Ж.Бат-Эрдэнэ 2018.07.05 | Нийслэл таймс

Ж.Бат-Эрдэнэ: Сөүл, Бээжингийн нислэгийн тийз 20-40 хувиар хямдрах боломж бүрдлээ

Ж.Бат-Эрдэнэ: Сөүл, Бээжингийн нислэгийн тийз 20-40 хувиар хямдрах боломж бүрдлээ

Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнээс зарим зүйлийг тодрууллаа.

-УИХ-ын хаврын чуулганы хаалттай зэрэгцээд иргэний агаарын тээвэрт чөлөөт өрсөлдөөн бий болгох чухал шийдвэрийг батлуулж чадсан. Хуулийн энэ зохицуулалтаар яг юу өөрчлөдөх вэ?

-Төрөөс иргэний агаарын тээвэрт 2020 он хүртэл баримтлах бодлогод УИХ өөрчлөлт оруулж баталлаа. Би энэ салбарт сайдаар томилогдсоныхоо дараа иргэний агаарын салбарыг либеральчлах, чөлөөт өрсөлдөөнийг дэмжих бодлого баримталж ажиллана гэдгээ ил тод мэдэгдсэн. Ингэхийн тулд хамгийн эхлээд хууль эрх зүйн орчинд өөрчлөлт хийх шаардлага тулгарсан.

Цаашлаад бүтцийн өөрчлөлт, гадаад талдаа харилцаагаа өргөжүүлэх, нислэгийн чиглэлийг нэмэгдүүлэх гээд алхмуудыг төлөвлөсөн. Бээжин, Сөүлийн чиглэлд нэг тээвэрлэгч байна гээд хатуу заалтаар иргэний агаарын тээврийн салбарын хөгжлийг илтэд боомилсон, чөлөөт өрсөлдөөн биш монополь байдлыг дархалсан зохицуулалттайгаар нэлээд хэдэн жилийг үдсэн.

Энийг өөрчлөхгүйгээр урагш алхах ямар ч боломжгүй байсан. Энэ бодлогыг УИХ дэмжиж өөрчилж өглөө. Одоо нислэгийн тоо нэмэгдэхээс гадна чанарын өөрчлөлт гаргаж, тийзийн үнэ буурах боломж бүрдлээ.

-Хамгийн өндөр ачаалалтай байдаг энэ хоёр чиглэлд одоо хэдэн нислэг үйлддэг юм бэ?

-Одоо бол зургаахан нислэг хийж байгаа. Яагаад гэвэл 6 хүртэлх нислэгт нэг тээвэрлэгч байхаар зохицуулалт хийсэн учраас урсгал нэмэгдэх боломжгүй байв. Гэтэл хэрэгцээ нь долоо хоногт 18-22 хүртэл нислэгтэй болох шаардлагатай байгаа юм. Одоогийн байдлаар 9-р сар хүртэл тийз олдохгүй болчихсон байх жишээтэй.

Тэгэхээр энэ түгжээг ямар ч байсан мулталлаа. Хоёрдогч тээвэрлэгч орж ирэх боломжийг нээлээ, агаарын тээврээ илүү нээлттэй болголоо. Ингэснээр дээрх хоёр чиглэлд нислэгийн тийзний үнэ 20-40 хувь хүртэл хямдрах боломжтой. Одоо Сөүл, Бээжингийн талтай тохирчихвол ажил жигдрээд явна.

Чөлөөт өрсөлдөөнийг нээж өгсөн нь монополь байдалтай байсан МИАТ компанид  том цохилт болох нь тодорхой. Удахгүй хувьчлагдах төрийн мэдлийн энэ компани цаашид хэвийн ажиллаж чадах уу?

-Хоёрдогч тээвэрлэгч орж ирэх боломж ямартай ч нээгдлээ. Чөлөөт өрсөлдөөнд ороод, тийзний үнэ хямдраад ирвэл МИАТ компанид зөв менежмент хийж, алдагдлаа багасгаж, засаглалаа сайжруулах шаардлага зүй ёсоор тулгарна. Би МИАТ компанитай олон жил хамтарч ажилласан. ТУЗ-ийн даргаар нь ч сонгогдон ажилласан намтартай. Тэгэхээр үр ашиггүй зардлуудаа хэмнэхээс авахуулаад хийх ажил ундарна.

