Ө.Энхтүвшин 2018.07.05 | Зууны мэдээ сонин

Ө.Энхтүвшин: Допингийн асуудалтай бөхчүүдийг барилдуулахгүй

Ө.Энхтүвшин: Допингийн асуудалтай бөхчүүдийг барилдуулахгүй

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Шадар сайд Ө. Энхтувшингийн байр суурийг хүргэж байна.

-Үндэсний их баяр наадам хэдхэн хоногийн дараа болох гэж байна. Бэлтгэл ажил хэр хангагдсан бэ?

-Баяр наадмын бэлтгэл ерөнхийдөө дууссан. Энэ жил нэлээд онцлогтой наадам болно. Тухайлбал, хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдал дээр шат шатны байгууллагууд нэлээд анхаарч байна. Хүүхдийн эрүүл мэндийн асуудал, гэмтэл, бэртлийн судалгаа, хэрэглэгчдийн сонирхол, нийгмийн шаардлагад тохирч буй эсэх зэрэг олон судалгааг орон даяар явуулж дүнг нэгтгэсний эцэст Стандартын үндэсний зөвлөл шинэ стандартыг боловсруулан батлав.

Энэ стандарт батлагдсанаар уралдаанч хүүхдийн хамгаалалтын малгай, хантааз, гутал, бээлий зэрэг хувцаст тавигдах шаардлага тодорхой болсны дээр илүү нарийссан байгаа. Энэ жил наадмаар хамгаалалтын шинэ хувцсыг бүх уралдаанч хүүхдэд өмсгөхийг албадахгүй ч дараагийн наадмуудад мөрдөх нь зүйтэй гэж үзсэн.

-Бөхийн холбооныхон нэлээд асуудалтай байна. Энэ тал дээр хэрхэн анхаарч ажилласан бэ?

-Би Үндэсний бөхийн долоон аваргыг хүлээн авч уулзсан. Монголын ард түмний үндэсний их баяр наадам болох гэж байна. Төр, түмнээ хүндэтгэж баяр наадмын үеэр маргаан хийхгүй байхыг анхааруулсан. Бөхийн холбооны маргаан баяр наадамд нөлөөлөх учиргүй гэдгийг хэлсэн. Аваргууд маань санал нэг байгаагаа илэрхийлээд, маргаан будилаангүй сайхан наадам болно гээд гарсан. Тэгэхээр бөхийн холбооны маргаан тэдний дотоодын асуудал учраас наадам болдгоороо өргөн дэлгэр сайхан болно.

-Бөхийн шинэчлэсэн дүрмийг баталж, допинг хэрэглэсэн бөхчүүдийг барилдуулахгүй гэсэн байгаа. Энэ асуудал юу болж байна вэ?.

-Үндэсний их баяр наадмын бөх, харваачид сэргээшийн шинжилгээ хийлгэх журмыг шинэчлэн баталлаа. Сэргээшийн шинжилгээний сорьц авахтай холбоотой сургалт, сурталчилгааг бөх, харваач, багш дасгалжуулагч, эмч мэргэжилтэн нарыг хамруулан зохион байгуулсан. Мөн Дэлхийн допингийн эсрэг агентлагийн дүрэм журмын дагуу хүлээн зөвшөөрөгдсөн лабораторийн шинжилгээний дүнгээр сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон бөхчүүдийг энэ жилийн Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд барилдуулахгүй байх шийдвэрийг гаргасан.

Бөхчүүд маань энэ шийдвэрийг хүндэтгэн хүлээж авах байх аа. Баяр наадмаа будилаан, маргаангүй, шударга зохион байгуулах нь Үндэсний хорооны гишүүдийн үндсэн үүрэг. Энэ үүргээ эрхэмлэж ажиллахыг зорьж байна.

-Төв талбайд наадмын бэлтгэл дууссан уу. Энэ жилийн бүтээн байгуулалтын ажлын тухайд?

-Өнгөрсөн жилийн наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэн орчмоор худалдаа, үйлчилгээ, нийтийн хоол, хуушуурын 500 зөвшөөрөл олгож байсан бол энэ жил 400 болгож цөөрүүлсэн. Энэ нь наадамчдын тав тух, аюулгүй байдлыг хангах үүднээс явган хүний гарц, автомашины зогсоол зэргийг нэмэгдүүлсэнтэй холбоотой. М

өн Үндэсний их баяр наадмыг ард иргэдийн дөнгөж нэг хувь нь л Төв цэнгэлдэх хүрээлэнд үздэг. Харин 99 хувь нь телевизээр үзэж, радиогоор сонсч, хэвлэл мэдээллийн хэрэгслээр наадмын тухай мэдээллээ авдаг. Иймд баяр наадмын өдрүүдэд амралтгүй ажилладаг хэвлэлийнхний ажиллах боломжийг нэмэгдүүлэхэд анхаарах ёстойг холбогдох хүмүүст даалгаад байна.

Сэтгүүлч

Vip76.mn О.Батзаяа batzaya@vip76.mn