Оюунхорол.Д 2018.07.04 | MMinfo.mn

Зорилготой бүсгүйчүүдийн зоригийг битгий мохоогоорой

Зорилготой бүсгүйчүүдийн зоригийг битгий мохоогоорой

Энэ парламент олон талаараа дутуу дулимаг байгааг хүн бүр харж байгаа. Наанадаж л  төрийн хүний ёс зүй, улстөрчийн соёл, шударга ёс гэх үнэт зүйлсээ уландаа гишгэж, умартсан гишүүдээр дүүрсэн гэхэд хилсдэхгүй. Гэхдээ тэдний дунд муухан эрчүүдээс дутахааргүй зоригтой, зорилготой, алсын хараатай эмэгтэйчүүд байгаад нь олзуурхах хүн олон байгаа байх.

Өөрөөр хэлбэл, аливаа асуудалд хоноцын сэтгэлээр бус чин сэтгэлээр ханддаг эмэгтэйчүүдийн төлөөлөл болсон зарим гишүүнийг онцолмоор байна. Тухайлбал, МАН-ын эмэгтэйчүүдийн лидер Д.Оюунхорол. Тэрбээр УИХ дахь эмэгтэйчүүдийн бүлгийн ахлагч. Энэ үүргээ ч сайн гүйцэтгэж байгаа харагддаг. Эмэгтэйчүүд, хүүхдийн эрхийн төлөө чангахан дуугарч чаддаг тэрбээр УИХ дахь эмэгтэйчүүдээ ч аливаа зүйл дээр нэгтгэж чаддаг нэгэн. 

УИХ-д тав дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа тэрбээр мэдлэг, туршлагаараа бусад улстөрчдийн урд алхана уу гэхээс хойно нь хоцрохгүй.

Тиймдээ ч түүнийг УИХ-ын танхимд “төмөр хатагтай” хэмээн нэрийдэж, зарим эрчүүд нь айдаг юм билээ.

Тиймээс ч түүнийг сошиал суваг ашиглан элдвээр доромжлох, түүнд зориулсан хар пи-ар ар араасаа үргэлжилдэг биз. Зорилготой бүсгүйн зоригийг битгий мохоочихоосой билээ. 

Улс төр мэддэг, сонирхдог нь гадарлах биз. Түүнийг нэг асуудал дэлгэнгүүт түүний эсрэг хар пи-ар цахим сүлжээг “донсолгодог”. Саяхан л гэхэд хүчингийн хэрэгт холбогдсон хоёр гишүүний тухай асуудлыг УИХ-ын эмэгтэй гишүүд ярьж эхлэнгүүт л тэдний элдвээр харааж, өнөөх хоёр гишүүндээ жигтэйхэн хайртай болчихсон улс цахим сүлжээгээр дүүрчихсэн.  Энэ мэт байдал нь манайд дуугарах гэсэн шударга нэгнийг “боомилж” байдгийн яруу тод эмгэнэлтэй жишээ.

Гэхдээ Д.Оюунхорол тэргүүтэй мэдлэг боловсролтой, шударга, туршлагатай улстөрч бүсгүйчүүд энэ зэргийн дайралтыг даваад гарчих тэнхээтэй.

Гол нь Монголоо гэсэн сэтгэл, хийж бүтээе гэсэн итгэлээ битгий алдаарай. Энэ эрчээрээ зүтгээд байвал ард түмэн 2020 оны сонгуулиар ухна шиг эрчүүдийг биш ухаалаг бүсгүйчүүдийг сонгоно гэдэгт итгэлтэй байна.

А.Сүхбат гишүүн саяхан нэг хурал дээр “бандааш” Гантулгыг явуулсанд эмэгтэй гишүүд буруутай хэмээн ярьсан нь хэвлэлээр цацагдаж олны дургүйцлийг төрүүлж байна. Эмэгтэй гишүүд хүчирхийлүүлсэн, доромжлуулсан эмэгтэйчүүд, хүүхдүүдийг хамгаалахгүй бол эрэгтэй гишүүд л лав биш юм байна.

Сэтгүүлч

Vip76.mn О.Батзаяа batzaya@vip76.mn