Засгийн газраас шийдсэнээр МИАТ компанийн 49 хүртэл хувийг Хөрөнгийн биржээр дамжуулж хувьчлах учиртай. Энэ бол хамгийн зөв зам гэж бодож байгаа. Хэн нэгэн менежментийн багт, эсвэл стратегийн хөрөнгө оруулагчид өгье гэсэнгүй. Хөрөнгийн биржээр нээлттэй хувьчлах учраас жирийн иргэд ч хувьчлалд оролцох боломж нээлттэй.

-Салбарын сайд нь төрийн өмчит ганц компанидаа хатуурхлаа гэж шүүмжлэл гарч байна. Та үүнд ямар тайлбар өгөх вэ?

-Би 2010-2012 онд МИАТ компанийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан. Энэ компанийн хувьд засаж сайжруулах олон зүйл бий. Сүүлийн гурван сайдын үед би иргэний агаарын салбарыг либеральчлах саналаа хэлж л байсан. Нүдэн дээр алдаа, завхрал гараад байхад харсаар байж толгойг нь илээд мөхөл рүү нь явуулж би чадахгүй. МИАТ компани 2018 онд есөн тэрбум төгрөгийн ашигтай ажиллах ёстой.

Энэ есөн тэрбумын төлөвлөгөөг биелүүлсэн болж харагдах уу, эсвэл жилдээ нэг сая жуулчин авах зорилтыг биелүүлэхийн тулд долоо хоногт 6-гаас хэтрэхгүй байгаа нислэгийн тоог 22 хүртэл болж нэмэгдүүлэх үү, иргэдэд санхүүгийн дарамт болж байгаа тийзний үнийг бодитойгоор буулгах уу л гэдэг сонголт. Би бол улс орны, нийтийн эрх ашгийг эн тэргүүнд эрэмбэлнэ.

Нэг сая жуулчны цаана тэрбум доллар орж ирэх боломжтой гэж ярьдаг. Агаарынхаа зорчигч урсгалын түгжээг мултлахгүйгээр үүнийг хийх ямар ч боломжгүй. 2.4 их наяд төгрөгийг Монголынхоо эдийн засагт оруулахын төлөө хийж байгаа алхам гэж ойлгоосой.

Дарханы зам эвдэрч гэмтсэнээс болоод жолооч нар маш их хохирч бухимдалтай байна. Налайх болон Дархан гэсэн хоёр том замыг хэзээ шинэчлэх вэ?

-Манай салбарынхны сэтгэлийг хамгийн ихээр зовоож байгаа хоёр зам. Хоёуланг нь эзэнжүүлээд төсөв, төлөвлөгөөг гаргаад бэлэн болгосон.

Цаг хугацааны хувьд таарч өгөхгүй асуудал гараад байгаа юм. Дарханы замын тухайд Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар Улаанбаатар-Сэлэнгэ чиглэлийн замд шинэчлэл хийх юм. Дархан хүртэлх замыг нэг метрээр өргөжүүлж, суурийг хүчитгэх гэхчилэн томоохон шинэчлэл хийнэ.

Налайхын замыг Хятадын “Экзим” банкны хөнгөлөлттэй зээлээр хөрөнгө оруулалт хийгээд шинэчилнэ. Гүйцэтгэгчээ сонгон шалгаруулчихсан, газраа чөлөөлчихсөн. “Экзим” банкнаас хамгийн сүүлчийн зөвшөөрөл ирсэн тохиолдолд мөнгө нээгдэж, үйл ажиллагаа эхлэх боломж бүрдэнэ. Цаг хугацааны ийм л хүлээлттэй байгаа юм. Монгол Улсын нийт зам арчлалтад жилд 54 тэрбум төгрөг шаардлатай байдаг. Энэ бол 15 мянган км замын арчилгаа гэсэн үг. Хэрэгцээ шаардлага ийм байхад 2018 оны төсөвт зам арчилгаанд 20 тэрбум төгрөг төсөвлөсөн. Бид төсөвлөсөн энэ мөнгийг нэн шаардлагатай байгаа газрууддаа хуваарилаад жижиг нөхөөсний ажил хийдэг.

Б.ТҮВШИНТӨГС