С.Эрдэнэ: Эцсийн мөчид эрх баригч нам улс төрийн намуудын тохиролцооноос ухарлаа.
2018.07.04

С.Эрдэнэ: Эцсийн мөчид эрх баригч нам улс төрийн намуудын тохиролцооноос ухарлаа.

Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй ярилцлаа.


-Өнгөрсөн баасан гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Д.Эрдэнэбат нараас “Эрдэнэс Монгол” ХХК-ийг нийтийн эзэмшлийн компани болгох санал гаргасан. Уг саналыг гэнэт оруулж ирэх болсон шалтгаан нь юу вэ?

-“Эрдэнэс Монгол” ХХК-ийг уул уурхай, ашигт малтмалын орд газар, компаниудыг нэгтгэсэн Казахстаны жишгээр байгуулах гэж төлөвлөсөн юм. Харамсалтай нь өнөөдөр Гашуусухайтын замын ашиглалтыг хариуцсан компани болоод хувирчихсан. Одоо “Эрдэнэс Монгол” ХХК дээр төвлөрсөн компани бараг байхгүй. Компани бүр өөр, өөрийн хөрөнгийн бүртгэлтэй, үйл ажиллагаагаа явуулаад байж байгаа. Уг нь бол “Эрдэнэс Монгол” ХХК дээрээ төвлөрүүлээд, өөрийн хөрөнгө ихтэй том компани болгож, түүгээрээ IPO хийж, хөрөнгийн зах зээл дээр гарган хөрөнгө босгоё гэдэг гол зорилготой юм. Цаашдын хувь заяа бол их бүрхэг байна.

Миний хувьд Монголд байгаа уул уурхай ашигт малтмалын чиглэлийн үйл ажиллагаа явуулж байгаа гадна, дотны бүхий л компаниуд дээр тавих төрийн хяналтыг чангатгах хэрэгтэй гэж бодож байна. Нэгтгэж нэг хяналт тавих ёстой. Тэгж чадахгүй бол Монгол Улс байгалийн баялгаасаа ашиг хүртэх тухай ойлголт тун бүрхэг, тааруухан байна.

Гэнэт оруулж ирсэн юм бол байхгүй. УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоол гэж бий. Уг тогтоолоор "Эрдэнэс Монгол" дээр уул, уурхайн компаниудын баланс, хөрөнгийн тооцооллыг нэгтгээд нэгдсэн том компани болгох, цаашлаад хөрөнгийн зах зээлд оруулах тодорхой төсөл боловсруулж УИХ-д оруулж ирэхийг Засгийн газарт даалгасан байдаг. Энэ тогтоолын биелэлт одоог хүртэл хангагдаагүй. Худал, үнэн ярьсаар л ирсэн. Тогтоол биелэгдээгүй найман жил болж байна.

-УИХ-ын гишүүд тус саналыг дэмжээгүй. Угтаа бол “Таван толгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх тухай” УИХ-ын тогтоолыг батлахаас өмнө хоёр нам хэлэлцээрийн ширээнд суухдаа “Эрдэнэс Монгол” ХХК-ийг нийтийн эзэмшлийн компани болгоход санал нэгдсэн юм биш үү?

-"Эрдэнэс Монгол" бол уул уурхайн компаниудын толгой компани. Манай нам эхлээд 49 хувь олон нийтийн хяналтын багцтай байя гэсэн санал гаргасан ч зөвшөөрөөгүй. Тэгвэл 34 хувьд нь хяналтын багцтай байя гэснийг эрх баригчид зөвшөөрсөн.

Ийнхүү хоёр нам тохиролцоод, зөвшилцөөд орсон юм. Гэтэл яг санал хураалтын явцад олонх хэлсэн амнаасаа буцсан. Хяналтын ямар ч багцгүйгээр баталчихлаа. Улс төрийн намын хувьд ёс зүйгүй үйлдэл. Тохиролцоонд хүрчихээд түүнээсээ улайм цайм бултаж, үгүйсгэж байгаа нь улс төрийн намын хувьд байж боломгүй асуудал. Цаашдаа бид эрх баригчидтай ямар нэгэн яриа тохиролцоонд хүрэх боломжгүй болчихож байгаа юм. Дахиад хэдэн ч удаа хулхидах юм хэн ч мэдэхгүй шүү дээ.

-Хоёр намын хоорондох хэлэлцээрийн дагуу явсан бол иргэдэд ямар ашигтай байх байсан юм бэ?

