Б.Баттөмөр 2018.07.05 | МОНЦАМЭ

Дархан-Уул аймагт “МАЛЫН УДМЫН САНГИЙН ҮНДЭСНИЙ ЦОГЦОЛБОР” ашиглалтад орлоо

Дархан-Уул аймагт “МАЛЫН УДМЫН САНГИЙН ҮНДЭСНИЙ ЦОГЦОЛБОР” ашиглалтад орлоо

Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг 22.3 га талбайд Малын удмын сангийн үндэсний цогцолборыг байгуулж,энэ сарын 03 өдөр ашиглалтад орууллаа. ХХААХЯамны харьяа Малын удмын сангийн төвийн үйл ажиллагааг өргөжүүлэн, малын үржүүлэг, биотехнологийн ажил, үйлчилгээг дэлхийн жишигт нийцсэн технологиор өргөн цар хүрээтэй явуулах зорилгоор цогцолборыг барьжээ.

Эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлэх бүс нутгийг түшиглэн Дархан-Уул аймгийн Хонгор суманд Малын удмын сангийн үндэсний цогцолборыг байгуулсан нь бусад аймаг, сумдын малчид, фермерүүд, хэрэглэгчдэд ойртуулсан чухал шийдвэр гэдгийг нээлтийн ажиллагаанд оролцсон УИХ-ын гишүүн Б.Баттөмөр онцлов

Дархан-Уул аймагт олон улсын жишигт нийцсэн малын генийн санг хамгаалах, үйлдвэрлэх, ашиг шимийг нэмэгдүүлэх, үүлдэр, угсааг нь сайжруулах, шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах, том хэмжээний анхны цогцолбор байгууламж ийнхүү байгуулагдлаа. Тус цогцолборт эрдэмтэн судлаачид, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчид, мэргэжилтнүүд үйлдвэрлэл, туршилт явуулах, үржүүлгийн бүтээгдэхүүнийг шаардлагын дагуу бэлтгэн зах зээлд борлуулах боломж нээгдэж буй талаар албаныхан хэлж байна.

Засгийн газрын 17 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар байгуулсан энэхүү цогцолбор нь хөврөл шилжүүлэн суулгах иж бүрэн лабораториудаас гадна малын генийн санг хадгалах зориулалтын агуулах, тэжээл боловсруулах цех, сайн чанарын хээлтүүлэгч бойжуулах газар, тэжээл, бордооны хэсэг, сургалт судалгааны байр, мал эмнэлгийн үйлчилгээний цэг, цахилгаан, ус, дулаан хангамжийн цэг зэрэг 16 барилга байгууламжаас бүрджээ.
 
2014-2016 оны хооронд хөрөнгө санхүүгийн улмаас  зогсонги байдалд байсан барилгын ажил урагшилж ийнхүү ашиглалтад орлоо. Барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр “НАБСАН” ХХК, “Саруул харгуй” ХХК-иуд ажиллажээ.
 
Л.Отгонбаатар