 сум нь энэ онд болон дараа онд холбогдсоноор энэхүү төрийн цахим үйлчилгээг орон даяар хэрэгжүүлэх боломжтой болно” хэмээн УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар хэлсэн.

Иргэний улсын бүртгэлийн тухай хууль

  • Овог, эцэг, эхийн нэр, нэр өөрчилсөний, гэрлэлт цуцалсаны, үрчилсний зэрэг зарим төрлийн бүртгэлд бүртгэлийн гэрчилгээ олгодог зохицуулалтыг хасаж, зөвхөн төрсний, гэрлэсний, нас барсны бүртгэлд гэрчилгээ олгож байхаар шийдвэрлэжээ.

  • Орон нутгийн иргэн та Улаанбаатарт амьдарч байх хугацаандаа иргэний үнэмлэхээ гээгдүүлбэл заавал өөрийн харъяаллын газраасаа үнэмлэхээ авдаг зохицуулалттай байсан. Тэгвэл шинэ хуулиар харьяалал харгалзахгүйгээр иргэний үнэмлэхийн болон бусад 89 төрлийн бүртгэлийн үйлчилгээг оршин сууж байгаа газрынхаа бүртгэлийн байгууллагаас авах боломжтой болсон.

  • Мөн гадаадад амьдарч байгаа иргэдийн паспортын хугацаа дуусахад итгэмжлэлээр дамжуулан эндээс паспортаа захиалдаг байсан бол шинэ хуулиар амьдарч буй улсад нь суугаа ЭСЯ-ныхаа Консулын хэлтсээр дамжуулан захиалан авах боломжтой болсон байна.

  • Шилжилт хөдөлгөөн, Монгол Улсын харьяат болсон, иргэний харьяаллаа сэргээн тогтоосон, харьяатаас гарсан, үрчлэлт, хүйс өөрчлөгдсөн, овог, нэр өөрчлөх, гадаадын иргэн, харьяалалгүй хүнтэй холбоотой бүртгэлээс бусад бүртгэлийг засаг захиргааны нэгж харгалзахгүйгээр бүртгэдэг байхаар зохицуулжээ.

  • Гадаад пасспортын хугацааг сунгахгүйгээр 10 жилийн хугацаатайгаар олгодог болно.

Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хууль

  • Улсын бүртгэлийн байгууллага газрын харилцааны байгууллагатай дундын мэдээллийн сан үүсгэх замаар хоорондоо мэдээлэл солилцох боломжтой болно. Ингэснээр иргэд хоёр төрийн байгууллагад давхар бүртгүүлэхгүй болно. Газар болон үл хөдлөх хөрөнгийн өмчлөл, эзэмшил, ашиглах эрхийн мэдээллийг нээлттэй болгожээ.

  • Төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгийн эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр хуульд шинээр тусгажээ. Өөрөөр хэлбэл төрийн өмчийн асуудлыг илүү тодорхой, ил тод болох боломжтой аж.

  • Хуулийг дагалдаж бас нэг зарчмын асуудал орж ирж байгаа нь цаашдаа үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хуурамчаар үйлдэж, иргэдийг залилан мэхэлдэг гэмт хэрэг байхгүй болно. Энэ хууль батлагдсанаар залилагчид гэмт хэрэг “үйлдэж чадахгүй болно. Яагаад гэвэл, газар ба үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж, ашиглаж, өмчилж, барьцаалсан байгаа бүх мэдээллийг ил тод болгож байна.

Энэ хуулийн хүрээнд маргаан өрнүүлсэн асуудал бол Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд орон сууц худалдаж авч байгаа иргэн өөрт ногдох хуваарь газраа эзэмших асуудал юм.

Манай улс 1992 онд газрыг Монгол Улсын иргэндээ өмчлүүлж болно гэсэн шийдвэрийг гаргасан. Ингээд 2002 онд газраа хувьчилж, Үл хөдлөх хөрөнгийн газар болон Газрын харилцааны газар хоёрыг нэгтгэсэн. Гэвч дараа нь эдгээр байгууллагуудыг салгасан нь асуудал дагуулж эхэлсэн байна.

Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр:Сүүлийн 20-иод жилд 1 сая орчим үл хөдлөх хөрөнгийн бүртгэл хийгдсэн. Мөн газар эзэмших, ашиглах эрх хийгдсэн байдаг. Энэ бүртгэлүүд холбоогүй, тус тусдаа дугаартай, тус тусдаа байгууллага эрхэлдэг байна. 550 мянган газар эзэмших эрх байхад ердөө 10 мянга нь үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлд бүртэлгээтэй байдаг. Цаад утгаарааа энэ нь газар давхцуулж дураараа олгодог, газрын наймаа, авилгал зэрэг асуудлыг хяналтгүйгээр хийх асуудлыг дэвэргэсэн зүйл болсон” гэсэн. Иймийн учир манай улс газрын харилцааныхаа бодлогыг хатуу гараар, нэгдсэн удирдлагаар зайлшгүй шаадлагатай байгаа гэж тэрээр онцолсон юм.

Ингээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийг дагалдаж байгаа тогтоолын төсөл дээр Иргэний хуульд нийцүүлээд Газрын харилцааны тухай хуулийг оруулж ирэх үүргийг Засгийн газарт өгсөн.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд уг хуулийн зохицуулалтыг Иргэний хуулийн агуулга, үзэл баримтлалд нийцүүлж улсын бүртгэлийн байгууллагаас бүртгэх хуулийн этгээдийн төрлийг шинэчлэн тогтоож, эрх зүйн зохицуулалтгүй байдлаас шалтгаалж иргэдэд ойлгомжгүй, маргаантай нөхцөл байдлуудыг шийдвэрлэх. Мөн хуулиас дээгүүр болзол шаардлагыг дүрэм, журмаар тогтоохоос татгалзаж. дүрэм журмаар зохицуулж байгаа зарим суурь харилцааг хуулийн хүрээнд илүү тодорхой, нийтэд ойлгомжтой болгон хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэх хугацааг уян хатан болгох, богиносгох чиглэлээр холбогдох өөрчлөлтүүдийг тусгажээ.

Эцэст нь дүгнэж хэлэхэд Улсын бүртгэлийн багц хуулиуд энэ оны 11 сарын 1-нээс хэрэгжиж эхлэх бөгөөд  иргэдийг биечлэн нааш, цааш явуулж, олон бичиг баримт шаардахгүйгээр бүртгэх боломжтой болж байна.  

ХЗДХ-ийн дэд сайд Б.Энхбаяр: “УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар дарга 2008 оноос эхлээд цаасан бүртгэлийг онлайн тогтолцоо руу шилжүүлэх суурь ажлыг хийсэн. Одоо бэлтгэл ажил 70 гаруй хувьтай байгаа.

Бүртгэл 100 хувь онлайн болсон тохиолдолд хүн бүрийн гар утас ТҮЦ машин болно гэсэн үг.

Ингэснээр иргэд лавлагаа авах асуудал нээлттэй болно. Үүнтэй холбоотойгоор зардал нэмэгдэх асуудал байхгүй. Эсрэгээрээ буурна. Иргэний үнэмлэх 2002 онд шинэчлэгдсэн. Гадаад паспортын тухайд 2015 оноос загварыг нь өөрчлөх шийдвэр гарсан. Гадаадад ихээхэн хэмжээний бэлдэц хэвлүүлэх гээд мөнгийг нь төлчихсөн байгаа” хэмээн хэлсэн юм.

Сэтгүүлч

Vip76.mn А.Цолмон tsolmon@vip76.mn