-Олон нийтийн зүгээс "Эрдэнэс Монгол" компанийн үйл ажиллагаа, түүний харьяа компаниудад тавигдах хяналтын багцтай болно гэсэн үг. Аливаа үйл ажиллагаа орлого, борлуулалт, бусад санхүү эдийн засгийн үйл ажиллагаанд нь олон нийтийн зүгээс хяналт тавих оролцоо байх боломжийг бүрдүүлж өгөх байсан.

-АН-ын зүгээс хаврын чуулганыг үр дүнгүй боллоо гэж дүгнэж байна. Энэ тухайд?

-Хаврын чуулганд хувь хүний хувьд ч сэтгэл дундуур байгаа. Хаврын чуулган хэт улстөржсөн, тэр дундаа эрх баригч намын дотоод зөрчил хурцадсан, бие биенээ давах гэсэн, аливаа асуудалд нэгдсэн байр суурьтай хандаж чадахгүй, эв түнжингүй л байсаар дууслаа. Хаврын чуулганаар нийгэм эдийн засагт үр ашигтай, томоохон хууль тогтоомжууд гарсангүй.

Зарим нэг шалдар булдар хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төдийгөөр асуудлыг аргацаалсан байдлаар яваад өнгөрлөө. Дээрээс нь хаврын чуулган эрх баригч намын хувьд маш хариуцлагатай чуулган байсан. Учир нь бүрэн эрхийн хугацааны 50 хувьд орсон. Эргээд харахад бүрэн эрхийн хугацааны тэн хагаст юу хийж бүтээж чадав. Эдийн засгийн өсөлттэй гэж байгаа боловч хүн ардын гар дээрх бодит орлого нэмэгдсэнгүй. Эрх баригчид ярихдаа өрхийн орлого, иргэд дээр очиж байгаа бодит орлого 10 хувь орчмоор нэмэгдсэн гэж ярьж байгаа боловч мөн хувиар буурсан.

Түүнээс ч их хувиар буурсан байх магадлалтай. Сүүлийн хэд хоногт бензин шатахууны үнэ хэд дахин өсөв. Энэ бол тоглоом биш шүү дээ. Шатахууны үнэ өснө гэдэг суурь үнэ хөдөлнө гэсэн үг. Суурь үнийг дагаад өргөн хэрэглээний бараа, таваарын үнэ өснө. Цалин тэтгэвэр нэмэгдээгүй энэ цаг үед сагсан дах өргөн хэрэглээний барааны үнэ өсөөд эхлэхээр худалдан авах чадваргүй болно, өрхийн бодит орлого буурна. Энэ цаг үед эрх баригчид худлаа ярьж байна. Эдийн засгийн үзүүлэлт өсөж байгаа статистик байгаа нь үнэн. Гэтэл яг эдийн засгийн өсөлт цэвэр өсөлт болж ард иргэдийн өрхийн орлого, гар дээрх бодит орлого нөлөөлж байна уу гэвэл үгүй л байгаа байхгүй юу.

Монгол Улсад гадаад, дотоод зах зээлээс орж ирж байгаа мөнгөний урсгал хэдийгээр нэмэгдсэн ч бодит хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил нэг ч хийгдсэнгүй. Хоёр жилийн хугацаанд нэг километр зам ч тавьсангүй. Монгол Улсад юу ч хийсэнгүй. Хэрүүл хийж Засгийн газараа огцруулан, хоорондоо талцаж, өнгөрснөө муулаад л өнгөрлөө.

-УИХ-ын Л.Оюун-Эрдэнэ “60 тэрбум”-ын асуудлаар нийтийн сонсгол хийх хүсэлтээ УИХ-ын даргад өргөсөн барьсан. АН уг асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-УИХ-ын хурлын дэгийн дагуу нийтийн сонсгол явагдах байх. Ер нь 60 тэрбумтай холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллага эцэслэн тогтоох цаг болсон. Хурдан шуурхай шалгаад ийм асуудал байдаг гэм буруутай хүмүүст нь зохих арга хэмжээг аваад, байдаггүй бол түүнийг нь тогтоох ёстой. Үнэн худал нь мэдэгдэхгүй асуудал нийгэмд яваад л байх юм. Үүнийг эцэслэх газар нь хуулийн байгууллага шүү дээ.

-Үндсэн хуулийн өөрчлөлтийг энэ ондоо багтаан хэлэлцэн шийдвэрлэхээр зорьж байгаа хэмээн ярьж байна. Үндсэн хуулийн өөрчлөлтөд сөрөг хүчний зүгээс ямар саналтай байгаа бол?

-Үндсэн хуульд нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд шаардлагатай зарим зүйл заалт байгаа л байх. Гэхдээ яг өнөөдөр иргэдийн өмнө хүлээгдэж байгаа бодит зорилго, зорилт маань юу вэ гэдгээ бодох ёстой. Үндсэн хууль өөрчлөөд асуудал шийдчихгүй л байхгүй юу. Хоёрдугаарт, эрх баригчдын 2016 онд амласан амлалт амьдрал дээр биелээгүй.

Өрийг өрөөр дарахгүй гэж хэлж байсан бол энэ амлалтдаа хүрсэнгүй. Бүх л өрийг өрөөр дарж байна. Гэтэл Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Дим Сан бондын мөнгийг эдийн засгийн цэвэр өсөлтөөр дарлаа гэж худлаа яриад л байж байна. Үнэндээ “Гэрэгэ” бондын үлдэгдэл мөнгөөр дарсан шүү дээ.

Бондыг бондоор дарах, тэр тусмаа өмнөх бондынхоо нөхцөлөөс муутгаж байгаа нь цаг хожсон, гацаасан юм болж байна. Одоо өрийн тааз талийгаад өгсөн. Хуучин АН-ын үеийн Засгийн газар өрийн таазыг 58 хувь хүргэх гэтэл бөөн хэл ам болж болиулсан. Одоо өрийн тааз гэдэг ойлголт Монголд байхгүй. Хэмжээ хязгааргүй л өр тавьцгааж байна. Тэр битгий хэл төрийн томчууд гадагшаа явахаараа хэн нь илүү зээл тавьж байна гэдэг уралдаанд оролцож байгаа юм шиг л болж. Өр тавьснаа баатарлаг үйл явдал мэтээр сурталчилж байна.

Дээрээс нь цалин тэтгэврийг нэмнэ гэж амласан. Хүүхдийн мөнгийг алагчлалгүй олгоно гэж мөн амласан. Өр нэмэгдүүлэхгүй гэж ч амласан. Томоохон төслүүдээ хөдөлгөнө гэсэн. Ямар төслүүд хөдлөв. Оюу толгой, Эрдэнэт маргаантай хэвээрээ л байна. Сая Таван толгойг хөдөлгөх шийдвэр гарсан ч эцсийн мөчид эрх баригч нам улс төрийн намуудын тохиролцооноос ухарлаа. Будлиантай л юм хийчихлээ. Цаашаа явах үгүйг хэлж мэдэхгүй байна. Таван толгойн цахилгаан станц барина гэсэн амлалт ч биелээгүй хэвээр. Үндэсний шатахуун биензин үйлдвэрлэхээр шав тавьлаа л гэсэн. Бодит амьдрал дээр эхлээгүй л явж байна. Өнгөрсөн дөрвөн жилд хийсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын үлдэгдлээр л амьдарч байна. Түүнээс энэ Засгийн газар санаачлаад, эхлүүлчихсэн ажил алга.

-Захиргааны ерөнхий хууль дээр сөрөг хүчин завсарлага авсан. Завсарлага авах болсон тухайгаа тодруулаач?

-Нэг, хоёр хүнтэй хариуцлага тооцох гэж байгаа нь энэ гээд бүхэл бүтэн системээр нь нурааж болохгүй. Захиргааны ерөнхий хууль нь өнөөдрийн эрх барьж байгаа намд маш том хяналт тавьдаг хууль юм. Маш олон мянган хүн ажлаасаа халагдсан. Зөвхөн ардчилсан намын угшилтай гэж хардагдсан 30 гаран мянган хүн ажлаасаа халагдлаа. Энэ олон мянган хүний ажлаасаа хууль бусаар халагдсан эсэхийг тогтоох шүүх нь Захиргааны хэргийн шүүх юм. Мөн Захиргааны эрх зүйтэй холбоотой маш олон маргаан байдаг. Тэр олон маргааныг хянадаг, шүүдэг газар нь Захиргааны хэргийн шүүх юм.

Гэтэл Засгийн газрын гаргасан аливаа шийдвэр тогтоол Захиргааны хэргээр хянагддаггүй болчих юм бол Засгийн газар гэж хяналт, захиргаагүй, дураараа шийдвэр гаргах болно. Хэн тэнд хариуцлага тооцож, хяналт тавих юм. Өөрсдөө ярихаараа ганц, хоёр шүүгчийн тухай асуудал яриад байдаг. Хууль зөрчсөн нь үнэн л юм бол Захиргааны хэргийн шүүгч байх эсэх нь сонин биш.

Монгол Улсын иргэнийх нь хувьд хянадаг, шалгадаг байгуулагат нь өгөх хэрэгтэй. Хэрвээ үүргээ биелүүлэхгүй, ашиг сонирхлыг зөрчил гаргасан бол хуулийнхаа дагуу хариуцлага хүлээгээд л явна биз. Ямартаа ч бид Захиргааны ерөнхий хуулийг дэмжээгүй. Үүний ард маш олон мянган иргэн, аж ахуйн нэгж байгууллагын эрх ашиг хөндөгдөх учраас бид зөвшөөрөөгүй.

-Төрийн өмчийг 2016-2018 онд хувьчлах үндсэн чиглэл УИХ-аар хэлэлцэгдсэн. Танай намын зарим гишүүдийн зүгээс өмч хувьчлалын эзэд тодорчихсон байгаа гэх зүйлийг ярьсан. Энэ хэр үнэний ортой вэ?

-Цаг хожоод бушуу түргэн идээд уучихъя гэдэг хандлагаар хандаад байна уу даа л гэж харж байна. Үндсэндээ МИАТ-ийг ашигтай ажиллаад ирэнгүүт бушуухан хувьчлах гээд л зүтгэх юм. Далайд гарцгүй манайх шиг орны хувьд агаарын орон зай бол маш чухал. Үндэсний аюулгүй байдлын ганц гарц шүү дээ. Гэтэл агаарын үндэсний ганцхан компаниа хувьчилна гэж байгаа нь цагаа олоогүй асуудал гэж харж байгаа.

Харин ч төрөөс илүү анхаарч, хүчирхэг үндэсний авиа компанитай болох ёстой. Хөрөнгийн биржийг мөн хувьчилна гэж байна. Хоосон байшин л 20 тэрбумаар зарагдаж байхад хөрөнгийн биржийг түүнтэй адил үнээр хувьчилна гэдэг байж боломжгүй зүйл. Цаг үеийн тохироог ашиглаад үнэгүй хувьчилж завших гэсэн оролдлого гараад байгаа юм шиг л санагдаад байна.

Жишээ нь Төрийн банкийг л гэхэд 75 тэрбумаар хувьчилна гэнэ. 2014 онд Японы компаниас Төрийн банкийг 500 тэрбум төгрөгөөр хувьчилж авах санал ирж байсан. Тэр үед Засгийн газрын гишүүн байсан учир санаж байна. Бодит үнэлгээ хийгдээгүй, нийгэм, эдийн засгийн үр ашгийг зөв тооцоололгүйгээр төрийн өмчийн томоохон компаниудыг хувьчилна гэж байгаа нь цаг үеэ олсон асуудал биш. Бодит үнэлгээг мэргэжлийн байгууллагуудаар гаргуулж байж хувьчлалын асуудлыг гаргах ёстой.

Эзэд нь тодорсон гэх асуудал бол ортой. 500 тэрбумаар хувьчлах санал ирж байсан төрийн өмчийг 75 тэрбумаар хувьчилна гэж байна шүү дээ. Балансын үнэ нь л энэ гэдэг шалтгаанаар үнэгүй шахуу л хувьчлах гэж байна. Энэ бол шударга асуудал биш.

-Ирэх намрын чуулганаас хүлээж буй үр дүн юу байгаа бол?

-Хэлэлцэх шаардлагатай гол гол хуулийн төслүүд бий. Хууль гэхээсээ илүү бидний тавьж байгаа гол зорилго бол Монгол Улсын нийгэм, эдийн засагт нөлөөлөхүйц томоохон төсөл хөтөлбөрүүдийг хөдөлгөх шаардлагатай гэж үзэж байгаа явдал юм. Оюу толгой, Таван толгой төсөл хөтөлбөрүүд байна.

Мөн нефтийн үйлдвэр, V цахилгаан станц, төмөр зам, эдийн засгийн коридорыг нээх, эхлүүлэх гэх мэт хийх ажил зөндөө байна. Харамсалтай нь эрх баригчид маань эрх мэдэл, албан тушаал, сандал суудалтайгаа зууралдаад, зодолдоод гол ажлаа хийхгүй байна. Тиймээс ирэх намар бол эрх баригчид байгаа байдалдаа бодит дүгнэлт хийж, улс орнынхоо бүтээн байгуулалт, амлалт мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх чиглэл рүү шаргуу, дайчин ажиллаасай л гэж бодож байна. Үндсэндээ ганц л жил үлдлээ. Сүүлийн жил сонгуулийн жил гээд юу ч хийхгүй нь ойлгомжтой.

-УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын тойрог дахь нөхөн сонгуулийн тов хэдийнэ гарчихсан. Тэгвэл Д.Мурат гишүүнтэй холбоотой асуудлыг цаашид хэрхэн шийдэгдэнэ гэж харж байгаа вэ?

-Д.Гантулга болон Д.Мурат гишүүний холбогдоод байгаа асуудлууд тэс өөр. Нэг нь бол цэвэр эрүүгийн хууль зөрчсөн хүчингийн, бусдын эрх чөлөөнд халдсан зүйл бус үйлдэл. Нөгөөх нь гэр бүл хоорондын харилцааны асуудал. Эхлээд гэр бүл хоорондын харилцаа хэлбэрийн маргаан байж байгаад сүүлдээ эрх чөлөөнд нь халдсан, хүч хэрэглэсэн, зодсон гэх зэрэг асуудал яригдсан.

Тэр нь шүүх хуулийн байгууллагаар тогтоогдохдоо хууль бусаар, гүтгэлгийн шинж чанартай асуудал байж болзошгүй нөхцөл байдал үүссэн. Есдүгээр сард зодуулсан гэсэн хэрнээ шүүх эмнэлгийн дүгнэлт нь бүтэн таван сарын дараа буюу нэгдүгээр сард гарсан байх жишээтэй.

Шүүх эмнэлгийн дүгнэлт ямар хугацаанд гарах ёстой, ямар хугацаанд гарсныг нь хүчин төгөлдөр гэж үзэх юм гээд тусгай хууль дүрэмтэй. Хэн дуртай нь очоод хуучны шарх, сорвио үзүүлээд гэмтлийн зэргээ тогтоолгоод байж болох юм бол Монголд дуртай хүнээ гүтгэж, хэрэгт оруулах нөхцөл байдал үүсэх нь л дээ. Би Д.Мурат гишүүнийг өмөөрч байгаа юм биш. Шүүх хуулийн байгууллага нь үнэн мөнийг нь олж үнэхээр гэм буруутай бол хариуцлагыг нь тооцож, гэм буруугүй бол түүнийг тогоогоод л явах ёстой. Тэр утгаараа АН энэ асуудалд хөндлөнгөөс оролцоогүй. Оролцох ч үгүй. Харин АН-ын гишүүнийх нь хувьд хэлмэгдүүлэх, улстөрийн нөлөөлөл орохгүй байх тал дээр нь бид анхаарах ёстой.

-Таны өргөн барьсан Зээлийн хүүгийн хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төслийг УИХ дэмжсэн. Зээлийн хүүгийн хязгаарыг тогтоосноор иргэд, аж ахуйн нэгжид ямар давуу тал бий болох вэ?

-Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах зорилготой хууль. Түүнээс хэн нэгэн мөнгө төгрөгтэй олигархууд, хэсэг бүлэг банк санхүүгийн байгууллагыг хамгаалах гэсэн хууль биш. Мөн тэд-нийг хохироох тухай ч ойлголт байгаа юм биш. Монголд банкны зээлгүй, өргүй иргэн, аж ахуйн нэгж гэж байхгүй. Сүүлийн 28 жил Монголын банк санхүүгийн байгууллагад төрөөс ямар нэгэн оролцоо байгаагүй. Тиймдээ ч зах зээлийнхээ зарчмаар явах байх гэж харсан.

Гэтэл сүүлдээ банкны салбар нийгэм, эдийн засгийн монополь салбар болж хувирлаа. Санал санаачилга бүр нь хууль болж, хүссэнээрээ хүүгээ тогтоож, дуртай хэлбэрээрээ мөнгө хүүлж байдаг болсон. Иймд тодорхой хэлбэрээр зохицуулах шаардлага үүссэн. Гадны улс орнуудад банк санхүүгийн тогтолцоог төрөөс хэрхэн зохицуулдгийг гурван жил шахуу судалсны үндсэн дээр уг хуулийг санаачилсан. Банкны зээлийн хүү, мөнгө хүүлэлтийг дэлхийн 76 оронд төрөөс зохицуулж, өнөөдөр ч хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.

Уг хуулиар зээлийн хүүгийн хэмжээг тогтоох, аливаа хэлбэрийн зээлийн хүүг өөрчилж тооцон бөөнөөр авдгийг нь зогсоох, тавьсан хязгаараас давсан хүү тооцвол мөнгө хүүлэлт гэж үзэх, хариуцлага тооцох гэх мэт зохицуулалтуудыг хийж өгсөн. Баялаг бүтээх гэж хөдөлмөрлөж байгаа иргэд аж ахуйн нэгжийн эрхийг хамгаалсан хууль юм.

О.Ариунцэцэг